Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 63

 

З.Учралын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01027 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Учралын нэхэмжлэлтэй        

М.Аранжамбын эцэг байх эрхийг хязгаарлуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоотын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоот шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин З.Учрал нь М.Аранжамбатай танилцан үерхэж түр хугацаагаар хамт байсан бөгөөд тэр хугацаанд Аранжамба нь миний охинд хэд хэдэн удаа гар хүрч бэртэл автал нь зодож байсан. Тэр үед цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулсан боловч өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон. М.Аранжамба охиныг нь жирэмсэн байхад ч зоддог байснаас ач хүү Ивээл 7 сар гаруйтай дутуу төрж, эх нялхасын эмнэлэгт 40 гаруй хоног инкубаторт байж хүн болсон. Охин маань гэрлэлтээ албан ёсоор батлуулчихвал гайгүй болох байх гэж найдаж, тэр хоёрт манай талаас байр хүртэл авч өгсөн. Гэтэл тэр байранд амьдрахгүй эхнэр, хүүхдээ өөр газар авч явж, хээр хөдөө аваачин энэ хүүхдийг алсан ч чадна, энэ хүүхэд гарснаас хойш амьдралд гай болж байна гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Энэ үед би эзгүй, гадаадад байсан. Түүний энэ үйлдлээс болж, манай гэр бүлийн хүн Ивээлийг авч 3-4 сарын хугацаатай гадаад руу хүртэл авч явж байсан. Энэ талаар М.Арамжамбын гэр бүлд хэлэхэд бидэнд хамаагүй М.Аранжамба бие даасан хүн гэсэн тайлбар өгдөг. Ивээлийг ой хүртэл ийм байдалтай байсан. Тэрээр хүүхдээ ганц ч удаа анхаарч байгаагүй. Бид чиний эцэг байх эрхийг хасууллаа гэхэд надад хамаагүй гээд тайлбар өгөөд өөрийгөө төлөөлж эгчийгээ явуулна гэсэн. Анх шүүхэд М.Аранжамбын эцэг байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хуулийн дагуу түр хугацаагаар эцэг байх эрхийг хягзгаарлуулахаар шаардлагаа өөрчилсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох зорилгоор хүсэлт гаргасан. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасахыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ маргаанд хариуцагч буюу маргалдагч тал гэж байдаггүй, тодорхой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгох зорилгоор энэ хүсэлтийг М.Аранжамбын эцэг байх эрхийг хязгаарлахаар гаргасан. М.Аранжамба нь “тусламж үзүүлж байгаагүй, боломжгүй, эцэг байхаас татгалзаж байна, гэрчилгээнд миний нэр байдаг бол хасуулья, би мөнгө төлөх ямар ч боломж байхгүй” гэсэн нь түүний эцэг байх эрхийг хасах, хязгаарлах асуудал дээр ямар нэгэн маргаан гаргаагүй болох нь энэ тайлбараар нотлогдож байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүрэгт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх талаар зааж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ М.Аранжамба огт биелүүлж байгаагүй. Зөвхөн Ивээлийн төрсний гэрчилгээн дээр эцэг нь гэж бүртгэгдсэнээс биш хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Үр хүүхдээ эд хөрөнгийн хувьд ямар нэгэн байдлаар тэжээн тэтгэхээс татгалзаж байгаа нь гадуурхсан гэдэгт хамаарна гэсэн үндэслэлээр М.Аранжамбын эцэг байх эрхийг хязгаарлах бүрэн үндэслэлтэй.

М.Аранжамбын тайлбараар үр хүүхдээ гэж боддоггүй, үл хайхарсан нь батлагдаж байгаа. Хүүхэд хамгаалалын тухай шинээр батлагдсан хуульд “бие махбодийн хүчирхийллээс гадна үл хайхрах байдал нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болно” гэж заасан. Цаашид энэ хүүхэд сурч боловсрох, аялах зэргээр гадаад улс руу явахад зөвшөөрөл яригдана. Одоо холбоогүй байгаа учраас холбогдож зөвшөөрөл өгөх нь эргэлзээтэй. Тиймээс үүнтэй холбоотойгоор хүүхдийн аялах, зорчих эрх нь үгүйсгэгдэнэ. Хуулиар олгогдсон өв залгамжлал болон хүүхдээ төлөөлөх эрхээ М.Аранжамба эдлэх боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хүртэл хугацаагаар эцэг байх эрхийг нь хязгаарлаж өгнө үү. Хэрэв энэ байдал үргэлжлээд дээрдэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэжээ.

Гуравдагч этгээд М.Аранжамба шүүхэд гаргасан тайлбартаа: Би З.Учралын гаргасан өргөдлийг зөвшөөрч байна. З.Учралтай танилцаад суух бодолгүй хүүхэдтэй болсон. Ивээлд тусалж байгаагүй ба цаашид харж үзэх боломжгүй, харж үзэхгүй. Эцэг нь байх бодолгүй татгалзаж байна. Төрсний гэрчилгээнд миний нэр байдаг бол хасч өгнө үү. Эцэг гэх нэрнээс татгалзаж байна. Надаас мөнгө нэхвэл би өгөх чадвар бололцоо байхгүй. Шүүх цагдаагаар явахгүй, хуралд орохгүй гэжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д заасныг баримтлан М.Аранжамбын хүү У.Ивээлийн эцэг байх эрхийг хязгаарлуулах тухай З.Учралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоот давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар эрхийг 6 сар хүртэл хязгаарлаж өгнө үү гэж шаардлагаа өөрчилсөн. М.Аранжамба нь эцэг хүний үүргийг огт биелүүлээгүй. Хүү Ивээлтийг удаа дараа гадуурхаж, хувцас хоолоор огт хангаагүй. Мөн энэ талаар тодорхой баримт дурдаж, тодруулж тайлбарлахад хариуцагч тал огт эсэргүүцэж, үгүйсгээгүй. Шүүх хуралдаанд ч ирж оролцоогүй зөвхөн бичгээр эцэг байх эрхээ хасуулах хүсэлтээ илэрхийлсэн нь хангалттай нотлох баримт мөн. Цаашид ч хувцас, хоолоор хангахгүй, мөнгө төгрөг ч өгч байгаагүй, өгөхгүй гэдгээ тодорхой бичгээр илэрхийлсэн. Ингэж хүүхдээ гадуурхаж, хоол хүнс хувцасаар гачигдуулж, орон сууцаар хангахгүй гэдгээ илэрхийлж өөрөө нотлох баримт өгч байгаа хүний эцэг байх эрхийг 6 сар хүртэл хязгаарлах боломжтой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Учралыг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоот нь М.Аранжамбын эцэг байх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

З.Учрал, М.Аранжамба нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү У.Ивээл төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр  зүйлийн  21.1,  21.5  дахь  хэсэгт  зааснаар  М.Аранжамба,  хүү  У.Ивээл  нарын хооронд эцэг, хүүхдийн эрх, үүргийн харилцаа үүссэн үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Аранжамбын эцэг байх эрхийг хязгаарлуулах тухай хүсэлтийн үндэслэлээ хүүхдийг гадуурхсан, тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн, хүүхдийн амь биед аюул занал учруулсан гэж тайлбарлах боловч уг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.  

Мөн М.Аранжамба нь хүүхдийн амь биед аюул занал учруулж болзошгүй нөхцөл байдалд оруулж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоот тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан нөхцөл байдал буюу  М.Аранжамбын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл тогтоогдохгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА