Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0048

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

М.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч М.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Б, гуравдагч этгээд “Б э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 627 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, М.Э нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 627 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э, Д.Б нараас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан № А/4571.29 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсан үйлдэл болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан шинжээчийн зардалд гарсан 2.800.000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж, тус шүүхийн Төрийн сан дахь 100900005007 тоот дансанд төвлөрүүлж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжийн 35.100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 0627 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд барилгын ажлын зураг нь тухайн барилгын хийц бүтээцийн талаар тусгагдсан зураг байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын хаалга, цонхны хэмжээ, цахилгаан шат гэх зүйлийг тусгасан зураг нэхэмжлэгч нарын маргаж буй нарны ээвэрлэлт, тусгалтай хамааралгүй байна ... Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад комиссын бүрэлдэхүүний талаар тусгасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэжээ.

а/ Гуравдагч этгээдийн хувьд маргаж буй эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилга барихын тулд холбогдох хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой дэс дарааллын дагуу зөвшөөрөл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Тухайлбал: Архитектур төлөвлөлтийн даалгавар авах, эскиз зураг батлах, техникийн нөхцөл авах, ажлын зураг батлах, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах ...

Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой, шат дараалалтай, нэгийг нь авсны дараа үндэслэж дараагийнх нь олгогддог онцлогтой. Өөрөөр хэлбэл:

Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдана, архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж эскиз зураг батлагдана, архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зураг хоёрыг үндэслэн техникийн нөхцөл олгогдоно, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, техникийн нөхцөл зэргийг үндэслэн ажлын зурагдаж батлагдана, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, техникийн нөхцөл батлагдсан ажлын зураг зэргийг үндэслэн барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоно, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, техникийн нөхцөл, батлагдсан ажлын зургийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж барилга байгууламжийг ашиглалтад оруулна.

Эдгээрээс харахад шат дараалласан уялдаа холбоотой, нэгийг нь үндэслэн дараагийнх нь олгогддог захиргааны үйл ажиллагааны зарим нь хууль бус, үлдсэн нь хууль ёсны байх боломжгүй. Маргаж буй 2 барилгатай холбоотой явагдсан захиргааны үйл ажиллагаа нь эхнээсээ дуусах хүртлээ хууль бус, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Маргаж буй эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын ажлын зураг олон бүрдэл хэсэгтэй. Үүнд:

ерөнхий төлөвлөгөөний өндөржилт, барилга архитектур, барилгын бүтээц, халаалт салхивч, цэвэр бохир ус, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, автоматик, холбоо дохиолол, инженер геологийн судалгаа гэх мэт.

Хавтаст хэрэгт эдгээр зургууд авагдсан байхад ажлын зургийг зөвхөн тухайн барилгын хийц бүтээц байдаг мэтээр үнэлэлт дүгнэлт хийж, түүндээ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэх үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын зургийн дагуу баригдаж, байнгийн ашиглалтад хүлээн авсан хоёр барилга нь нэхэмжлэгч нарын цонхоор тусах нарны гэрлийг бүрэн хааж, нарнуу шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөөгүй болгож, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг алдагдуулсан.

Бодит байдал ийм байхад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэнд гомдолтой байна.

Маргаж буй ажлын зураг болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт нь 2008 оны Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм, Барилгын норм ба дүрмийн холбогдох зүйл заалт хэсгийг ноцтой зөрчиж, үүний үр дагаварт нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан байхад хууль зөрчөөгүй гэх үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Гуравдагч этгээдийн зүгээс эрх бүхий байгууллага албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй, хууль бусаар маргаж буй хоёр барилгыг барьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Хариуцагч үүнийг мэдсээр байж санаатайгаар хууль бусаар барилгыг хүлээн авсан.

Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч тал төрийн байгууллага албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэтэрхий удаашралтай байсны улмаас аргагүйдэн, гуравдагч этгээдийн өмнө хүчгүйдэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Шүүх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүссэн захиргааны хэргийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн бол маргаж буй тус бүрдээ 17 давхар хоёр барилга баригдаж дуусаад, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/30 акт гараад, оршин суугчид нүүж ороод, өмчлөх эрхээ баталгаажуулан улсын бүртгэлийн гэрчилгээ авах нөхцөл байдал үүсхэгүй байх байсан.

Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Иргэн М.Э , Д.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцож буй Д.Сэвжидмаа миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0627 дугаар шийдвэрийн зарим хэсгийг буюу “Тогтоох” хэсгийн 1-д “ ... Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э, Д.Б нараас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан №А/457-1.29 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож ... " гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна . Үүнд:

1. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд “Нэхэмжлэгч М.Э, Д.Б нар нь маргаан бүхий актыг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болон 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба 02/3265, 02/3304 тоотоор гомдлын хариуг өгсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж хэргийн үйл баримтыг дутуу буюу буруу үнэлсэнд гомдолтой байна.

Учир нь, нэхэмжлэгчид 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт (тухайн үеийн нэрээр ) хандаж “СБД-ийн 1-р хороонд “Б э эмнэлэг” ХХК-ийн барьж буй 17 давхар барилгын ажлын зөвшөөрлийг хэдэн оны ямар захирамжаар олгосон болох, мөн өөрсдийн эрх ашгийг хөндөж буй тухайд гомдол гаргахад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б э нүдний эмнэлэг” ХХК-ийн үйлчилгээ, эмнэлэг, орон сууцны барилгын зориулалтаар 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг төсөл батлагдсан байна. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авсан байна” гэж хариу өгсөн талаарх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн цахим системээс хэвлэгдсэн Бүртгэл хяналтын карт хэрэгт авагдсан байхад шүүх энэ талаар ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчид ийнхүү 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гарсан гэдгийг мэдсэн атлаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас хойш, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан журмыг зөрчиж буюу гомдол гаргах хугацааг 4 сараар хэтрүүлэн 2015 оны 09 дугаар сарын 15 ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна. (хэргийн 1 дүгээр боть, 20 дугаар хуудсанд ) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасныг нэхэмжлэгчид зөрчсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн атал анхан шатны шүүх “ ... 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах байсан боловч нэхэмжлэгч нар нь уг хугацаанд гомдлоо гаргаагүй, дээд шатны захиргааны байгууллага уг хугацааг харгалзалгүйгээр урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан гомдлыг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн боловч дээд шатны захиргааны байгууллага түүнийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Гэхдээ нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасан хугацааны дотор дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ...” хэмээн буруу дүгнэсэн. Захиргааны актад хуулийн зохицуулалтаар гомдол гаргах хугацааг 30 хоногийн дотор байхаар тогтоож өгсөн бөгөөд гомдол гаргагч энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол гомдол гаргах эрхээ алдах хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх дүгнэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан этгээд нь захиргааны байгууллагад ямар ч хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан байхад тухайн байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн бол хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв , эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчим , мөн түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. 2.1.Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын ( ээвэрлэлтийн ) хангамж БНбД 23-04-07 барилгын норм ба дүрмийн 3.3-т: “Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно” гээд шинээр баригдах барилгын цонхоор тусах нарны тусгалын үргэлжлэх хугацааг нормчилж өгсөн. Гэтэл шүүхээс томилогдсон шинжээчид болон бусад хэрэгт авагдсан мэргэжилтнүүд дээрх норм ба дүрмийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт гаргахаас гадна барилгын норм ба дүрэмд заасан аргачлалаар нарны ээвэрлэлтийн тооцоог гаргаагүй, илт буруу, үндэслэлгүй дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон “... шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй хэдий ч агуулгын хувьд маргаан бүхий барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнийг үндэслэн батлагдсан эскиз зураг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг дүгнэсэн байна ...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2.2-д Онцгой байдлын ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актад хамаарах шинээр баригдсан барилгын зураг төсөлд хяналт хийж гаргасан дүгнэлтээр тус барилга нь галд тэсвэршилтийн II зэрэгт хамаарч байгаа ба шүүхээс томилогдсон шинжээч болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хэмжилтээр маргаан бүхий захиргааны актад хамаарах барилга нь нэхэмжлэгчдийн оршин сууцны байрнаас 44м зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 4 дүгээр хавсралтад барилгын гал тэсвэршилтийн зэргээс хамаарч барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 6м-10м зайтай байх шаардлагыг хангаж байгаа нь шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Барилга хоорондын зайн шаардлага ийнхүү хангаж байхад зөвхөн нарны тусгалын үргэлжлэх хугацааны норм хангахгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх буруу дүгнэсэнд гомдолтой байна. Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0627 дугаар Шийдвэрийн зарим хэсгийг буюу “Тогтоох” хэсгийн 1-д: “... Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 , 12 дугаар зүйлийн 12.1.1 , 12.1.2 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э , Д.Б нараас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан А/457-1.29 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож ...” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож , нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад  шийдвэрт нэхэмжлэгч М.Э нарын нэхэмжлэлийн “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд “Б э” ХХК, “М к” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “Б э” ХХК-аас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр № А/4571.29 дугаартай 28,0м х 25,0м 2 блок 17 давхар, 17,0м х 21,0м, 25,0м х 6,1м 2 давхар эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталж, улмаар Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дүгээр магадлалын ерөнхий дүгнэлтээр “Б э” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий 2, 17 давхар барилгын ажлын зургийг хянаж, магадлан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 дугаар актаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “М к” ХХК-ийн захиалгатай 130 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 136 айлын орон сууцны барилгыг орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэн ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч М.Э нар нь дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зургийг хүчингүй болгуулахаар хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 02/3265[1], 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 02/3304 дүгээр албан бичгээр хариу авч, шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “... улсын байцаагчийн дүгнэлт гарсан ... шалгалтаар дараахь зөрчил илэрсэн ... “Б э” ХХК-ийн орон сууцны 17 давхар, 2 давхар үйлчилгээний барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 4 орцны хана хүртэл 14,2 м.кв зайтай төлөвлөж барьсан нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ын 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн ... нэхэмжлэгч нарын амьдардаг ... байрны ... цонхоор тусах нарны гэрлийг ... бүрэн хаасны улмаас нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан ...” гэсэн үндэслэлээр “Б э” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүртээ 17 давхар өндөр хоёр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол 3 гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч М.Э нар нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 09 дүгээр сарын 18, 22-ны өдрийн хариуг эс зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, нэгэнт захиргаан байгууллагаас хариу өгсөн, нэхэмжлэгч захиргаан байгууллагын хариуг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасан хугацааны дотор дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүх нэхэмжлэгч М.Э нарын “Б э ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг баталсан үйлдэл, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэршлээр/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-той холбоотой хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг”, 4.1.43-д “эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээснүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Барилгын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 11.1.3-т “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна”, 12.1.1-д “Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 12.1.2-т “эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 34.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34.1.6-д “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах”, 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.2-т “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм (Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор хүчингүй болсон)-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барилгын тухай хуулийн 3.1.4-т заасан инженерийн хийцтэй бүх төрлийн байгууламж (цаашид “барилга байгууламж” гэх)-ийг ашиглалтад оруулах үйл ажиллагааны явцад барилга байгууламжийг ашиглалтад  оруулах комисс (цаашид “комисс” гэх)  ажиллана”, 4.12.2-т “комиссын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргана. Энэхүү шийдвэр нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна”, 4.12.3-д “комисс гишүүдийн 2/3-оос доошгүй нь ирснээр ажиллана. Комиссын гишүүд мэргэжлийн чиглэлээрээ дараахь үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг танилцуулж ажиллана” гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах болон ашиглалтад оруулахад бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг, баримтын жагсаалт”-ын хүснэгтийн Б-д Барилга байгууламжийг ашиглалтад оруулахын өмнө бүрдүүлсэн байх бичиг, баримтуудын 1-д “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, 2-т “Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт”, 3-т “Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа”, 4-д “Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01)” байхаар, мөн Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралт болох “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.1-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс  дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 4.1.2-т “барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг  ... хянаж дүгнэх, 4.1.3-т “хүрээлэн байгаа орчны болон ... галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх”, 4.1.7-д барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх” гэж тус тус заажээ.

Дээрх хууль, дүрмийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо тухайн барилгын улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх эсэхийг буюу зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх зэрэг барилга байгууламжийн талаарх бүхий л норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан эсэхийг мөн барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх зэрэг хууль журмаар тогтоосон шаардлага хангагдсан эсэхийг хянаж холбогдох зөвшөөрлүүд олгогдохоор байх бөгөөд баригдаж дууссан барилгыг улсын комисс хүлээн авахдаа эдгээр хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэхийг бүхэлд нь хянах үүрэгтэй байна.

Хэдийгээр энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээд “Б э” ХХК, “М к” ХХК-ийн барьсан гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “М к” ХХК-ийн захиалгатай 130 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 136 айлын орон сууцны барилгыг орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалт бүхий барилгын газрын зөвшөөрөл, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй маргаагүй байх боловч нэхэмжлэгч нарын барилгад тусах нарны гэрлийг хааж энэ талаарх холбогдох норм нормативын шаардлага хангагдаагүй, буюу зэргэлдээ орших барилга, байгууламжийн хэвийн нөхцөлийг алдагдуулсан байхад  зөрчигдсөн, оршин суугчдын ая тухтай байдал  байхад эрх бүхий төрийн захиргааны байгууллага уг барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталсан нь мөн уг барилгыг улсын комиссод хүлээн авсан нь хууль журамд нийцэхгүй байна гэж үзлээ.

 Хэрэгт авагдсан “Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр тодорхойлсноор М к ХХК /РД:5477646/-ийн барьсан 17 давхар орон сууцны одоо эзэмшиж буй 2242 м.кв талбайтай газар, 4-р байрны одоо ашиглаж буй 1121 м.кв талбайтай газруудын барилга хоорондох зайг хэмжиж үзэхэд: 17 давхар орон сууцны баруун хойд булан /усан бассейн гэх/-аас 4-р байр хүртэл 14 метр, 17 давхар орон сууцны хойд догол /орон сууцны өндөр хэсэг/-оос 4-р байр хүртэл 44 метр байна ...” гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн  газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/2016 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар томилогдсон шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт[2],  “... шинээр төлөвлөгдөж баригдсан өндөр барилгууд нь одоо байгаа 5 давхар барилгын оршин суугчдын тохитой амьдрах нөхцөлийг алдагдуулсан нарны тусгалын болон архитектур төлөвлөлтийн хувьд зөрчилтэй шийдэл болсон ...” гэх Барилга, зуучлалын “Жилкомпроект” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай “Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт байрлах 4 дүгээр байрны IV орцны 47, 56 тоот байрны талаархи барилга архитектурын дүгнэлт”[3], “... Нарны ээвэрлэлтийн тооцоогоор одоо байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 4 дүгээр байрны 47, 56 тоот айлуудад 30-50 минут нарны тусгал тусаж байна ... Энэ нь Орон сууц олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн хангамж/ БНбД 23-04-07-ын 3.6-д 2.5 цагаас багагүй байх гэж заасныг хангахгүй ...” гэх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн архитектор Б.Хашчимэг, улсын байцаагч Т.Батсүх нарын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №03 дугаар шинжээчийн дүгнэлт[4], “... Сүхбаатар дүүргийн 1-р хороонд баригдсан 220К хэмээх 17 давхар барилга нь 4-р байрны иргэн Д.Б, М.Э нарын сууцнуудын цонхоор тусах нарыг хаах эсэхэд шинжилгээ хийж үзэхэд, БНбД 23-04-07 нормын дагуу цонхоор нарны шууд тусгал 2 цаг тусах ёстой байтал нэг минут ч тусахгүй байгаа нь эдгээр айлуудын нормативт эрх ашиг ноцтой зөрчигдсөн байна ... 220К барилгыг барихдаа БНбД 23-04-07 нормын 3.3-т Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэхгүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно гэснийг зөрчсөн байна ...” гэх “Өрнөлтпроект” ХХК-ийн захирал Ш.О, Монгол Улсын зөвлөх архитектор Д.Цэвэлмаа нарын 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 220 мянгатын 4-р байрны 47, 56 тоот сууцны нарны дүгнэлт”[5],  “... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 4 дүгээр байрны зүүн талд байршуулан Б э эмнэлэгт Эмнэлэг, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 17 давхар барилга нь баруун талд байрлах орон сууцны 4-р байрны 1-р орцны 1 давхрын 47 тоот, З давхрын 56 тоот сууцны цонхоор тусах нарны тусгалыг хязгаарлан БНбД 30-01-04 дугаар норм ба дүрмийн заалт 2.11-д “Орон сууц хоорондын.орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц,үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу/, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн /Орон сууц,олон нийтийн барилга,сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 дугаар норм ба дүрмийг /заалт 3.1, 3.3, 3.5, 3.6, 4.1./ зөрчсөн байна ...” гэх “Ц-А” ХХК-ийн зөвлөх архитектор Ц.Б-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01 дүгнэлт[6]-үүдээс үзэхэд гуравдагч этгээд “Б э” ХХК, “М к” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “М к” ХХК-ийн захиалгатай 130 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 136 айлын орон сууцны барилгыг орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалт бүхий барилгын улмаас зэргэлдээ байранд амьдардаг нэхэмжлэгч М.Э нарын эрүүл аюулгүй орчинд тохитой амьдрах нөхцөл алдагдсан, нарны тусгалын болон архитектур төлөвлөлтийн хувьд зөрчилтэй болох нь тогтоогдсон байх тул Нийслэлийн барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № А/457-1.29 дүгээр архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль болон дүрэмд нийцсэн гэж үзэхээргүй байна.

Шүүх Нийслэлийн барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № А/457-1.29 дүгээр архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, гуравдагч этгээд  “Б э” ХХК, “М к” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “М к” ХХК-ийн захиалгатай 130 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 136 айлын орон сууцны барилгыг орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалт бүхий барилгын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн хууль бус Нийслэлийн барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № А/457-1.29 дүгээр архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийн дагуу баригдсан барилгыг хүлээн авч, ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 Иймд Нийслэлийн барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № А/457-1.29 дүгээр архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдэл болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн “Б э ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдэл болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэршлээр/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд нар нь хэрэгт авагдсан дээрх дүгнэлтүүдийг гаргасан мэргэжилтэн, эрх бүхий байгууллагын дүгнэлт хийх эрхтэй маргаагүй бөгөөд шүүх мэргэжлийн байгууллагын гаргасан  шинжээчийн дүгнэлтүүдийг холбогдох норм, дүрмийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй тул шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс томилогдсон шинжээчид болон бусад хэрэгт авагдсан мэргэжилтнүүд дээрх норм ба дүрмийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт гаргахаас гадна барилгын норм ба дүрэмд заасан аргачлалаар нарны ээвэрлэлтийн тооцоог гаргаагүй, илт буруу, үндэслэлгүй дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг ойлгохоор заасан.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд барилгын ажлын зураг гэдэг нь тухай барилгын хийц бүтээцийн талаар буюу тухай барилгын хаалга, цонхны хэмжээ, цахилгаан шат гэх зүйлийг тусгасан зураг бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын “Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр Б э ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын ажлын зураг баталсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 780 дугаар захирамжаар “Б э” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар 2 барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлт, эскиз болон ажлын зургийг М.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байх бөгөөд мөн оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6734 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байх боловч гуравдагч этгээд нь шүүхээс архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлт, эскиз болон ажлын зургийг түдгэлзүүлсэн цаг хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон нөхцөл байдал гаргасан нь тогтоогдсоныг тэмдэглэв.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд “Б э” ХХК, “М к” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 627 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э, Д.Б нараас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан № А/4571.29 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдэл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/30 тоот актыг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд “Б э” ХХК, “М к” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                  

 

 

ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

 

[1] 1-р хавтаст хэргийн 16 дахь тал

[2] 2-р хавтаст хэргийн 172-175 дахь тал

[3] 2-р хавтаст хэргийн 195-202 дахь тал

[4] 2-р хавтаст хэргийн 239-242 дахь тал

[5] 3-р хавтаст хэргийн 90-95 дахь тал

[6] 4-р хавтаст хэргийн 28-35 дахь тал