Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 107

 

                                   

 

 

 

 

 

2020        01          31                                   2020/ШЦТ/107        

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

Иргэдийн төлөөлөгч Н.Оргилсайхан,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Чимэдцэеэгийн Дт холбогдох эрүүгийн “1911000001018” дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Ширээ нурууны гудамжны хөдөө тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 20 дугаар гудамжны 481 тоотод түр оршин суух хаягтай,

Урьд 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн 2 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлэхээс 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7 сар 7 хоногийн хорих ялыг тэнссэн сулласан,

2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 7 сар 13 хоногийн хорих ялыг тэнссэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Б овогтой Ч...............

Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Есөн эрдэнэ” дэлгүүрийн үүдэнд хохирогч Л.Отгоны халааснаас “Самсунг А-50” маркийн 777,600 төгрөгний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг,

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Цагаан байрны 62 дугаар гудамжны 12 тоот хашааны гадаа Ц.Лхагвасүрэнтэй маргалдан цээжний хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: 

шүүгдэгч Ч.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв,

шүүгдэгч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнж 20-481 тоот хашаанд ганцаараа амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ архи ууж байгаад 0,5 граммын архины тал нь үлдсэн байсан. Маргааш нь үлдсэн архиа ганцаараа уучихаад Лхагвасүрэнгийн гэрт Батболортой уулзах зорилготой 09 цагийн орчим очсон чинь Лхагвасүрэнгийн хаалга нь онгорхой боловч гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь эргээд гарах гэсэн чинь урдаас Лхагвасүрэн гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь би гэрт нь буцаад суусан араас Батболор ороод ирсэн. Батболор, Лхагвасүрэн нар нэг шил 0,75 граммын “Хандгай” нэртэй архи барьж орж ирсэн. Тэгээд бид 3 хувааж уусан. Бид гурав урьд шөнө нь архи уусан, өглөө нь бас тал шил архи уучихсан байсан учраас тэр архиа арай бараагүй унтаад өгсөн байсан. Гэтэл нэг сэргэхэд толгой руу өшиглөөд байсан болохоор би нүүрээ хамгаалж дарж байгаад өндийгөөд ирэхэд нүүр нил цус болчихсон байсан болохоор өндийг ирсэн түүнээс хойш юу болсон талаараа би мэдэхгүй. Нэг сэрэхэд хашаан дотор намайг нэг залуу дарчихсан та хүн хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Энэ үед эмч нар ирчихсэн дамнуурга дээр Лхагвасүрэнг аваад явж байсан. Би цагдаа нарт баригдаад саатуулах байранд хоносон юм. Үүнээс өөр зүйл би санахгүй байна...”,

 “...Би тухайн үед согтуу 7 буудал ормоор явж байхад машины хажууд нэг эмэгтэй хүн доошоо хараад сууж байхаар нь явж очоод юм ярьж байгаад босоод явах гэхэд гар утас нь халаасанд нь ил харагдаж байхаар нь гар утсыг нь аваад цаашаа эргээд явах гэхэд хажуугаар нэг залуу гарч ирээд намайг сугадаад аваад явсан. Цаана очоод надаас гар утсыг авсан. Ийм л асуудал болсон ...” гэх /1-р хх-ийн 05-06х, 193-195х/ гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Отгоны цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 204х/,

Хохирогч Л.Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын эцэст байрлах “Есөн Эрдэнэ” дэлгүүрийн хажуу талын төмөр сэрдийсэн байхаар нь тэрийг янзалж байсан чинь нэг согтуу хүн ирээд би танд туслах уу гэхээр нь би хэрэггүй цаашаагаа яв гэсэн чинь тэр залуу яваад өгсөн. Тэгээд би “Есөн-Эрдэнэ” төв рүү орчихоод буцаж гараад явсан. Тэр хооронд ерөөсөө гар утас дугарахгүй болохоор нь гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд дэлгүүрийн камер үзэхэд надад туслах уу гэж байсан залуу миний гар утсыг аваад явчихсан байсан. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх /1-р хх-ийн 213-216х/,

Дамно ХХК-ны үнэлгээний тайлан “...Самсунг А 50 гар утас 777,600 төгрөг..” /1-р хх-ийн 225-226х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 207-21х/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх-ийн 205-206х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 10-20/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Аав 1964 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Дээрээ 2 эгч доороо 2 эрэгтэй дүүтэй айлын дунд хүү байсан. Нэг эгч 2 дүү нь нас барсан. Надад хэлснээр аав, эгч дүү нарын хамт эцэг, эх байхгүй асрамжын газарт өссөн гэж ярьдаг. Миний хувьд 2006 онд 1 сар орчим аавын гэрт хамт амьдарч байсан. Түүнээс хойш ирэн очиж явдаг байсан. Гомдолтой байна...” гэх / 1-р хх-ийн 44-45х/,

Гэрч Э.Ануужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.Лхагвасүрэн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 11 цаг 10 минутанд манай эмнэлэгт 103-аар хүргэгдэн ирсэн, ирэх үеийн биеийн байдлын талаар гэвэл биеийн байдал маш хүнд мөчдөд пүүлс тодорхойлогдох мөн артер тодорхойлогдоогүй, асуусан асуултанд тодорхой зөв хариулж чадахгүй цус алдалтын шокын байдалтай ирсэн...” гэх / 1-р хх-ийн 46- 47х/,

Гэрч Д.Норовсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай гэрт Болормаа гэх архи уудаг эмэгтэй орж ирээд ахаа гадаа хүн хутгалуулчихлаа та цагдаа дуудаад өгөөч гэхээр нь юу болсон юм бэ гэж сонирхоод гарч ирээд хартал манай 61 дүгээр байрны 12 тоотод амьдардаг нилээн архи уудаг Лхагвасүрэн гэх залуу гэрийнхээ гадаа үүдэнд дээш харчихсан биеийнх нь урд хэсэгт жаахан цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгтөл удалгүй цагдаа 103 ирж авч явсан. “...гарч ирээд юу болов оо гэж асуутал Болормаа гэх хүүхэн нь хажуудаа зогсож байсан Д гэх хүнийг зааж байсан..." гэх / 1-р хх-ийн 48-49х/,

Гэрч Б.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дэслэгч Б.Амаржаргалын хамтаар очиход Д гэх этгээд хашаанаас гарч зугтсан байсан ба мэдээлэл авч араас нь хөөн явж баривчлаад буцаагаад хашаа руу оруулаад гавласан ба харин галийгаач Лхагвасүрэн нь тухайн үед байшингийнхаа үүдэнд дээшээ харсан байдалтай газарт хэвтэж байсан ба тухайн үед амьд сэрүүн цээжний гол хэсэгт болон зүүн хөхний доод хэсэгт тус тус хутгалуулсан байдалтай, цус гоожиж хатсан байсан гэх / 1-р хх-ийн 50-51х/,

Гэрч Б.Батболор мөрдөн шалгах ажиллаанд мэдүүлэхдээ: "...Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед Цагаан байранд байдаг талийгаач Лхагвасүрэнгийн гэрт очсон. Намайг очих үед Лхагвасүрэн ганцаараа байж байсан. Гэтэл Лхагвасүрэн би өнөөдөр ажилдаа явсангүй. Манай гэрт умс кита байна үүнийг аваад Дын гэрт очоод чанаж идээд ганц юм ууя гэсэн. Тэгээд бид хоёр умс китагаа аваад худгийн хажуугийн дэлгүүрээс нэг шил 0,75 граммын Стандарт нэртэй архи нэг ундаа аваад Дын гэрт очсон. Бид хоёрыг очиход Дын гэр цоожтой байхаар нь буцаад явж байгаад худаг дээр Д Бүдүүн Амараа нартай тааралдсан. Бид дөрөв буцаад Дын гэрт очоод махаа чанаж идээд нэг шил архиа хувааж уусан. Амараа архи уухгүй түрүүлж гараад Д бид гурав үлдээд уусан. Архи ууж байхад Д, Лхагвасүрэн рүү уурлаад чи одоо манайхаас зайл гээд хөөгөөд байсан. Тэр үед Лхагвасүрэн юу ч хэлэхгүй суугаад байсан. Архи ууж дуусаад Лхагвасүрэн бид хоёр гараад явсан... ...Лхагвасүрэнгийн гэрт ороод байж байтал Д араас орж ирэхэд Лхагвасүрэн чи сая намайг гэрээсээ хөөгөөд гаргасан. Чи одоо юугаа хийдэг юм яваач гээд хөөгөөд явуулсан. Лхагвасүрэн би дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд гараад явсан. Би гадаа хүлээгээд сууж байтал Лхагвасүрэн автобусны буудлын дэлгүүрээс 1 шил архи авлаа гээд бариад ирж байсан. Гэтэл Д нарийн гудмаар гарч ирээд Лхагвасүрэнтэй барьцалдаж авах үед Лхагвасүрэн барьж явсан архиа унагаачихсан. Тэгэхээр нь би архийг нь аваад хашаа руу ороод гэрийн үүдэнд модны хажуу талд тавьчихаад эргээд харахад Лхагвасүрэн хашаа руу орж ирээд дээшээ хараад гэрийнхээ үүдэн дээр уначихсан. Араас нь Д хутга барьчихсан орилоод ороод ирэхээр нь би юу болж байгаа юм бэ чи хүн алчихлаа ш дээ гэсэн чинь чамайг бас ална шүү гээд орилоод наад шарх чинь юу ч биш юун сүртэй юм бэ гээд байсан. ...Д барьж явсан хутгаа жорлон руу шидсэн...” гэх / 1-р хх-ийн 58-60х/,

Гэрч С.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д ах хашаа руу ороод Лхагвасүрэн ахыг харчихаад баруун гартаа барьж байсан хутгаа Норовсамбуу ахын жорлонгийн нүх рүү шидчихээд буцаад явсан. Энэ үед Норовсамбуу ах наадахаа барьж байгаарай цагдаа дуудчихсан гэсэн...” гэх / 1-р хх-ийн 63-64х/,

Гэрч Б.Доржпалам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төгөлдөр бид хоёр хашаанд ороход Д гартаа эрээн хутга барьчихсан зогсож байсан..” гэх  / 1-р хх-ийн 66-67х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 76-80х /

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2114 дугаартай шинжилгээгээр

“...Талийгаач Ц.Лхагвасүрэнгийн цогцост зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээн зүүн ховдол руу нэвтэрсэн урдаас арагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хэсэг 2,3 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтлүүдээс цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан гэмтлийн хүнд зэрэгт, цээжний зүүн хэсэг 2,3 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн, зулгаралт, цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Талийгаач нь зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээн зүүн ховдол руу нэвтэрсэн урдаас арагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж үнхэлцэг хальсны хөндийн цусан хураа үүсч зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас нас баржээ...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 83-85х/,

Шинжээчийн 4753 дугаартай

“...цагаан болон бор өнгийн хоёр талаараа өмсдөг задгай энгэртэй цамцанд 20 мм, улаан өнгийн оруулагтай хар өнгийн биеийн тамирын өмдөнд 18 мм, хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлүүд байна...” дүгнэлт /1-р хх-ийн 89-90х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Дыг хохирогч Л.Отгоны халааснаас Самсунг А50 маркийн 777.600 төгрөгний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн хохирогч Ц.Лхагвасүрэнтэй маргалдан цээжний хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт  1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн хутгалж алсан гэмт хэрэгт 12 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

            Шүүгдэгч Ч.Доос нийт 1,772,642 / нэг сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун дөчин хоёр мянга / төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны станцийн 1-11 тоотод оршин суух Гөрөөчин овгийн Батсүрэнгийн Алтанзул /ЦВ86120660/-д олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн зардал гэх 3,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт гурван сая төгрөг төлсөн болон олсон орлогоосоо татвар төлсөн зэрэг баримт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 123 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диск, нийт 23 см урттай ажлын хэсгийн урт 11,5 см, ажлын хэсгийн угийн өргөн 2,4см, ажлын хэсгийн зүүн талд нил ягаан өнгийн цэцэг бүхий зурагтай, цагаан болон ягаан өнгийн бариултай ажлын хэсэг нумарч муруйсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогттоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Чимэдцэеэгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Доос нийт 1,772,642 / нэг сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун дөчин хоёр мянга / төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны станцийн 1-11 тоотод оршин суух Гөрөөчин овгийн Батсүрэнгийн Алтанзул /ЦВ86120660/-д олгож, өмгөөлөгчийн зардал гэх 3,000,000 / гурван сая / төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диск, нийт 23 см урттай ажлын хэсгийн урт 11,5 см, ажлын хэсгийн угийн өргөн 2,4см, ажлын хэсгийн зүүн талд нил ягаан өнгийн цэцэг бүхий зурагтай,цагаан болон ягаан өнгийн бариултай ажлын хэсэг нумарч муруйсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дын цагдан хоригдсон нийт 123 /нэг зуун хорин гурав хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                     ШҮҮГЧИД                              Ё.БАТГЭРЭЛ

                                                                                     Б.ХАЛИУН