| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 278 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн 2006 00013 0104 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, менежер ажилтай ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монгол дээж” караокед иргэн Э.Энхтайвантай маргалдан улмаар түүний зүүн мөрөн тус газар 1 удаа хутгаар хатгаж, биед нь зүүн эгэмний гадна доод гадаргуун хатгагдсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, хохирогч Э.Энхтайваны өгсөн мэдүүлэг /хх-14-21/, гэрч Б.Дунгармаагийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Х.Гэрэлт-Одын өгсөн мэдүүлэг /хх-30-32/, гэрч Г.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-33-35/, гэрч С.Алтанхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-39-41/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 797, 174 дугаартай дүгнэлтүүд /хх-47-48, 58-60/, Б.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-101/, шүүгдэгч Б.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-72/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монгол дээж” караокед иргэн Э.Энхтайвантай маргалдан улмаар түүний зүүн мөрөн тус газар 1 удаа хутгаар хатгаж, биед нь зүүн эгэмний гадна доод гадаргуун хатгагдсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхтайваны өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол дээж” караокед 19:00 цагийн орчим эхнэр Б.Дунгармаа, Х.Гэрэлт-Од, ах Гантогтох нарын хамт орсон. Тэнд ороод бид нар 0.75 граммын Чингис архи аваад уусан. Архи талдаа орж байтал манай дүү Х.Гэрэлт-Од тамхи татах гээд тамхины өрөө рүү явсан. Тэгээд би араас нь бас тамхи татах гээд тамхины өрөө рүү очтол манай дүү Х.Гэрэлт-Од нь Б.Д гэх залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь сандал дээр суухдаа Б.Д шүргэчихсэн юм. Тэгсэн Б.Д намайг “чи хэн бэ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б.Д гэх залууд хандаж “би яасан юм бэ” гэж хэлээд сууж байсан сандал дээрээсээ боссон. Тэгсэн Б.Д гэх залуу халааснаасаа эвхдэг хутга гаргаж ирээд миний зүүн мөрөн тус газар нөгөө хутгаараа 1 удаа хатгасан. Би бага зэргийн согтолттой байсан. Болж байгаа үйл явцыг санаж мэдэх чадвартай байсан. Би Б.Д гэх хүнийг зүс танина. Бид хоёрын дунд урьд өмнөх ямар нэгэн өс хонзон, хэрүүл маргааны шинжтэй зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй учраас надад хохирол мөнгөтэй холбоотойгоор гаргаад өгөх баримт байхгүй байна. Надад Б.Д “эмнэлэгт үзүүлээрэй” гээд 480.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна. 6.000.000 төгрөг нэхэмжилж байна.” /хх-14-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дунгармаагийн өгсөн: “...Би 12 дугаар сарын 23-ны орой 19:00 цагийн орчим нөхөр Э.Энхтайван, дүү нь Х.Гэрэлт-Од нөхрийн хамаатан ах Гантогтох нарын хамт “Монгол дээж” пабад суугаад 1x1 шил пиво, Чингис нэртэй 0.5 литрийн 1 шил архи захиалаад дуусгаагүй сууж байсан. Нөхөр Э.Энхтайван, дүү Х.Гэрэлт-Од нар нь “тамхи татаад ирье” гээд тамхины өрөө рүү яваад удаагүй байж байсан. Х.Гэрэлт-Од сонин царай гаргаад гүйгээд ирсэн ард нэг өндөр эмэгтэй “Дондоо чи хүн хутгалчихлаа шүү дээ” гээд орилоод хүмүүс шуугилдаад явчихаар нь тамхины өрөөнд нь ортол нөхөр Э.Энхтайваны зүүн талын эгэмний яс орчмоос нь олгойдож гараад байж байсан. Тэгээд 102, 103 дуудлага өгсөн юм. Тэр хүмүүс бараг бид нартай хамт пабад орж ирээд VIP өрөөнд сууцгааж байсан. Тэд нар 1 эмэгтэй, 3 эрэгтэй сууж байсан. Би тэр Донди гэж залууг зүс мэднэ. “Монгол Дээж” пабын захирлын хүүхэд гэж зүс мэднэ.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гэрэлт-Одын өгсөн : “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол дээж” караокед танил ах нар болох Э.Энхтайван, түүний эхнэр Б.Дунгармаа, Гантогтох ах нарын хамтаар 20:00 цагийн орчим ороод 1 шил 0,75 граммын хар Чингис архи аваад хувааж уусан. Би тэгээд тамхи татах гээд тухайн караокены тамхины өрөө рүү ортол үл таних 2 залуу тамхи татаад юм яриад зогсож байсан. Тэгсэн Б.Д гэх залуу нь над руу хандаж “чи энэ сандал дээр суухгүй шүү, би энэ газрын хүн нь байна” гэх мэтээр дайрч эхэлсэн. Тэгээд би тэр Б.Д гэх үл таних залуутай маргалдаад зогсож байтал манай танил ах болох Э.Энхтайван тамхи татах гээд миний араас тамхины өрөө рүү орж ирсэн. Тэгээд Б.Д гэх хүний араар нь гарахдаа нөгөө хүнийг шүргэчихсэн юм. Тэгсэн нөгөө Б.Д гэх залуу уурлаж манай ахтай маргалдаж байснаа өмсөж явсан өмднийхөө халааснаас эвхэгддэг тонгорог гаргаж ирээд маргалдсан. Тэгсэн манай ах Э.Энхтайван тэр Б.Д гэх залууд хандаж “чи чаддаг юм шаачхаач, чадахгүй байж больж үз” гэх хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад заамдалцсан. Тэгсэн нөгөө Б.Д гэх залуу нь Э.Энхтайван ахын зүүн талын мөрөн тус газар нь нөгөө эвхэгддэг тонгоргоороо 1 удаа хатгасан. Бид нар караокед ороод хүний нэг нэг шил пиво уусан. Мөн авсан архиныхаа талыг уусан байсан.” /хх-27-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батмөнхийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18:00 цагийн орчим Б.Доржханд, Г.Номин-Эрдэнэ нарын хамтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол дээж” караокед орсон. Бм караокед орохдоо гаднаас уучихсан орсон. Тэнд ороод бид нар миний санаж байгаагаар гурав 0.75 граммын 1 шил архи аваад бид гурав хувааж уусан. Би тэр архийг ууж байхдаа согтоод тасраад унтчихсан байсан. Нэг мэдсэн намайг тухайн газрын зөөгч нь сэрээгээд “хамт явж байгаа хүн чинь хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би босоод караокены тамхины өрөөнд очтол цагдаа нар ирчихсэн. Б.Д эрүүлжүүлэх рүү аваад явчихсан байсан. Тэгээд би Г.Номин-Эрдэнээс юу болсон талаар асуухад надад юу ч хэлээгүй. Бас тухайн үед Г.Номин-Эрдэнийн найз гээд С.Алтанхүү гэх үл таних залуу ирчихсэн зогсож байсан.” /хх-30-32/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Номин-Эрдэнийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Б.Доржханд, Б.Батмөнх хоёр “Сэлэнгэ аймгаас орж ирлээ” гээд манай ажил дээр ирсэн. Тэгээд бид гурав манай ажлаас гараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Монгол дээж” караокед 20:00 цагийн орчим орсон. Караскед ороод тус караокены хамгийн мухрын VIP өрөөнд орсон Тэнд ороод 0,75 граммн Соёрхол архи 1 шилийг авсан. Бид гурав архиа хувааж уугаад архи дундаа орж байхад нь би ажлынхаа С.Алтанхүү гэх залууг утсаар дуудаж, С.Алтанхүү ирсэн. Тэгээд үлдсэн архиа бид 4 хувааж уусан. Тэгээд дахин 1 шил 0,5 граммын Соёрхол архи хуваан уусан. Тэр архиа хувааж уугаад дуусаж байтал Б.Д Алтанхүү хоёр “тамхи татна” гээд тамхины өрөө рүү орсон. Харин Б.Батмөнх бид хоёр өрөөнд үлдсэн. Тэгсэн Б.Батмөнх тасраад унтаад өгсөн. Тэгсэн 30 орчим минут өнгөрөхөд Б.Доржханд, С.Алтанхүү хоёр орж ирэхгүй байхаар нь би Б.Батмөнхийг унтаа чигээр нь өрөөнд орхиод тэр хоёрын араас тамхины өрөө рүү очтол үл таних нэг эрэгтэй хүн цус болчихсон. Зүүн мөрнийх нь доод хэсгээс цус гарч байсан. Тэгсэн тэр үл таних хүн Б.Д руу 2, 3 залуугийн хамт зодох гээд дайраад байсан. Би юу болоод байгаа талаар асуухад өнөөх үл таних эрэгтэй хүн “энэ Б.Д гэх залуу намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн бас үл таних хэсэг залуучууд орж ирээд “чи манай ахыг хутгалчихлаа” гээд орилж чарлаад зодож цохиод байсан. Тэгээд караокены бармен хүүхэн нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд Б.Д аваад явсан. Б.Д бол нээх согтуу бол байгаагүй. Гайгүй л байх шиг байсан. Нөгөө хутгалуулсан гэх үл таних эрэгтэй хүн нь харин нэлээн согтуу байсан.” /хх-33-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Алтанхүүгийн өгсөн: “...Би ажлаа тараад 20:00 цагийн орчим гэрлүүгээ явах гээд байж байтал манай найз Г.Номин-Эрдэнэ надруу залгаад “би Амгалангийн “Монгол дээж” караокед 2 найзын хамт байна, миний найз хүрээд ирэх үү” гэсэн. Тэгээд би ажлаасаа гараад такси бариад “Монгол дээж” караоке дээр очсон. Тэнд очиход Г.Номин-Эрдэнэ үл таних 2 залуугийн хамтаар VIР өрөөнд архи уугаад сууцгааж байсан. Тэгээд Г.Номин-Эрдэнийн найзууд гэх Б.Доржханц, Б.Батмөнх нартай танилцсан. Намайг анх караокед ороход тэр гурав 0,75 граммын талаасаа дээгүүр 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд өнөөх архийг нь бид 4 хувааж уусан. Тэгсэн караоке дотор Б.Д танил эгч таараад Б.Д 1 шил 0,5 граммын Чингис архи авч өгсөн. Тэр архийг нь Г.Номин-Эрдэнэ, Б.Доржханд, Б.Батмөнх бид 4 хувааж уусан. Тэгээд тамхи татах гээд Б.Д бид хоёр тамхины өрөө рүү орсон. Тэгсэн Б.Д үл таних 2 залуутай маргалдаад, нэг залуутай нь хоёр биенээ түлхэлцээд байх шиг байх шиг байсан. Тэгсэн гэнэт хартал Б.Д гарт жижигхэн хутга байсан. Тэгээд би “гарт нь хутга байна” гэж хэлтэл өнөөх хоёр залуугийн арай насаар бага залуу нь Б.Д хутгыг авах гээд гартай нь ноцолдож байсан. Тэгсэн караокены нэг зөөгч хүүхэн орж ирээд Б.Д гарнаас өнөөх хутгыг нь авсан. Тэгээд хутгыг нь аваад Б.Д үл таних 2 залуутай маргалдаад байж байтал нэг залуугийнх нь зүүн мөрнийх нь доод хэсэг орчмоос цус гарч байсан. Хэзээ яагаад хутгалсныг нь яг хараагүй. Ёстой хормын төдийд л болсон байх. Тухайн үед Б.Д “цагдаа дуудаарай, түргэн дуудаарай” гээд орилоод байсан. Тэгсэн Г.Номин-Эрдэнэ тамхины өрөөнд Б.Д бид хоёрын араас орж ирээд намайг тэр тамхины өрөөнөөс аваад гарсан. Тэгээд л байж байтал цагдаа, эмнэлэг ирсэн.” /хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Азжаргалын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны едөр манай “Монгол дээж” караокены захирлын хүүхэд буюу манайд менежер ажиптай Б.Д үл таних нэг эмэгтэй эрэгтэй хамтаар “Монгол дээж” караокед орж ирсэн. Удалгүй араас нь бас нэг үл таних эрэгтэй хүн бас орж ирээд тэр дөрөв VIP өрөөнд орсон. Тэгээд 0,75 граммын Хар чингис архи 1 шилийг авсан. Тэгсэн караокед сууж байсан. Б.Д танил гэх хүн дахин 0,5 граммын Хар Чингис архи авч тэр дөрөвт өгсөн. Тэгээд Б.Д 3 найзынхаа хамтаар дуулаад л сууж байсан Тэгсэн хэсэг хугацааны дараа цагийг нь яг санахгүй байна. Б.Д тамхины өрөөнд тамхи татаад сууж байсан. Тэгсэн тамхины өрөөнд байсан үл таних нэг эрэгтэй хүн гэдгийг би анзаарч хараагүй. Хэрүүл маргаан болж байгаа дуу чимээ сонсогдоогүй. Тэгсэн намайг тэкен дээр зогсож байтал манай зөөгч Баярцэцэг надад нэг хутта авчирч өгсөн. Яг ямар хутга байсныг нь би анзаарч хараагүй, ямар ч л байсан жижиг хутга л байсан. Тэгээд би өнөөх хутгыг нь тэкны доод талын лангуун дээр тавиад, тамхины өрөө рүү ортол Б.Д надад хандаж “би хүн хутгалчихлаа түргэн, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд би түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд, би хутгыг нь цагдаа нарт гаргаж өгсөн. Би өөрийн нүдээр бол хараагүй намайг тамхины өрөөнд ороход Б.Д надад хандаж “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Ер нь согтуу байсан. Нөгөө хутгалуулсан хүн нь ч гэсэн их согтуу байсан.” /хх-39-41/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар
сарын 31-ний өдрийн 797 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Энхтайваны биед зүүн эгэмний гадна доод гадаргуун хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-47-48/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 174 дугаартай дүгнэлт:
1. Э.Энхтайваны биед зүүн эгэмний доор сорви тогтоогдлоо.
2. Дээрхи сорви нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. 2019.12.23-ны өдөр 23:15 минутанд Яаралтай тусламын хуудсанд өргөн, 12-13 см гүн дээрээс доош чиглэлтэй гүн хатгагдсан шархтай...гэсэн байна. Энэ нь цээжний хөндийд нэвтрээгүй байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019.12.31-ний өдрийн 797 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” /хх-58-60/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж Э.Энхтайванд хэрэг болох байх гэж бодоод түүнд 480.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар Э.Энхтайван надад хохирол мөнгөтэй холбоотой ямар нэгэн баримт бичиг гаргаж өгөөгүй байгаа.” /хх-100-101/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8-7, 10-11/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-46/,
Зөвлөлгөөн авах бичиг /хх-61-62/,
Шүүгдэгч Б.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-72/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монгол дээж” караокед иргэн Э.Энхтайвантай маргалдан улмаар түүний зүүн мөрөн тус газар 1 удаа хутгаар хатгаж, биед нь зүүн эгэмний гадна доод гадаргуун хатгагдсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Энхтайванд 480.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн
төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Э.Энхтайван нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС