| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/42 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/42
2020 01 29 2020/ШЦТ/42
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Хохирогч О.М
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Н.Э-од холбогдох эрүүгийн 1921008150390 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдсан гэх, ........... овогт Н.Э. /РД: ................../
Шүүгдэгч Н.Э нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг ................ тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ээж О.Мг “тамхи аваад ир” гэж загнан, орилж хашгирч, харгис хэрцгий харьцсан, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ээж О.М руу алх шидэж, догшин авирласан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээж М-д агсан тавьж, “ална, хядна” гэж айлган сүрдүүлж, төмөр суга таягаар баруун мөрөнд нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан зодсон, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “амтгүй хоол хийсэн байна” гэж шалтаглан аягатай хоолоо ээж О.М руу шидэж, догшин авирлан, гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай том хүү Н.Э 2009 онд автын осолд орж, хөлөө тайруулаад түүнээс хойш архи уудаг болсон. 2019 оны 05 дугаар сард манай хүү Н.Э өөрийн хашаа байшингаа зараад 06 дугаар сараас зээ охин бид хоёртой цуг амьдрах болсон. Н.Э нь архи уухаараа их ууртай болдог бөгөөд уур, уцаараа надад гаргаж, намайг янз бүрийн хэл амаар доромжилдог. ...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр...гэртээ хүү Н.Э согтуугаар агсан тавьж, намайг тамхи аваад ир гээд загнаад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн боловч “тамхи аваад ир пиздаа минь” гээд над руу орилоод байсан. ...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Н.Э гэрийнхээ хашааг янзалж байхдаа над руу орилж, хашгираад гартаа барьж байсан алхаа чулуудсан. Тэр алх нь намайг оноогүй, 1 метрийн зайтай газар унасан. ...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н.Э гэртээ согтуу орж ирээд агсан тавьсан. Намайг “ална, хядна” гэж хэлээд байх шиг байсан. Тэгж байтал гэнэт Н.Э намайг өөрийнхөө төмөр суга таягаар миний баруун мөрөнд цохисон. ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ зээ охин ******* цуг цуйван хийгээд сууж байсан. Н.Э гаднаас их ууртай орж ирээд “пиздануудаа хурдан хоолоо хий” гэсэн. Би зээ охинтойгоо хамт цуйвангаа гаргаад Н.Э-од хоолыг нь аягалж өгсөн. Н.Э хоолоо амсаж үзчихээд аягатай хоолоо над руу чулуудсан. Шидсэн аягатай хоол нь миний хөлийг шүргээд газар унаж хагарсан ба “амтгүй хоол хийсэн байна, дахиад хоол хийгээд, чихэртэй хар цай чана” гэж бахирсан. Охин бид хоёр дахин цуйван хийгээд Н.Э-од өгсөн. ...Миний хүү хааяа архи уудаг, архи уухаараа уурлаж бухимдаад байдаг. Одоо миний хүү архи уухгүй байгаа. Хүү бид хоёр хамт амьдардаг. Би хууль сайн мэдэхгүй учраас цагдаад дуудлага өгч ийм байдалд хүрлээ. Би хүүгээ шоронд оруулмааргүй байна...” гэжээ. /хх-ийн 35-37 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 4 дүгээр баг, ................. тоотод эмээ М, 1 настай охин ******* нарын хамт амьдардаг. Н.Э ах анх эмээ бид хоёртой амьдарч эхлэхдээ уурлаж, агсан тавьдаггүй байсан. 2019 оны 09 сараас Н.Э ахын зан ааш өөрчлөгдөж, эмээ бид хоёр руу хашгирч, уур бухимдлаа гаргах болсон. ...эмээгээ Н.Э ахтай орхиж явахаас айдаг. ...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр...Н.Э ах хашаа засаж байсан ба эмээ түлээгээ янзалж байсан. Тэр үед Н.Э ах эмээ рүү “юм аваад өгчихгүй юмаа пизда чинь” гээд гартаа барьж байсан алхаа чулуудсан. Тэр алх нь эмээг оноогүй. ...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би эгч ******* уулзаад эмээ Н.Э ахад таягаар цохиулсан тухай сонссон. Эмээгээс асуухад Н.Э намайг төмөр таягаар цохисон, баруун гарын сарвуу нээгдэхгүй байна гэж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ эмээтэйгээ цуйван хийгээд сууж байтал гаднаас Н.Э ах нэлээн ууртай орж ирсэн. Н.Э ах архи уугаагүй байсан ба “та нар хоолоо хурдан хий л дээ” гэж хашгирсан. Эмээ бид хоёр хоолоо гаргаад Н.Э ахад цуйвангаа аягалаад өгтөл амсаж үзээд аягатай хоолоо шууд эмээ рүү шидсэн. Тэр хоол эмээг оноогүй, хажуугаар нь өнгөрч газар унаад хагарсан. Та нар амтгүй хоол хийсэн байна, дахин хоол хий гэж бид хоёрт хэлсэн...” гэжээ. /хх-ийн 41-43 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ээж М манай гэрт ирээд Н.Э над руу алх чулуудаад бид нар руу уурлаж, зандраад байна, би яах вэ” гэсэн. ...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээж М гэрт ирээд “Н.Э харааж, зүхээд хүүхдээ зодож байгаа юм шиг төмөр таягаараа намайг цохичихлоо” гэсэн. ...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой ээж манайд нэлээн даарсан байдалтай орж ирсэн бөгөөд “Н.Э аягатай хоол чулуудаж, хагалаад өмөөрөх ах дүүтэй хүн, ах дүү нараа дуудаад ир” гэж дарамтлаад байна гэсэн. Би ээжийг гэрт үлдээгээд Н.Э ахын гэр рүү очиход дүү *******бүр айчихсан байдалтай гэрээ цэвэрлээд сууж байсан ба шалан дээр аяга хагараад хоол асгарсан байсан. Тэгээд би цагдаа дуудаж, Н.Э ахыг бариулсан...” гэжээ. /хх-ийн 44-45 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* овогтой Н.Э нь манай багийн иргэн бөгөөд...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 дүгээр багийн Засаг даргын ажлын албаны хамтарсан багийнхан Н.Э-ын гэр бүлд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийхэд Н.Э нь 7 хоногт хоёр удаа ээж М болон дүү *******нарыг загнаж, дарамтлах, ээжийгээ цохиж зодох хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдсон. Н.Э нь манай багийн архины хамааралтай иргэд болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаанд байдаг...” гэжээ. /хх-ийн 46-47 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 708 тоот дүгнэлтэд:
1. О.М-гийн биед баруун мөрний хэсэг, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, цаг хугацаааг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 49 тал/
- Зөрчлийн хэрэг нээх тогтоол /хх-ийн 7 тал/
- Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд /хх-ийн 8-19 тал/
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 20-21 тал/
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 24-32 тал/
- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 58 тал/
- Тэтгэмжийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 61 тал/
- Н.Э-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40, 53-56 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ........... овогт Н.Э нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг ............... тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч ээж О.М-г “тамхи аваад ир” гэж загнан, орилж хашгирч, харгис хэрцгий харьцсан, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эх О.М руу алх шидэж, догшин авирласан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эх М-д агсан тавьж, “ална, хядна” гэж айлган сүрдүүлж, төмөр суга таягаар баруун мөрөнд нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан зодсон, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “амтгүй хоол хийсэн байна” гэж шалтаглан аягатай хоолоо эх О.М руу шидэж, догшин авирлан, гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд “баруун мөрний хэсэг, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн хэрэг нээх тогтоол, зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэтгэмжийн дэвтэрийн хуулбар, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 708 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч О.М нь шүүгдэгч Н.Э-ын төрсөн эх байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарах ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, ...эдийн засаг, бие махбодоор...хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон тул хохирогч О.М-г гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Мөн “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхаар тайлбарласан байна.
Н.Э нь 4 удаа /байнга/-гийн үйлдлээр хохирогчийг “...тамхи аваад ир” гэж загнан, орилж хашгирч, харгис хэрцгий харьцсан, ...алх шидэж, догшин авирласан, ...агсан тавьж, “ална, хядна” гэж айлган сүрдүүлж, төмөр суга таягаар баруун мөрөнд нь цохиж...зодсон, ...“амтгүй хоол хийсэн байна” гэж шалтаглан аягатай хоолоо…шидэх зэргээр сэтгэл санааны болон бие махбодын шаналал үүсгэсэн түүний үйлдэл нь тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийн хэлбэртэй, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг,
- Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эх М-д агсан тавьж, “ална, хядна” гэж айлган сүрдүүлж, төмөр суга таягаар баруун мөрөнд нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун мөрний хэсэг, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдсэн,
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдсэн,
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Н.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Э-од оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч О.М нь шүүгдэгч Н.Э-од гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н.Э-ын ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт Н.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Э-од оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-од оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Э-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ