Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/00967

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10  сарын 13өдөр

  Дугаар 101/ШШ2016/0967

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Дорнод аймаг Хэрлэн сум 10 дугаар баг Ялалт 8-2 тоотод оршин суух, Тугчин овогт Даваагийн Баасантуяагийн /ЖЯ86012407/ нэхэмжлэлтэй,    

      Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 220 мянгатын 23 дугаар байр 2 дугаар орцны подвалийн 3 тоотод оршин суух Урианхай овогт Жаргалсайханы Хишигсайхан /РД:ЖЯ84061102/,   

  

      Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 220 мянгатын 23 дугаар байр 2 дугаар орцны подвалийн 3 тоотод оршин суух Найдангууд овогт Энхболдын Мөнхбаяр /ЖМ83032072/ нарт холбогдох,

  

2.590.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд:  

     Нэхэмжлэгч Д.Баасантуяа,

     Хариуцагч Ж.Хишигсайхан, Э.Мөнхбаяр нар,

     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Миний бие 2015.05.22 өдөр Э.Мөнхбаярт 600.000 төгрөгийг 8 сарын 22 өдөр хүртэл 3 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн. Энэ мөнгийг Э.Мөнхбаяр төлөөгүй. Хэд хоногийн дараа Ж.Хишигсайхан 400.000 төгрөгийг, нэмж 300.000 төгрөг зээлсэн ба хүү тооцож 2015.10.07 өдөр 1.800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үүнээс 1 сарын хүү болох 360.000 төгрөгийг 1 удаа өгсөн.

 

 Эхний зээлийн тухайд гэрээ хийгээгүй, Ж.Хишигсайхан, Э.Мөнхбаяр нар эхнэр нөхөр бөгөөд тэд цувуулж авсан зээлийг нэмж нэгтгээд нийт 1.800.000 төгрөг болсон гэж бид тохироод гэрээнд Ж.Хишигсайхан гарын үсэг зурсан. Эхний зээл 600.000 төгрөг, нэмж зээлсэн 400.000 төгрөг, 300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг зээлсэн ба үүн дээр хүү тооцож 1.800.000 төгрөг зээлсэн гэж тохиролцож гэрээ байсан юм.

 

 Ж.Хишигсайхан, Э.Мөнхбаяр нараас үндсэн зээл 1.800.000 төгрөг,  2 сарын хүү 720.000 төгрөг нийт 2.520.000  төгрөгийг, мөн эрэн сурвалжлуулсан зардал болох  тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүмүүс нэг сарын хүүгээ л өгсөн юм.

Хариуцагч нарын тайлбарыг сонслоо, хамгийн анх 350.000 төгрөг авсан гээд байгаа нь худал юм. Эхлээд 600.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 400.000 төгрөг хэрэгтэй байна гээд   Хишигсайхан зээлж авсан. Энэ үеэс хойш 300.000 төгрөгийг ажил дээр нь аваачиж мөн өгсөн.  Энэ мөнгөнүүдийн хүү бодогдоод 1.800.000 төгрөг болсон. Үүнээс хойш 1.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд гэрээ хийсэн. 1 сарын хүү 360.000 төгрөгийг төлсөн.

 Тухайн үед мөнгө авахдаа  бичиг баримтгүй,  банканд төлөх мөнгө хэрэгтэй байна гээд  надаас 2016.05.22 өдрөөс эхлээд цувуулж нийт 1.500.000 төгрөг авсан ба нэг сарын хүү 300.000 төгрөгийг нэмээд 1.800.000 төгрөг болсон. Би эд нарт мөнгө зээлэхдээ хүнээс авсан учраас хүнд 2.000.000 төгрөгийн өртэй болсон. 2015 оны 5 сараас хойш миний мөнгийг хэрэглэсэн учраас энэ бүх хугацаанд хүү бодсон бол их хэмжээний мөнгө гарна. Гэвч би зөвхөн 1.800.000 төгрөг, зээлийн хүү болон улсын тэмдэгтийн хураамж нийт 2.590.200 төгрөгийг нэхэж байгаа гэв.

 

Хариуцагч Ж.Хишигсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Анх 2015 оны 05 дугаар сарын 20-иор Д.Баасантуяагаас 400.000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс төлж чадаагүй байсаар хүү нэмэгдсэн. Дараа нь мөнгө зээлсэн, яг хэдэн төгрөг зээлсэнээ санахгүй байна, би бэлнээр 400.000-500.000 төгрөг аваагүй, хүүнээс хүү бодогдоод 1.800.000 төгрөг болсон. Нэг сарын хүү гээд 360.000 төгрөгийг төлсөн. Нөхөр бид ярилцаж байгаад нийт 2.000.000 төгрөгийг сар бүр 300.000 төгрөг төлж байхаар тохироё гэхэд Д.Баасантуяа хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 Би сарын 150.000 төгрөгийн цалинтай, үсчиний дагалдан хийж байгаа. Нөхөр бид хоёр сардаа 300.000 төгрөг төлөөд 2.000.000 төгрөгийг дуусгая гэсэн бодолтой байна гэв. 

 

Хариуцагч Э.Мөнхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Би анх 350.000 төгрөг Ж.Хишигсайханыг  зээлсэн гэж бодсон. Бид хашаа байшингаа барьцаанд тавьсан, банкны зээлд 350.000 төгрөгийн  хүү тушаах ёстой байсан учраас  зээлээ төлөх гээд  хүнээс  мөнгө зээлж байсан юм.  2015.05.20-ны үед болсон асуудал юм. 2 сарын хугацаанд хүүгээ төлөхгүй явж байгаад  дээрээс 200.000 төгрөг  зээлж авсан нийт 500.000 төгрөг болсон гэж эхнэр надад хэлсэн. Хүүнээс хүү бодогдсоор байгаад 1.800.000 төгрөгийн гэрээ хийх шаардлагатай гэсэн зүйл яригдсан  бид анзаараагүй гэрээ хийсэн.  Зээл төлөхгүй байсаар эхнэр тархиндаа гэмтэл авч  бид хот руу эмчилгээ хийлгэхээр ирсэн. Би Дорнод аймагт байсан ажлаасаа гарсан. Эмчилгээ хийлгэх гэж байх явцад  мөнгө төгрөгийн асуудал яригдаж байсан. Манай эхнэр энэ талаар сайн санахгүй байгаа. Тухайн үед гэрээ хийж байсан баримтаа хөдөө орхиод ирсэн. Би саяхнаас ажилд орсон,  энэ хүнд 2.000.000 төгрөгийг сар бүр 300.000 төгрөг өгч дуусгая гэсэн яриатай ирсэн. Мөнгө төгрөг өгсөн авсан талаар баримт үйлдсэн байна. Би Д.Баасантуяагаас мөнгө авч байгаагүй, эхнэр 1.800.000 төгрөгийг бэлнээр аваагүй. Авсан мөнгөний хүү нэмэгдээд 1.800.000 төгрөг болсон гэж Ж.Хишигсайхан гарын үсэг зурсан гэв.

 

Зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Д.Баасантуяа нь хариуцагч Ж.Хишигсайхан, Э.Мөнхбаяр  нарт холбогдуулан зээл, хүүний төлбөрт нийт 2.590.200  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч зээлийн төлбөр 1.800.000 төгрөг, зээлийн хүү болон хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад төлсөн 70.200 төгрөг нийт  2.590.200 төгрөг нэхэмжилж байгаа, хариуцагч нар 1.800.000 төгрөгийг бэлнээр аваагүй ч нийт 2.000.000 төгрөгийг төлөх тайлбар гаргаж  байна.

Д.Баасантуяа, Ж.Хишигсайхан нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 07 өдөр 1.800.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 22 өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22 өдөр хүртэл хугацаанд сарын 20 хувийн хүү төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу 1 сарын хүү 360.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Талуудын тайлбараар 2015 оны 5 сарын 20-иор Д.Баасансүрэн, Ж.Хишигсайхан нар 400.000 төгрөг өгч авалцсан ба энэ тухай баримт үйлдээгүй байна. Харин хариуцагч Ж.Хишигсайхан дахин 350.000 төгрөг, 200.000 төгрөг зээлсэн гэж тайлбарлан, хоёр тал зээлүүдийг нэмж, хүү тооцон 2015 оны 10 дугаар сарын 07 өдөр 1.800.000 төгрөгийн  зээлийн гэрээ нөхөн байгуулсан гэдгийг үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч 2015.10.07 өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нийт 2.590.200 төгрөг нэхэмжилж байгаа, хариуцагч бэлнээр 1.800.000 төгрөг аваагүй гэж тайлбарлаж байх боловч  2.000.000 төгрөг төлнө гэж мэтгэлзэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заажээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.06 өдрийн 00402 дугаар шийдвэрээр Д.Баасантуяагийн хүсэлтээр, Э.Мөнхбаяр, Ж.Хишигсайхан нарыг эрэн сурвалжлуулахад 70.200 төгрөг төлсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Зохигчдын тайлбараар 600.000 төгрөг, 400.000 төгрөг, 300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөгийг бодитоор зээлсэн ба 3 сарын хүү 780.000 төгрөг нийт 2.080.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлбөрт төлсөн 360.000 төгрөгийг хасахад 1.720.000 төгрөг төлөхөөр байна. Үүн дээр хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн 70.200 төгрөгийг нэмэхэд 1.790.200 төгрөг төлөх үндэслэлтэй ба хариуцагч нийт 2.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.Мөнхбаяр нь зээлдэгч Д.Баасантуяагаас мөнгө зээлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгчийн  тайлбараар мөнгө зээлсэн гэдгээ нотлож чадаагүй тул Э.Мөнхбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ж.Хишигсайханаас нийт 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баасантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 590.200 төгрөгт холбогдох хэсгийг  болон Э.Мөнхбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн    115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Хишигсайханаас нийт 2.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баасантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 590.200 төгрөгт холбогдох хэсэг, Э.Мөнхбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Баасантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Хишигсайханаас улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Д.Баасантуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

             

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.СОЛОНГО