Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1606

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мартгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00107 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 733 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Давааням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Очирваань

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Мартгэрэл миний бие “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тушаалаар тус компанийн Удирдлага, санхүүгийн албаны даргаар томилогдсон. ... Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 08 дугаар тушаалаараа намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн, “удирдах ажилтны ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, Захирлын зөвлөлийн хурлаар сануулах арга хэмжээ авч байсан ба энэ зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас минь халсан. ... Уг өдрийн өглөө өөрийн ажил үүргээ гүйцэтгэх хүрээнд гүйцэтгэх захирал Х.Цогтбаатарын албан өрөөнд орж, “...ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэлийн ажлын байрны тодорхойлолтыг албан бичгийн хамт Авилгатай тэмцэх газар руу хүргүүлмээр байна. Би таны өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулмаар байна, үүрэг чиглэл өгнө үү” гэтэл тэрийг боловсруулах шаардлагагүй, би Б.Баярцэнгэл та 2-ыг ажлаас хална гэж бодож байгаа. Та хоёр Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлыг турхирч хийлгэсэн биз дээ” гэхэд нь би “Ямар үндэслэлээр халах юм бэ” гэж асуутал “Чи энэ байшинд удаа дараа зодолдоо биз дээ” гэж хэлсэн. Намайг ороход ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэл байсан ба дээрхи яриаг бүгдийг сонссон. ... Ц.Мартгэрэл миний бие ... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс болох 9 733 000 төгрөг буюу 1 дүгээр сарын үр дүнгийн шагнал 400 000 төгрөг, 1 дүгээр сарын цалингийн зөрүү 183 000 төгрөг, 2015 оны жилийн үр дүнгийн шагналт цалин 2 200 000 төгрөг, 1 сар болон 3 сарын цалин, үр дүнгийн шагнал нийлээд 3 520 000 төгрөг, 6 сарын 09 хүртэлх цалин, үр дүнгийн шагнал 550 000 төгрөгийг тус тус “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Мартгэрэл нь “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 78 тоот тушаалаар батлагдсан ажиллагсдын ёс зүйн дүрэм болох ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан журмыг удаа дараа зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ц.Мартгэрэлд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар сануулах шийтгэл ногдуулсан бөгөөд тухайн сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч Ц.Мартгэрэл хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй. Энэ үед ажиллагсдын ёс зүйн дүрэм батлагдаагүй байсан ба ажиллагсдын ажлын цаг ашиглалт муу, ажлын бүтээмж тааруухан, хариуцлагатай байх, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх компанийн нэр хүндийг өндөрт өргөж явах зарчим алдагдсан байсан. Иймд удирдлага зохион байгуулалтын хүрээнд ажиллагсдын ёс зүйн дүрмийг баталж хэрэгжүүлсэн. Мөн тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаатай ажлын байранд хэрэлдэн маргалдаж, бусдын ажил үүргээ биелүүлэх, хэвийн ажлаа хийхэд саад учруулсан үйлдэлд “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар 30-ны өдрийн 78 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ажиллагсдын ёс зүйн дүрмийн 2.2.5-д “ ажилтнууд нь хамт ажиллаж байгаа болон бусад ажилтнуудын эрх, эрх чөлөөг, хүндэтгэн харьцах”, 3.1.9-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны байгууллага, иргэд хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах”, мөн дүрмийн 3.1.20-т “ажилтнууд нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж, хамт олон, олон нийт иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэрэглэхгүй байх” заалтыг тус тус зөрчсөн. Дээрх сахилгын зөрчил гаргасан үйлдлийг нь 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Удирдлага, санхүүгийн албаны дарга Ц.Мартгэрэл, Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа нарт хоорондоо асуудлыг ярилцаж, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, ажил үүргээ хэрэгжүүлэхээр сануулах арга хэмжээ авсан. Энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн ажилтнуудын ёс зүйн зөрчил гэдэг нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журам ... энэ дүрмээр тогтоосон ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлсон. Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргасан. Мөн Ц.Мартгэрэл нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар батлуулах ёстой байсан Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг батлуулалгүй, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5,4 дүгээр зүйлийн 4.15 дахь заалтыг зөрчсөн тул Ц.Мартгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэсэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын агуулгатай нийцсэн байх ба хариуцагч хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-иас Ц.Мартгэрэлийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 473 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 260 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Диспетчерийн Үндэсний төв” ХХК-нд даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдолдоо: “...2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 цаг 30 минут орчимд Ц.Мартгэрэл нь хүний нөөцийн мэргэжилтэн П.Даариймаатай зүй бусаар харьцсан нь “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ажиллагсдын ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.24-д “...бусдын өрөөнд зөвшөөрөлгүй орох ... ажил үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байх” заалтыг зөрчиж арилжааны зохицуулалтын албаны дарга Ч.Энхжаргалын өрөөнд орж П.Даариймаа танай өрөөнд байсан мэтээр гүжирдэж, ажлаа хэвийн хийх нөхцөлийг алдагдуулсан. Энэхүү үйлдлээ хэрэгжүүлэхдээ Горим төлөвлөлт тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа болон Ч.Энхжаргал нарыг өдөн хэрүүл хийж ажиллагсдын хэвийн ажлаа хийхэд саад учруулсан. М.Мартгэрэл нь ажиллагсдын ёс зүйн дүрмийн 3.1.20-д заасан ажилтнууд нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж, хамт олон, олон нийт, иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэрэглэхгүй байх заалтыг зөрчсөн. Улмаар бусадтай хэрэлдсэн даруйдаа гүйцэтгэх захирал болон дэд захирлын өрөөнд орж П.Даариймаатай ажиллаж чадахгүй энэ хүнээ надаас зайлуулж өг, би н.Алимаатай ажилмаар байна гэх мэтээр орилж хашгирч хэл ам хийсээр байсан тул ажил олгогч аргаггүйн эрхэнд хүлээн звшөөрч түүний албанд н.Алимааг ажиллуулахаар болсон байдаг. Түүний энэхүү үйлдэл нь ёс зүйн дүрмийн 3.1.10-д заасныг зөрчиж өөрийн танил, найздаа хамт ажиллах санаа бодол тээж өөрийн ашиг сонирхолд нийцэх шийдвэр гаргуулсан болох нь тогтоогдсон. Ц.Мартгэрэл нь ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг баталж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны дотор ТУЗ-ын тогтоолоор батлуулаагүй нь хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д заасныг зөрчсөн, улмаар удирдлагад хандаж ...би таны өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин боловсруулмаар байна хугацаандаа амжсангүй гэж хэлсэн нь өөрийнхөө зөрчлийг хүлээн зөвшөөрснийг харуулж байна...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 733 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргаж, байгууллага дээр маргалдаж, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргаар 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот тушаалаар түүнийг удирдах ажилтны ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, Захирлын зөвлөлийн хурлаар сануулах арга хэмжээ авч байсан ба энэ зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.3-ын “в” заалтад тус тус заасныг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 6-8, 10/

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр “сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан”, өгсөн үүрэг даалгавар болон тавьсан шаардлага биелүүлээгүй гэх боловч давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байхад Ц.Мартгэрэлийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас 7 473 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мартгэрэлд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 260 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах оролцож хурлын товыг мэдсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирвааньд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 40 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваанийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                      Д.ЦОГТСАЙХАН