| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/39 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/39
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ж.О-т холбогдох 192... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, ял шийтгэл: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар ... жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, И... овогт Ж.О /РД: ЖЭ.../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, оройн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын нутаг “******* *******” гэх газар бусадтай үл ялих асуудлаар маргалдаж, улмаар иргэн Д.О руу чулуу шидэж, түүний биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжний хөндий хий хуралдалт, цээжний зүүн талд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, оройн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын нутаг “******* *******” гэх газар үл ялих асуудлаар маргалдаж, улмаар иргэн Д.О чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний харснаар бол О газраас чулуу авч О руу нэг удаа шидсэн. Дахин шидсэн эсэхийг хараагүй. Өөр О гар хүрсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн өдөр О надад хэлэхдээ О чулуугаар шидсэн гэж хэлсэн. Харин О хаана нь оносон, хэдэн удаа чулуу шидсэнийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед О газраас чулуу аваад О руу шидсэн. Оносон эсэхийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... надад хандаж О-ыг чинь зодчихсон очиж авбал аваарай гэж хэлсэн ба О ч мөн адил авбал авна биз ямар хамаатай юм пизда нар гэж хэлээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О над руу ирээд машинаас буугаад ир гэж хэлээд шилэн хүзүүнээс татахаар нь О-т хандаж чи яагаад байгаа юм бэ зүгээр байгаа ч гэхэд ...О над руу чулуу аваад шидэхэд миний цээж рүү онохоор нь цаашаа зугтсан. ...Оын шидсэн чулуу миний зүүн бөөрний дээд хэсэг болон шилэн хүзүү хавьруу чулуугаар шидэж оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатан болон шүүх хуралдаанд өгсөн: “...О хутга бариад над руу ойртвол ална шүү гэж хэлээд дайрсан бөгөөд би тухайн үед газраас чулуу авахад О цаашаагаа зугтахаар нь чулуугаараа араас шидэж оносон. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 439 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Д.О-ын биед зүүн 6, 7-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, цээжний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх хавирганы хугарал гэмтлийн улмаас цээжний хөндийд хий цус-хуралдалт үүсчээ. Зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэргийн журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /хх-ийн 77, 79, 81, 82-84 дүгээр хуудас/,
Хохирогч Д.О-ын шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгчийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын маягт, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 192... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, оройн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын нутаг “******* *******” гэх газар иргэн Д.О-той үл ялих асуудлаар маргалдаж, улмаар чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч ******* /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч ******* /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Д.О /хх-ийн 18-22 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 493 дугаартай дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын архи ууж согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.О нь хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Ж.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.О-ын ЖЭ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ж.О-ыг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О-т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЭ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН