Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 198

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Л.Цэвэлсүрэн,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ё” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн 1906 03260 0206 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3,  Хан-Уул дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн анхан шатны 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн шүүхийн анхан шатны 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 д зааснаар 1 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Д .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ласо” зочид буудалд хамтран амьдрагч Л.Цэвэлсүрэнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохиж улмаар

түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Цэвэлсүрэн мэдүүлэхдээ: “...”Гомдол санал байхгүй. Эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Цэвэлсүрэнгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-10/, аюулын зэргийн үнэлгээ /хх-11/, хохирогч Л.Цэвэлсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-21/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6565 дугаартай дүгнэлт /хх-33/, Б.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-/, шүүгдэгч Б.Дэлгэржаргалийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-58/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ласо” зочид буудалд хамтран амьдрагч Л.Цэвэлсүрэнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Цэвэлсүрэнгийн өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өглөө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Ласо” зочид буудал буюу хуучин ажил дээрээ очоод байж байтал хамтран амьдрагч болох Б.Дэлгэржзргал орж ирээд “чи муу хаана хоносон юм бэ” гээд барьж түцний түлхүүр шидээд баруун талын нүдрүү 1-2 удаа цохьсон. Тэгээд ирээд угаалгын өрөөний хэсэг буюу хяналтын камергүй газар руу чирч аваачаад нүүр болон бусад хэсэгт цохиж үснээс зулгаасан. Тэгээд зугтаад гараад гүйчихсэн. Миний баруун нүд хөхөрч хавдсан.” /хх-21, 25-26/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Би нөхөр Б.Дэлгэржаргалтай эвлэрсэн. Бид хоёрын дунд ямар нэг хохирлын маргаан байхгүй. Надад санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-92/ гэх хүсэлт,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6565 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Цэвэлсүрэнгийн биед тархи доргилт, баруун зовхи. хацрын төвгөрт цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” /хх-33/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д яллагдагчаар өгсөн: “....Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Эхнэр надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Нүд нь хөхөрсөн байж байгаад хэд хоногоос зүгээр болсон.” /хх-85-86/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-91/ гэх хүсэлт,

 

          Хохирогч Л.Цэвэлсүрэнгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-10/,

          Аюулын зэргийн үнэлгээ /хх-11-14/,

         “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-31/,

          Хохирлын баримт /хх-32/,

          Шүүгдэгч Б.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-58/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Д 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ласо” зочид буудалд хамтран амьдрагч Л.Цэвэлсүрэнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Л.Цэвэлсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Д ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Д 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС