| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/01680/И |
| Дугаар | 1531 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 1531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот багт оршин байх Хаан банк-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, БЗ76110206 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Таравалин хотхон, 48В байрны 102 тоотод оршин суух Дураал овогт Буян-Оршихын Эрдэнэбулган,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЧО77091215 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Таравалин хотхон, 48В байрны 102 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрийн Оргил нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,279,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч Т.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Эрдэнэбулган нь Хаан банкны Орхон салбар, Жаргалант тооцооны төвөөс 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 09/54 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авч хуваарийн дагуу төлж байгаад 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 09-172 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэмэлтээр 490,000 төгрөг, нийт 2,497,139 төгрөгийн цалингийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Зээлдэгч Б.Эрдэнэбулган нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,308,373.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 493,806.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,396.40 төгрөг нийт 1,818,576 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Т.Оргил нь Хаан банкны, Орхон салбар, Жаргалант тооцооны төвөөс 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 09/54 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч Т.Оргил нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-дэх хэсэгт зааснаар зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 219,328.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,186.39 төгрөг, нийт 410,800.00 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч, зээлдэгч нар нь зээл авах үедээ оршин сууж байсан хаяг дээрээ байхгүй, олдохгүй байсан тул банк шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, зэлэдэгч Б.Эрдэнэбулганыг Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 975 дугаар шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр, зээлдэгч Т.Оргилыг Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1045 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр тус тус гарч байсан. Иймд банк зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг үндэслэн Б.Эрдэнэбулганаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,797,301.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 144,206.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,744.89 төгрөг нийт 1,963,253.66 төгрөгийг, Т.оргилоос үндсэн зээлийн төлбөр 1,202,671.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 95,882.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,594.81 төгрөг нийт 1,316,148.11 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 4,500 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Т.Оргил шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Оргил 2009 оны 5 дугаар сарын 08-ний өдөр 1,500,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар, Б.Эрдэнэбулган 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг авч төлж байгаад 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлтээр 490,000 төгрөгийн зээлийг нэмж аван 2,497,139 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн. Т.Оргил миний бие зээлийг төлж байгаад 2009 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод шилжин ажилласан. Үүнээс болж зээлийн хуваарьт бага зэрэг доголдол үүсч тухай бүр зээлийн эдийн засагчтай ярьж асуудлыг шийдсээр зээлийг 2010 оны 4 дүгээр сарыг дуустал асуудалгүй төлж байсан. Эхнэр Б.Эрдэнэбулган 2010 оны 4 сарыг дуустал авсан зээлээ төлж байгаад БНТУ-д ажиллахаар болж Хаан банкны эрхлэгчт амаар мэдэгдэж хуваарийн дагуу зээлээ төлж байхаар тохиролцсон. Гэтэл тун удалгүй Жаргалант сумын Хаан банкны эрхлэгч, эдийн засагч солигдож авсан зээлээ бүгдийг төлөх, ирж уулзахыг шаардаж 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эдийн засагчтай уулзсан. Ингээд зээлээ бүгдийг эхнэрийн зээлийн хамт төлөхийг шаардахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа талаар хэлэхэд Улаанбаатар хотод өөрөө, эхнэр чинь БНТУ-д байгаа тул хөөцөлдөж чадахгүй гэсэн. Одоо бөөнөөр төлөх боломжгүй гэдгээ хэлэхэд өөрийн машинаа зээлийн үлдэгдэлд хураалгахыг шаардсан. Эхнэртэйгээ ярилцаад өөрийн болон эхнэр Б.Эрдэнэбулганы зээлийн үлдэгдэл автомашинаа өгөхөөр болж тэр өдрөө эдийн засагч эмэгтэй, банкны ажилтан, цагдаагийн ажилтан гурвуулаа ирж машиныг хурааж авсан. Уг машиныг Хаан банкны лизингийн зээлээр 4,600,000 төгрөгөөр аваад зээлийг барагдуулж дууссан, Сүзүки маркийн ОРХ32-79 улсын дугаартай автомашин байсан. Энэ машинаа хураалгаснаар зээл хаагдана гэж эдийн засагч хэлж байсан. Уг автомашиныг 3,500,000 төгрөгөөр худалдан авах сонирхолтой миний таньдаг найз, хамт ажиллаж байсан хүмүүс байсан боловч эдгээр хүмүүс Хаан банкин дээр очиход ийм хямдаар зарахгүй гээд явуулсан байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээгээ зөрчин бөөнөөр зээл төлж дуусгахыг шаардаж автомашин хурааж авсан, тэр машин одоо болтол Жаргалант сумын айлын хашаанд байгаа, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хурааж авсан мөртлөө 2010 оны 9 дүгээр сард шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж нэр хүндэд халдсан, Өдий 6 жилийн хугацаанд асуудлыг шийдээгүй, Зээлийн үлдэгдэл автомашин хурааж авсан боловч биднийг Монгол банкны мэдээллийн санд оруулж муу зээлийн муу түүхтэй болгож, дахиж ямар ч банкнаас зээл авах боломжгүй болгосон нь Хаан банкны болон салбар нэгжүүдийн удирдлага, ажилтануудын хариуцлаггүй үйлдэл гэж үзэж байна. Иймд Т.Оргил, Б.Эрдэнэбулган бид Хаан банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжилж буй 3,279,402 төгрөгт автомашинаа хураалган зээлийг хугацаандаа төлж барагдуулсан гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Т.Оргил, Б.Эрдэнэбулган нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,279,402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Оргил, Б.Эрдэнэбулган нар зээлийн үлдэгдэл төлбөрт 2010 онд автомашинаа хураалгаж хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Б.Эрдэнэбулган нь 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хаан банктай 09/54 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2,500,000 төгрөгийг, 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 09-172 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 490,000 төгрөгийг нэмэлтээр зээлж нийт 2,497,139 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр, хариуцагч Т.Оргил нь 2009 оны 5 дугаар сарын 08-ний өдөр 09/54 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 4-6 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан цалингийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Т.Оргил, Б.Эрдэнэбулган нар зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1 дэх заалтыг зөрчиж гэрээнд заасан хугацаандаа зээлийг буцаан төлөөгүй зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,973.15 төгрөг, хүү 240,088.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,339.7 төгрөг нийт 3,279,402 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч нар нь зээлийн нийт үлдэгдэл төлбөрт 4,600,000 төгрөгийн үнэ бүхий 32-79 ОРХ улсын дугаартай Suzuki маркийн автомашиныг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны эдийн засагч болон банкны ажилтанд хураалгаж зээлийн гэрээний үүргээ биелүүсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Хаан банк нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгасан акт-ыг үйлдэж хариуцагчийн Т.Оргилын эзэмшлийн 4,600,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгасан акт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 35 дугаар тал/
Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж зааснаар зээлдүүлэгч Хаан банк нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт хүлээн авсан хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангах боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт уг автомашинаа хүлээлгэн өгч гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.Оргил, Б.Эрдэнэбулган нараас зээлийн гэрээний үүрэгт 3,279,402 төгрөгийг гаргуулах тухай Хаан банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Оргил, Б.Эрдэнэбулган нараас зээлийн гэрээний үүрэгт 3,279,402 төгрөгийг гаргуулах тухай Хаан банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ