Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 135

 

 

                                                           

 

 

 

   

  2020        02          11                                2020/ШЦТ/135

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнгэт овогтой Ариунаагийн Мд холбогдох эрүүгийн “1911032450057” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын Их дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 20-66 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Мэнгэт овогт А М /..................

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Аманболын төвөнх, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Мөнхбилэг бүжгийн талбай дээр хүнд цохиулж байхаар нь найзыгаа өмөөрөөд салгах санаатай очтол одоо хохирогч гэх Аманбол гэх залуу миний зүүн нүд рүү нэг удаа цохичихоор нь буцаагаад түүний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохисон. Би түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 32х/,

Хохирогч Б.Аманбол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цагийн үед гараад Тайгер гэдэг бааранд орсон юм, бааранд ороод нэг шил архи захиалаад ганц хоёр татчихаад бүжгийн талбай дээр Энх-Амгалантай бүжиглэж байтал үл таних 3 залуучууд хажууд ирээд бүжиглэхдээ нэг залуу нь манай найзын хөл дээр гишгэсэн, гэтэл Энх-Амгалан муудалцах шинжтэй эргэж харангуут нь би янз бүрийн юм болчихов гэж бодоод дундуур нь ортол тэр залуу юу ч хэлээгүй миний хоолойн төвөнх рүү гараараа атгаж байгаад цохисон, гэтэл миний төвөнх цаашаа, амьсгаа боогдоод, толгой эргээд юм ярьж чадахгүй болчихоор нь амаа нээхгүй амьсгаагаа түлхэхэд төвөнх минь наашаа гарч ирсэн, хэрвээ би амаа нээхгүй амьсгаагаа түгжээгүй байсан бол хүн шууд үхдэг гэсэн. Тэгээд тэр залуугийн араас хөөе яаж байгаа юм бэ гэтэл үгийн зөрүүгүй шууд миний нүүр болон хамар луу 4-5 удаа цохисон. ...миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан...” гэх /хх-ийн 12-13х/,

Гэрч С.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үл таних залуучуудын нэг нь Эрболотын хөлөн дээр нь гишгэсэн. Гэтэл Эрболот эргээд харахаар нь би ямар нэгэн зодоон болчихов гэж бодоод Эрболотыг цааш нь аваад ширээн дээр суулгахаар явсан. ... буцаад ирсэн чинь Аманбол бүжгийн талбай дээр зодуулаад хамарнаас нь цус гарчихсан, хамгаалагч нь нөгөө зодсон залууг салгаад зогсож байсан..." гэх /хх-ийн 14х/ ,

Гэрч Ч.Мөнхбилэгт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би бүжиглэж байгаад санамсаргүй хэн нэгнийх нь хөлөн дээр гишгэсэн юм уу эсвэл бүжиглэж байхдаа хэн нэгэнд хүрчихсэн юм шиг байна лээ. Энэ асуудлаас болоод тэр хохирогч гэх залуу миний толгой руу цохиж байхад М ирээд намайг өмөөрөөд тэр залуутай маргалдсан. Хэн хэн нь яаж зодсоныг хараагүй. ...гадаа гараад зогсож байхад намайг цохисон гэх залуугийн хамарнаас цус гарчихсан гарч ирсэн...” гэх /хх-ийн 52х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 176 дугаартай

Б.Аманболын биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

 Иймд шүүгдэгч А.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.   

Хохирогч Б.Аманбол хавтаст хэрэгт баримтаар хохирол 217,800 /хоёр зуун арван долоон мянга найман зуу/ төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч А.Мос гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Мэнгэт овогт Ариунаагийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 600 нэгж буюу 600,000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мос 217,800 /хоёр зуун арван долоон мянга найман зуу/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 4А-29 тоотод оршин суух хохирогч Б.Аманбол /БК90040513/-т олгосугай.  

5. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД