Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0078

 

Ө.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө.Ж-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 748 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2-д заасныг баримтлан Ө.Ж-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/715 дугаартай захирамжийн хавсралтын 43 дахь хэсэг буюу Ө.Жт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 23,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүх маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэсэн”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 8-р байрны урд талд 841 м.кв газрыг эзэмших эрх авсан.

Газар дээр барилга барихаар төлөвлөж холбогдох зөвшөөрлөө гаргуулан газрыг хашаалж барилгын суурийн нүхийг ухсан байхад тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгож барилгын ажлыг шууд зогсоосон.

Ингээд Нийслэлийн Засаг даргын А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн бөгөөд 4 жил гаруй хугацаанд шүүхийн маргаан үргэлжилж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 тоот шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг болгож миний газар эзэмших эрхийг сэргээсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0292 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаагаар шинэчлэн олгож газар эзэмших гэрээг мөн шинэчлэн байгуулсан.

Өмнө нь тухайн газар дээр гаргуулан авсан барилга барихад шаардлагатай эрх бүхий байгууллагуудын шийдвэрийн хугацаа шүүхийн маргаантай байх үед дууссан учир шинээр гаргуулан авахаар эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлэхээр явж байгаа.

Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай барилгын суурь ухаж гадуур нь хашаа татсан газрын хашааг буулгаж, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр барилгын суурь цутгахаар ухсан нүхийг биднийг хууль бусаар баривчлан авч явсны ард талаар шороо асгаж хууль бусаар булсан үйл ажиллагаа явуулсан.

Учрыг албаны хүнээс лавлахад Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй иргэн байгууллагын хашааг албадан буулгаж газар чөлөөлөх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/715 дугаар  бүхий захирамж гарсан. Энэ захирамжийн биелэлтийг хангах үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдсэн.

2020 оны 05 дугаар сарын 15-ны хуралдааны тэмдэглэлийн дагуу арга хэмжээ ав гэж бидэнд ямар ч байгууллага, албан тушаалтан мэдэгдэл өгөөгүй. Энэ талаар бид ямар ч мэдээлэлгүй байсан, манай барилгын түр хашаа нь тухайн суурийн ухсан нүхийг хамгаалсан, ямар ч байсан бусдад хохирол учруулахаас бүрэн урьдчилан сэргийлсэн бүрэн бүтэн хашаа байсан. Үнэхээр өнгө үзэмжийг сайжруулах, стандартад нийцүүлэх шийдвэр гаргасан бол бидэнд тухайн хашааг солих боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэх ёстой байсан.

Гэтэл ингэж мэдэгдэлгүйгээр Нийслэлийн захиргааны албан тушаалтан нар бусдын хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар эзэмших эрхэд халдаж хууль бус шийдвэр гарган хохирол учруулсан үйлдэл хийсэн.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/715 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг үндэслэл болгон “... хавсралтад заасан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн барилгын түр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй” гэж хууль ёсны газар эзэмших эрхтэй иргэний эрхэд хууль бусаар халдсан шийдвэр гаргасан байна.

Дээрх захирамжийн хавсралтын 43 дугаарт манай газрыг хамаатуулан “стандартын шаардлага хангаагүй хашаатай” гэх шалтгаанаар хашааг буулгаж барилгын суурийн нүхийг шороогоор тэгшлэн булсан үйлдэл хийсэн.

Хуулийн дээрх зүйл заалтын агуулга нь “зохих зөвшөөрөлгүйгээр эсхүл дур мэдэн газар эзэмшсэн бол” газрыг чөлөөлөх тухай зохих шатны Засаг дарга шийдвэр гаргах зохицуулалт бөгөөд зохих зөвшөөрөлтэй, хуулийн дагуу эзэмшиж байгаа газар эзэмшигчийн хувьд хуулийн дээрх заалтад хамаарахгүй юм.

Тухайн хашааг анх барихад болон суурийн нүхийг ухахад нийт 23,900,000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөхтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай” А/715 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлд заасны дагуу стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зохих арга хэмжээ аваагүй газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн барилгын түр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ө.Жийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар сургуулийн хойно байрлах хашаа багтжээ.

Харин уг шийдвэр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16-2160 дугаар албан бичиг, хариуцагчийн тайлбар, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдсөн эсэхтэй маргаагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “... архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн хугацаа шүүхийн маргаантай байх үед хугацаа нь дууссан учир одоо шинээр гаргуулан авахаар эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ өгчихсөн байгаа, ... гэтэл 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай барилгын суурь ухаж, гадуур нь хашаа татсан газрын хашааг буулгаж, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр барилгын суурь цутгахаар ухсан нүхийг бидний хууль бусаар баривчлан авч явсны ард талаар шороо асгаж хууль бусаар булсан үйл ажиллагаа явуулсан ... 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу арга хэмжээ ав гэж бидэнд ямар ч байгууллага, албан тушаалтан мэдэгдэл өгөөгүй ... өнгө үзэмжийг сайжруулах, стандартад нийцүүлэх шийдвэр гарсан бол бидэнд тухайн хашааг солих боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэх ёстой байсан ... хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар эзэмших эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсанд гомдолтой ... газрыг чөлөөлж, хашааг буулгахаар шийдвэрлэсэн шийдвэр нь газар эзэмших иргэнд ямар ч хамааралгүй Газрын тухай хуулийн 57, 59 дүгээр зүйл заалтыг зөрчиж гарсан хууль бус шийдвэр ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/715 дугаар захирамжийн хавсралтын 43 дахь хэсэг буюу Ө.Жт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 23,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны урд талд 841 м.кв газар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаар тогтоолоор газар эзэмших эрхийг хүчингүй болгосон уг захирамжийг хууль бус байсан болохыг тогтоосон байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжаар нэхэмжлэгчид орон сууц, үйлчилгээний зориулалтаар 842 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж заасан.

Газрын тухай хуульд зааснаар газар нь төрийн хяналт, хамгаалалтад байх бөгөөд газрын эзэмшилт, ашиглалт, хамгаалалттай холбоотой холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засаг дарга хяналт тавьж ажиллах, нөгөө талаас газар эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хуулиар хүлээсэн үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн “... хууль ёсоор газар эзэмшиж буй иргэний эрхэд хууль бусаар халдсан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/152 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн тус газарт орон сууцны зориулалттай барилга барихаар Архитектур төлөвлөлтийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дүгээр даалгавар, эскиз зургийг батлуулж, барилгын суурийг ухсанаас өөрөөр барилгын ажил эхлүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагааг явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх бөгөөд энэ тухайд нэхэмжлэгчээс “... тухайн газар дээр гаргуулан авсан архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн хугацаа шүүхийн маргаантай байх үед хугацаа нь дууссан учир одоо шинээр гаргуулан авахаар эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ өгчихсөн байгаа ...” гэж тайлбарласан байх тул анхан шатны шүүх “... Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин хийлгээгүй байх тул нэхэмжлэгчийн ... барилга барихаар ухсан нүхийг буцаан булсан нь хууль бус гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Маргаан бүхий актад зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үед хэрэглэгдэх Газрын тухай хуулийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй” гэж заасныг тус тус баримталсан байх боловч хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг түүний газар эзэмших эрхийг хөндөөгүй, харин зөвхөн стандартын шаардлага хангахгүй хашааг буулгах арга хэмжээг авахад чиглэгдсэн байх тул уг шийдвэрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасантай нийцсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт шийдэл  үндэслэлтэй байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор баталсан байх бөгөөд уг тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын 2.3-д “Түр хашааг дараах зориулалтаар барина”, 2.3.1-д “барилга болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барих үед хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангах”, 3.4-д “Хашаа, хайсны даалгаврын хэрэгжилтэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба түүний харьяа байгууллагууд, нийслэлийн мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн байгууллага, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага, нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, дүүрэг,  хорооны Засаг дарга чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллана”, 3.8-д “Хашаа, хайсыг даалгаврын дагуу бариагүй, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хашаа, хайсыг барихтай холбоотой тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан буулгах хүртэлх арга хэмжээг нийслэлийн хот байгуулалтын асуудал эрхэлсэн, нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн болон цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлнэ”, 4.1-д “Хашаа, хайсны өндрийн хэмжээ дараах шаардлагыг хангасан байна”, 4.1.9-д “Бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас 1.6-3.0 м” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Дутагдал арилгуулах тухай” 02-04-334/621 дүгээр албан шаардлага, нэхэмжлэгч Ө.Ж-ийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тодруулга зэрэг баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч эзэмшил газартаа орон сууцны зориулалт бүхий барилга барихаар барилгын суурь ухаж, хашаалсан, тухайн хашаанд хог, хаягдал хуримтлагддаг байсан болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч “хашаа стандартын шаардлагад нийцсэн байсан эсэх, Нийслэлийн Засаг даргын 2020 оны маргаан бүхий А/715 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хашааг буулгаж, ухсан нүхийг булсан тухайн цаг хугацаанд ухсан нүх болон хашаанд хог, хаягдал хуримтлагдсан эсэх, орчны бохирдол үүссэн байсан эсэх”-тэй маргаагүй байх тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дахь стандартын шаардлага хангаагүй хашааг буулгаж, ухсан нүхийг булах үндэслэл болсон буюу стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах зорилго бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны маргаан бүхий А/715 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/715 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн “... хуулийн ... агуулга нь “зохих зөвшөөрөлгүйгээр эсхүл дур мэдэн газар эзэмшсэн бол” газрыг чөлөөлөх тухай зохих шатны Засаг дарга шийдвэр гаргах зохицуулалт ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, улмаар барилга угсралтын талбайн түр хашааг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулахад чиглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь эзэмшил газартаа стандартын шаардлага хангаагүй хашаа барьсан, мөн уг газарт барилгын суурийн нүх ухсан боловч олон жил ашиглаагүйн улмаас нүхэнд ус тунаж, хог хаягдал хуримтлагдах нөхцөл бүрдсэнээс тухайн орчны бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулсан байдал тогтоогдсон, эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн хашааг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХ