Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/51

 

 

Р.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: Р.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Р.Бт холбогдох, эрүүгийн 201710000083 дугаартай, 1 хавтас, 204 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Байшинтийн 3-8 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Бичээч овогт Р-ийн Б /РД: ЕГ79041614/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Р.Б нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 00 цагийн орчим Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Байшинтийн 3-8 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Батсуурийг хутгалсаны улмаас бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмэт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Р.Быг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бын цагдан хоригдсон 14 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Р.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Батсуурийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн иштэй 26,2 см урттай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй 26,9 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн иштэй 17,8 см урттай хутга 1 ширхэг,  хар өнгийн савхин куртик 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн 1 ширхэгийг устгахаар,                                                      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дүгээр сарын 11-ний шөнө Дэлгэрэх сумын төвд Б.Батсуурь цээжин хэсэгтээ хутгалагдсан гэмт хэрэг гарсан. Хохирогч Б.Батсуурь нь тухайн үед өөрийн дүү Өнөржаргал, Алтангэрэл нарт болон эмнэлгийн ажилтанд “би өөрийгөө хутгалчихлаа “ гэж хэлсэн байна. Гэтэл сүүлдээ хамт архи уусан багын найз Р.Б намайг хутгалсан болгож мэдүүлэг өгсөнөөр би одоо Батсуурийн бие эрхтэнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болоод байна. Би анхнаасаа л хууль үнэн зөвийг олж өгнө, үнэн үнэнээрээ сайхан. Би хутгалаагүй гэдгээ мэдэж байгаа. Манай гэрт Батсуурь цусаа гоожуулаад орж ирсэн, би тусламж үзүүлж боож өгөөд гэр өөд нь дөхүүлж өгсөн. Хохирогч Батсуурь бичиг үсэг мэдэхгүй, уншиж чаддагүй хүн юм байна. Гэтэл мөрдөн байцаагч Энхтүвшин 3 удаа байцаахдаа “ мөрдөн байцаагч өөрөө мэдүүлгийг уншиж өгсөнөөр гарын үсэг зуруулсан нь “ хэтэрхий нэг талыг барьсан байна гэж үзэж байна. Намайг шууд цагдан хорьсон, мөрдөн байцаагч хэргээ хүлээ, тэгвэл гаргана гэсэн би үнэнээ л хэлсэн. Би мөрдөнгөөс гараад нэг ч удаа гэр орондоо очоогүй, байнга л 3 сар Цагдаагийн гадаа сууж байсан. Батсуурьтай уулзах гэсэн. Шандад ирсэн атлаа худлаа яриад зугтаад надтай уулзаагүй.

Мөн мөрдөн байцаагч “ мэдүүлгийг газар дээр нь шалгах, хутга, эд зүйлд үзлэг хийх зэрэг 9 удаагийн үзлэг тэмдэглэлд хохирогч Батсуурьт уншиж өгөв гэж гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн, бодит үнэнийг шударгаар тогтоох зарчим зөрчсөн гэж үзэж байна.

Мөрдөн байцаагч, болон шүүх “ хутгалагдсан “ гэх үйлдэлд бодитой дүгнэлт хийгээгүй учир нь ямар цаг үед, ямар гэрэл гэгээ, үзэгдэх орчинд, хутгалагдсан “ хохирогч мэдүүлэгтээ ... намайг хутгалсан хутганы бариул нь эмтэрхий байгаагүй, гэх юм уу би хараад танина... гэж мэдүүлсэн зэрэг нь мөрдөн байцаагч бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан хөтөлж байцаасан байж болох, “ чи Быг хутгалсан гэчихээд ... одоо өөрөө өөрийгөө хутгалсан гэх юм бол чи өөрөө хэрэгт орно гэх зэргээр дарамт үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй байдал ч байдаг. Мөн шүүх хуралд ирэх үед нь уулзая гэсэн боловч “ хохирогч “ хуульд заасан үүргээ биелүүлж шүүх хуралдаанд ирсэнгүй. Манай өмгөөлөгчөөс болон Улсын яллагчаас “ хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар гаргасан “ хүсэлт “-ийг шүүх хүлээн авсангүй.

Р.Б намайг гэмт хэрэг хийгээгүй байхад хохирогчийн гүтгэсэн мэдүүлгийг үндэслэж ял шийтгэл ногдуулж байгаад үнэн голоосоо гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтанд буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан 12 материалыг хууль бусаар, байцаан шийтгэх ажиллагааг зөрчиж авсан байна. Өөрөөр хэлбэл цус авсан тухай тэмдэглэл /хх-10/, мэдүүлгийг газар дээр очиж танилцсан тухай /хх-12/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-28/, хохирогчийг байцаасан тэмдэглэл /хх-45/, шинжилгээнд явуулсан хувцас /хх-69/, хутга, Батсуурийн цус мөн эсэхийг тогтоолгохоор явуулсан тухай /хх-70/, шинжээчийн дүгнэлт /хх-81/, танилцуулсан талаар баримт /хх-99/, хэргийн материалыг танилцуулсан /хх-105/ энэ бүгдийг мөрдөн байцаагч би өөрөө уншиж өгсөн гэж байгаа. Ганц гэрч Өнөржаргал бичиг үсэг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Хэн нэгнийг бичиг үсэг мэдэхгүй байхад нь өмгөөлөх эрхээр хангаагүй. Тэр хүн өөрөө бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй, юу бичсэн, юу уншиж өгсөн талаар мэдэхгүй. Гол нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг байдаг. Бичиг үсэг мэдэхгүй, ганц хохирогч, гэрчийн мэдүүлгийг үндэслээд Б хутгалсан байна гэж үзэж болохгүй.  3 хутгыг таньж олуулж байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль зөрчсөн. Уншаад өгсөн ч байж магадгүй. Бид нарын санаанаасаа зохиогоогүй нэг зүйл нь хохирогч гэртээ очоод би өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн байдаг. Түүнийг Алтангэрэл, Өнөржаргал нар гэрчилж байгаа. 3 хутган дээр мөр болон цусны шинжилгээ хийсэн. Бын цус ч юм уу, хохирогчийн цус ч юм уу, нэг бол цус мэт хүрэн зүйл байна гэж үзэж байгаа бол тэр нь юуны цус юм бэ, гэмт хэрэг үйлдсэн байх гэвэл Б хэзээ хутгалсан юм гэх мэт эргэлзээ байдаг. Иймээс хохирогч өөрийгөө хутгалсан юм уу, үгүй юм уу, тийм магадлал байх уу, хувийн талаар шалгалт хийгээгүй. Архи уухаараа гэр орондоо агсам тавьдаг энэ үедээ хутга хэрэглэдэг өөрийгөө болон эхнэрээ хутгалсан гэсэн яриа байдаг. Энэ мэтийг мухарлаад шалгах ёстой байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцаах саналаа дэмжиж байна гэв.  

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Хохирогч Батсуурийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч Алтангэрэл, Ганбаатар, Өнөржаргал нарын мэдүүлэг, мөн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 122 шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цус авсан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгч Р.Бын үйлдсэн хэрэг нотлогдож байна гэж үзэн анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Бын хувьд тухайн үед гэмт хэрэг үйлдэгддэг өдөр хохирогчийг Өнөржаргалын гэрт байхад нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авч явж, хоёулханаа архи уусан байдаг. Ингэж авч явсан талаар Алтангэрэл, Өнөржаргал нар мэдүүлдэг. Шүүгдэгч, хохирогч нар тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгчийн гэрт архи ууж байсан талаар гэрээр нь орсон гэрч Аюушжав мэдүүлдэг. Хохирогч шөнийн 22 цагийн үед гараад явсан. Быг хутгалсан талаар анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Б намайг хутгалсан. Би хутгыг танина гэсний үндсэн дээр хутга таньж олуулах ажиллагаа хийсэн. Хутгалуулаад Өнөржаргалынд очихдоо би өөрийгөө хутгалсан гэдгийг анх хэлсэн байдаг. Энэ талаар нь асуухад би найзтайгаа 10 гаран жил найзалж байна. Найзыгаа бодож би өөрийгөө хутгалсан гэж мэдүүлсэн. Найз маань ядарсан юм байгаа юм гэж мэдүүлдэг. Хохирогч хэдийгээр бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаагч гарын үсэг зурж чадахгүй талаар баталгаажуулан тэмдэглэж явсан байгаа. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үзлэгийн явцад Бын шүүгээнээс 2 хутга илэрсэн. Хэргийн явцад хураан авч, дараа нь гэрч Ганбаатараас хохирогчийн хутгалагдсан хутгыг хураан авч эдгээр 3 хутгыг шинжилгээнд явуулж, хутганаас ямар нэгэн ул мөр илрээгүй гэж гарч ирсэн. Мөрдөн байцаалтанд уг хэргийг буцааснаар яг ямар ажиллагаа хийлгэх талаар өмгөөлөгч тодорхой юм хэлсэнгүй. Хохирогч Б хутгалсан гэж тогтвортой мэдүүлдэг учраас хутгалсан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд хоорондоо уялдаж байна гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Р.Б нь Б.Батсуурийг гэртээ аваачиж хамт архи ууж согтуурсан үедээ түүний цээжний зүүн хэсэгт хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан тул Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэжээ.

Шүүгдэгч Р.Бын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Б.Батсуурийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн хэсгийн төлөөлөгч Б.Ганбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биеийн гэмтлийн талаарх гаргасан 122 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан,  хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна.

Шүүгдэгч Р.Б өөрт холбогдох гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэл, нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй байна.

Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нараас өөр хөндлөнгийн гэрч болох хүн байгаагүй, энэ 2 хүн хамт байсан гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн болон шүүгдэгчийн хажуу айлын хүн болох Аюушжав нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа, шүүгдэгч, хохирогч нар нь 1 шил 0.75 гр-ын архийг хувааж ууж согтуурсан байсан боловч тухайн цаг хугацаанд ямар үйлдэл гаргаснаа хавтаст хэрэгт шударгаар мэдүүлсэн байдал, гэмт хэрэг гарсны дараа хэргийн газарт хийсэн хэсгийн төлөөлөгчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Р.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгчийг бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч Б.Батсуурь, гэрч У.Өнөржаргал нар нь бичиг үсэг мэдэхгүй учир мөрдөн байцаагч байцаалтын тэмдэглэлийг хөндлөнгийн этгээдүүдийг байлцуулан тэдгээр хүмүүсээр уншуулж хохирогч, гэрч нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан нь мөрдөн байцаалтын тэмдэглэлүүд / хх-ийн 23-29, 45-48/ -ээр тус тус тогтоогдож байгаа ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 28.1, 28.3-т заасан мөрдөн байцаалтын тэмдэглэл үйлдэх, тэмдэглэл танилцуулах ажиллагааг тус тус хуульд заасан үндэслэлээр явуулсан нь тогтоогдож байна.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар шүүгдэгчид ашигтай байдлыг бий болгох нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй, шүүгдэгч шинээр илэрсэн нөхцөл байдал гаргаж ирээгүй тул шүүгдэгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад  буцаалгахыг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд  “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”, “ эсхүл шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах” зэргээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж болох заалтыг анхан шатны шүүх буруу хэрэглэж 2002 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж уг хуулиар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс  хэрэгжиж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийцүүлэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тухайн гэмт хэрэгт оногдуулах ял нь торгох болон 2-8 жилийн хорих ялтай болж хорих ялын доод хэмжээ нь багассан байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлж хасах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд шүүгдэгч Р.Бт холбогдох гэмт хэргийн ял шийтгэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасч 2 жилийн хорих ял оногдуулж,  энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Бичээч овогт Р-ийн Быг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,

“Шүүгдэгч Р-ийн Быг Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дугаар заалтыг “Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

 “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтын “... 3 жил 5 сарын ... ” гэснийг “2 жилийн” гэж, тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Р.Бын цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС