Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0550/з |
Дугаар | 194 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 194
“Газар” ХХК, иргэн Д.Батжаргал нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Батжаргалын өмгөөлөгч Б.Баатарсайхан, нэхэмжлэгч “Газар” ХХК-ний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар магадлалтай, “Газар” ХХК болон Д.Батжаргал нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Газар” ХХК-ний өмгөөлөгч Э.Эрдэнэчулууны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Газар” ХХК болон иргэн Д.Батжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Газар” ХХК нь “Шимт бүрэн” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Д.Батжаргалтай 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түүний эзэмшлийн “Шимт бүрэн” ХХК-ийн хувьцааны 20 хувь буюу 20 ширхэг хувьцааг “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г байгуулан шилжүүлэн авч, “Шимт бүрэн” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болсон билээ.
Энэхүү хэлцлийг бүртгүүлэхээр “Газар” ХХК, Д.Батжаргал нар холбогдох материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэл “Шимт бүрэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг бүртгэсэн бөгөөд энэхүү бүртгэлийг 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 395 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Энэ талаар эрх нь хөндөгдөж байгаа “Газар” ХХК болон иргэн Д.Батжаргал нарт мэдэгдээгүй юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж; мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна: 11.1.9. компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ” гэж, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж, Хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана” гэж, Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт “Бүртгэх байгуулага энэ хуулийн 17.6-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан бол энэ тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор татгалзсан үндэслэлээ тусгасан мэдэгдлийг өргөдөлд заасан шуудангийн хаягаар илгээнэ” гэж тус тус хуульчлан заасан байна.
Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.2.1 дэх хэсэгт “хяналт шалгалтын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан илэрсэн зөрчлийг шуурхай арилгах, арга хэмжээ авах, хяналтын үр дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэдээлэл үүрэгтэй” гэж заажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 395 дугаар тушаалын үндэслэл болсон Баянгол дүүргийн шүүхийн 7381 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон байсан.
Ийнхүү хууль болон дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, мэдэгдээгүй улсын бүртэгчийн буруутай үйлдлийг тогтоон, энэ эс үйлдэхүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлэх байсан эрх минь зөрчигдсөн учраас бүртгэлийн байгууллагад байгаа баримт бичиг, хүсэлтийг үндэслэн “Газар” ХХК болон иргэн Д.Батжаргал нарын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Шимт бүрэн” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Шимт бүрэн” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 13-нд М.Амартүвшин, Б.Гансүх гэсэн 2 үүсгэн байгуулагчтайгаар газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Амартүвшин хасагдаж, 1 хувьцаа эзэмшигчтэй болсон байна.
2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Б.Гансүх хасагдаж, Д.Батжаргал, Г.Ганбаяр нар нийт хувьцааг 50, 50 хувиар эзэмших болсон байна. 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Ганбаяр хасагдаж, “Газар” ХХК нийт хувьцааны 50 хувийг эзэмших болжээ. 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу иргэн Д.Батжаргал нь өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг “Газар” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шимт бүрэн” ХХК-ийн нийт хувьцааны 20 хувийг Д.Батжаргалаас “Газар” ХХК-д шилжүүлж, Д.Батжаргал 30 хувь, “Газар” ХХК 70 хувь болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 605 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 149 дүгээр магадлалаар “Газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Дээр дурдсан маргаан өмнө нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 605 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 149 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол байгаа” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн зохицуулалттай байна.
Учир нь эрх зүйн онолын хувьд нэг хууль, нэг нотлох баримтаар шийдвэрлэх маргааныг дахин шүүхээр шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр тэс өөр буюу хоорондоо эсрэг тэсрэг гарах магадлал өндөр байдаг тул өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр нөхцөлд дахин шийдвэрлэхийг хориглодог.
Нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаа үйл баримт нь өмнө шүүхээс маргааныг шийдвэрлэхэд ч мөн адил яригдаж, хэргийн оролцогч талууд тал бүрээс нь мэтгэлцэж, шүүх эрх бүхий байгууллагаас улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг хориглосон үед гаргасан хууль бус өргөдлөөр, хориг дуусгавар болсон хугацаанд дахин үргэлжлүүлэн улсын бүртгэлийг хийх нь хууль бус болохыг шүүхээс хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр тогтоолын үндэслэх хэсэг буюу 11 дүгээр талд “хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга маргаан бүхий 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалын талаар “Газар” ХХК, “Шимт бүрэн” ХХК-д мэдэгдээгүй байх боловч энэ нь уг ташаалыг хүчингүй болгох үр дагавар үүсгэхээргүй байна” хэмээн тодорхой тэмдэглэжээ.
Ийнхүү Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас “Газар” ХХК болон “Шимт бүрэн” ХХК-д мэдэгдээгүй дээрх үйлдлийг ямар нэг хууль зүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөөр байхад дахин шүүхээр тогтоолгох, улмаар шинээр өргөдөл гаргаагүй байж, өмнө хууль бус болох нь тогтоогдсон өргөдөл дээрээ үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг даалгах нь хууль зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага болжээ.
Иймд захиргааны хэрэг үүсгэхдээ дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг мэдээгүйн улмаас шүүх энэ хэрэгт дахин захиргааны хэрэг үүсгэсэн байх магадлалтай тул дээр дурдсан хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэрээр: 1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Компанийн тухай хуулийн /2011 оны/ 17 дугаар зүйлийн 17.5, 17.7, 17.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “хариуцагч захиргааны байгууллагын захиргааны акт гаргахгүй байгаа явдал нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох “...“Шимт бүрэн” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгах” гэсэн шаардлагын “2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгах” хэсэгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Шимт бүрэн” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ бүртгэлийг хийхгүй байх шалтгаан арилсан 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр хүсэлт гаргасан өдрийг тооцож, хуульд заасан 3 хоногийн хугацаанд нь шийдвэрлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Газар” ХХК, иргэн Д.Батжаргал нарын “компанийн хувьцаа шилжсэнийг хуулийн хугацаанд бүртгэх үүргээ биелүүлээгүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Газар” ХХК-ний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Газар” ХХК, иргэн Д.Батжаргал нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар магадлалыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэлд дурдсан хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна.
Тухайлбал, давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн маргаж байгаа хууль зүйн факт, нэхэмжлэгчээс ямар эрхээ сэргээлгэхээр маргаж байгаа гэдгийг өмнөх хэргээс ялгаж ойлгож чадаагүй байна. Нэхэмжпэгчийн энэ хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Компанийн хувьцаа шилжсэнийг хуулийн хугацаанд бүртгэх үүргээ биелүүлээгүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгуулах” гэж тодорхойлсон.
Гэтэл давж заалдах шатны шүүх өмнө шийдвэрлэсэн “Газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг нэг үйл баримт гэж үзэж уг асуудлыг шүүхийн шийдвэрээр дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь эрх зүйн болоод хууль зүйн үндэслэл алга.
Тодруулбал, өмнөх захиргааны хэрэгт шүүхүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2013 онд 395 дугаар тушаалыг гаргахдаа хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн, харин одоо хэлэлцэж байгаа энэ хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газар “Газар” ХХК-ийн хувьцаа шилжсэн бүртгэлийг хэдийд бүртгэх ёстой байсан талаарх үйл баримтыг хэлэлцсэн юм. Эндээс үзвэл хоёр өөр эрх зүйн этгээдийн үйлдэл, хоёр өөр хууль зүйн фактын талаар маргаж байгаа маргаан байгаа гэдэг нь нотлогдож байна.
Нөгөө талаас үзвэл аливаа эрх зүйн маргаанд нэхэмжлэгч “нэхэмжлэлийн шаардлагаа” өөрөө тодорхойлох ёстой, түүний өмнөөс шүүх тодорхойлох эрхгүй байдаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг өөрөө тодорхойлж гаргана гэдэг нь нэхэмжилж байгаа этгээд өөрийн ямар эрхийг сэргээгдэнэ гэж үзсэн, түүнийгээ сэргээлгэхээр шаардах гэсэн эрх зүйн ойлголт байдаг. Ингэхдээ хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэг байж болох буюу өөрөөр хэлбэл, нэг үндэслэлээр хэд хэдэн эрхээ сэргээлгэхээр хэд хэдэн шаардлага гаргах боломжтой юм.
Нөгөө талаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсноос болж нэхэмжлэл хангагдахгүй байдал шүүхийн практикт элбэг тохиолддог бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн эрхийг сэргээгдэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах ёсгүй билээ. Энэ тохиолдолд өмнө гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нэг байж болдог гэдэг нь шүүхэд тогтсон ойлголт юм.
Үүний нэг жишээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д зааснаар “захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг” үндэслэлгүй байна гэж үзсэн шүүхийн шийдвэр гарсан нь нэхэмжлэгчээс захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй гэдгийг шүүхүүд нэг мөр ойлгож хэрэглэж ирсэн билээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүгээр ямар эрхээ сэргээлгэхээр шаардаж байгааг давж заалдах шатны шүүх ялгаж салгаж хянан шийдвэрлэх ёстой байсан.
Одоо хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын “зарим үндэслэл” нь өмнөх хүчин төгөлдөр шийдвэртэй хэрэг дээр яригдсан, шүүх дүгнэлт өгсөн байж болох ч энэ нь өөр эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.
Ийнхүү хоорондоо ялгаатай хууль зүйн факт нь хуульд нийцсэн эсэхийг шүүх хянан шийдвэрлэх ёстой байхад өмнөх захиргааны хэргээс улбаатай, эрхийн зөрчил үргэлжилсэн эрх зүйн маргааныг ялгаж салгахгүйгээр давж заалдах шатны шүүх “нэг үйл баримт” гэж үзсэн байна.
Ингэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр буюу нэхэмжлэгчийн сэргээлгэх гэж байгаа эрх нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр, өөр эрх сэргээлгэх тухай ярьж байхад, үүнийг хэрхэн, ямар эрх зүйн үндэслэлээр “нэг үйл баримт” гэж үзэж байгаагаа магадлалд огт дүгнээгүй болно.
Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргах эрх, шударга шүүхээр шүүлгэх “Газар” ХХК-ийн эрхийг зөрчиж байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
“Газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг гурван шатны шүүх хянан хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 140 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.
Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Газар” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга холбогдох шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг хөндөгдсөн … /этгээдийн/ тайлбарыг авч, мэдэгдээгүй нь хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн”, “...Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн ... 2.2.1-д “хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах, хяналтын үр дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэдээлэх” гэж заасныг зөрчин “Шимт бүрэн” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газар биелүүлээгүй байна” гэж, уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон иргэн Д.Батжаргал “ /хариуцагч/ ... энэхүү үүргээ биелүүлсэн бол “Шимт бүрэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бид тухай үед нь холбогдох тайлбар болон Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хавсарган өгч, улсын бүртгэлд бүртгүүлж эрх ашиг хохирохгүй байсан” гэх зэргээр тодорхойлсон, шүүхүүд “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /бүртгэл хүчингүй болгосон/ ... шийдвэрээ эрх нь хөндөгдөж байгаа “Газар” ХХК болон иргэн Д.Батжаргал нарт мэдэгдээгүй” үйл баримтын талаар дүгнэж, “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бүртгэлд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон шийдвэрээ тухайн бүртгэлд холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх, эсхүл мэдэгдэх үүрэгтэй .../боловч/ уг тушаалын талаар “Газар” ХХК, “Шимт бүрэн” ХХК-нд мэдэгдээгүй” болохыг нэгэнт тогтоосон байна.
Гэтэл “Газар” ХХК, иргэн Д.Батжаргал нар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин шүүхэд хандаж “... хууль болон дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, мэдэгдээгүй улсын бүртгэгчийн буруутай үйлдлийг тогтоон, энэ эс үйлдэхүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлэх байсан эрх минь зөрчигдсөн учраас бүртгэлийн байгууллагад байгаа баримт бичиг, хүсэлтийг үндэслэн “Газар” ХХК болон иргэн Д.Батжаргал нарын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Шимт бүрэн” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэл гарган, зөрчигдсөн эрхээ “хариуцагчийн ...мэдэгдээгүй буруутай эс үйлдэхүйн улмаас ...улсын бүртгэлд бүртгүүлэх байсан эрх зөрчигдсөн” гэж тодорхойлжээ.
Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нар “хоёр өөр эрх зүйн этгээдийн үйлдэл, хоёр өөр хууль зүйн фактын талаар маргаж байгаа” гэх үндэслэлгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байх тул урьд шүүхээс нэгэнт тогтоосон “... мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдээгүй улсын бүртгэгчийн үйлдэл, ... эс үйлдэхүй хууль бус болох”-ийг шүүх дахин тогтоохгүй, уг асуудлаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч “Газар” ХХК, иргэн Д.Батжаргал нар нь “... бүртгэлийг 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүчингүй болгосон”, “... гаргасан шийдвэрээ хууль болон дүрэмд заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй, “... үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” талаар 2014 онд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа мэдэж байсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “.../...мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах/ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байх тул “...улсын бүртгэлд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөр бүртгэхийг даалгуулах”-аар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...өөр эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэхээс татгалзах үндэслэл болохгүй”, “...хоорондоо ялгаатай хууль зүйн факт нь хуульд нийцсэн эсэхийг шүүх хянан шийдвэрлэх ёстой байхад өмнөх захиргааны хэргээс улбаатай, эрхийн зөрчил үргэлжилсэн эрх зүйн маргааныг ялгаж салгахгүйгээр давж заалдах шатны шүүх “нэг үйл баримт” гэж үзсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “...хариуцагчийн мэдэгдээгүй эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх нэг үйл баримтын талаар өөр үндэслэл гаргасан нь нэхэмжлэлийг өөр шаардлага гэж үзэх үндэслэл болохгүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батжаргал (“Шимт бүрэн” ХХК)-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА