Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

50

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч Г.Ч

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Н.Т-д холбогдох 192... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө овогт Н.Т. /РД: ЖЙ.../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчим “*******” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* ******* ******* ******* ХХК-ийн Газрын тосны 21 дүгээр талбайгаас баруун урагш 25 км орчим зайд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 11.3-д “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” мөн дүрмийн 4 дүгээр хавсралтанд заагдсан 3.7-д заасан “улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан...” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг замаар өөдөөс нь буюу эсрэг урсгалаас ирж байсан жолооч Г.Ч-ийн жолоодож явсан ... УБХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Г.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, ... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд зардалд 3.100.000 төгрөг, шууд бус зардалд 1.146.600 төгрөг нийт 4.246.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчим “*******” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* ******* ******* ******* ХХК-ийн Газрын тосны 21 дүгээр талбайгаас баруун урагш 25 км орчим зайд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******-н ХХК-ийн жолооч Н.Т нь ... ДОР улсын дугаартай хар өнгийн Мицүбиши Л-200 маркийн машинтай Дорнод аймгийн ******* сум руу ...ажилтай гэхээр нь түүнд дайгдаж ...Газрын тосны 21 дүгээр талбайгаас хөдөлсөн. ...өөдөөс цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ...Мицүбиши Л-200 маркийн машинтай зөрөх гээд баруун гар тийш дараад зөрөх хэсгийг чөлөөлсөн. ...Т жолооны хүрдээ зүүн гар тийш ээ дартал тухайн цагаан өнгийн Бонго Портер маркийн автомашины эгц урд талаас нь мөргөсөн. ...мөргүүлсэн машины жолоочийн хөл нь тухайн машины хүрдэнд дарагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

            Хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Мэнэгийн талд явж байхад өөдөөс машин гарч ирээд урсгал сөрөөд явсан. Улмаар зам тавьж өгөөд баруун гар тийш болоод зогссон чинь өөдөөс ирээд мөргөсөн. ...тухайн үед миний хөл машины кабинд дарагдаж хугарсан. ...машины хохиролд 9.500.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.870.000 төгрөг нийт шүүгдэгчээс 11.370.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...хохирол гэж мөнгө надад өгөөгүй байгаа. Хохирлоо яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 

            Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т миний эзэмшлийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осолдсон талаар сонссон. Би 2017 онд гэх хүнээс 8.000.000 төгрөгөөр дээрх автомашиныг худалдан авч байсан. ...нэр дээр нь шилжүүлж өгч амжаагүй байгаа. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...миний унаж явсан ... ДОР улсын дугаартай хар өнгийн Мицүбиши Л-200 маркийн тээврийн хэрэгсэл шарваад бөгсөө шидээд байсан. Улмаар зогсоох арга хэмжээ авахад зогсохгүй шарваад байсан бөгөөд яах ч аргагүй зүүн гар тийш жолооныхоо хүрдийг эргүүлж Цагаан өнгийн Портер маркийн машинтай мөргөлдсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирогчид хохирлыг төлж барагдуулна. Хохирогч нь надаас мөнгөө бөөнд нь авна гээд байгаа юм. Би хувааж өгөх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн санал, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаанууд /хх-ийн 6-13, 17-18,23-24 дүгээр хуудас/,

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №759 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...Ч-ийн биед зүүн шилбэ ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун шилбэ ясны дунд 1/3 хэсгийн бяцарсан далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

            -   “Вендо” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56--58 дугаар хуудас/,

- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Т-ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68, 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллгааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчим “*******” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* ******* ******* ******* ХХК-ийн Газрын тосны 21 дүгээр талбайгаас баруун урагш 25 км орчим зайд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Ч-ийн жолоодож явсан ... УБХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Г.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 29-дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, хохирогч Г.Ч /хх-ийн 26-28 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Т нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн санал, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаанууд /хх-ийн 6-13, 17-18,23-24 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №759 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/, “Вендо” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56--58 дугаар хуудас/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар автомашины техникийн эвдрэл хохиролд 4246600 төгрөг, хохирогч Г.Ч-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хагалгааны зардал, худалдан авсан эм, тарианы зардал, сумаас ирж очсон зардал зэрэг 1504700 төгрөгийг нийт 5751300 төгрөгийг шүүгдэгч Н.Т-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн нэхэмжилсэн сахиурын хоол унд, такси унаанд зарцуулсан мөнгө болох 300000 төгрөг, ор хоног 68000 төгрөгийн баримт хэрэгт байхгүй байх тул хэрэгсэхгүй болгож энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Т-ыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Т-ын ЖЙ.... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Н.Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Т-д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Т-ын ЖЙ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Т-аас авто машины техникийн эвдрэл, хохиролд 4.246.600 төгрөгийг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.504.700 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт оршин суух Г.Ч /ЖИ.../-т олгосугай.

7. Хохирогч Г.Ч нь сахиурын хоол унд, такси унаанд зарцуулсан 300000 төгрөг, ор хоног 68000 төгрөгийн баримт болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАТСАЙХАН