| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0071/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/65 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/65
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.Г-т холбогдох 20210001.... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1957 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын ....... тоотод оршин суух, улсаас авсан гавья шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Х овогт Ч.Г. /РД: ЖН/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын .... иргэн Н.С гэрт архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Н.С толгойн тух хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын “*******” 1 дүгээр багийн нутаг “*******” гудамжны 220 тоотод иргэн Н.С гэрт архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Н.С толгойн тух хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 20210...... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Ч.Г ах ууж байсан архины шилээр С ахын толгойн тус газарт нэг удаа цохисон. Улмаар С ахын толгойноос их хэмцээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед Ч.Г ах С.н толгой руу ууж байсан архины шилээр нэг удаа цохисон. ... архины шил хагарч ... С.н толгойноос их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Г ах С-н толгой руу ууж байгаад дууссан архины хоосон шилээр нэг удаа цохихыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Г нь намайг чи ердөө юм яриулахгүй байна гэж уурлаад ууж байсан архины шилээр миний толгойн тус газарт цохиж намайг гэмтээсэн. ...Миний толгой хагарсан 6-7 оёдол тавиулсан. ...Одоо миний биед өвдөх зүйл байхгүй тул Ч.Г-т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...С манай гэрт чи муухай юм ярилаа хэмээн уурлаад босч ирэхээр нь намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод түрүүлээд би архины шилээр С-г цохисон юм. ...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Н.С-гийн биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, баруун нүдний зовхины цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 33, 35 дугаар хуудас/,
Хохирогч Н.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 202100 .... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын “..... тоотод иргэн Н.С гэрт архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Н.С толгойн тух хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч ******* /хх-ийн 13-44 дүгээр хуудас/, гэрч ******* /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч ******* /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Н.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуягийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Г нь хохирогч Н.С эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Ч.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Г-ийн ЖН57 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Г-ийн ЖН.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН