Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Х.Цэдэнбалжирын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяад Салхит 3 дугаар багийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчинтэй болохыг даалгах, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад Салхит 3 дугаар багийн Засаг даргаар Х.Цэдэнбалжирийг захирамжаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардлыг хэн буруутай хүнээр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байх тул хүлээн авч хянаад                                                        

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг 12 жилийн 3 дугаар сургуулийн урлагийн зааланд болсон Сүхбаатар сумын салхит 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонгох иргэдийн Нийтийн Хурлаар Х.Цэдэнбалжир миний бие багийн Засаг даргад өрсөлдөн дийлэнхи олонхийн санал буюу 69.13 хувийн санал авснаар багийн Засаг даргаар томилуулахаар Сүхбаатар сумын Засаг даргад уламжилсан, мөн 2017 оны 05 дугаар сарын 14-нд дахин хурлаар баталгаажуулан уламжилсан боловч одоо хүртэл батламжлахгүй, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хэмээн ажлаас халагдсан юм.

Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч мөн шийдвэрлэгдээгүй болно. Иймд:

1.Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяад Салхит 3 дугаар багийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлыг хүчинтэй болохыг даалгах,

2. Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад Салхит 3 дугаар багийн Засаг даргаар Х.Цэдэнбалжирийг захирамжаар томилохыг даалгах,

3. Миний ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардлыг хэн буруутай хүнээр гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Цэдэнбалжир нь тус багийн Засаг даргад өрсөлдөн дийлэнхи олонхийн санал буюу 69.13 хувийн санал авсан гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Учир нь Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурал нь хуулийн дагуу явагдаагүй байна.

            Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн. Тухайлбал тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэсэн заалт огт хэрэгжээгүй юм. Тус сумын хуралдаан хууль бус Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн тул дахин хуралдаан зохион байгуулж өгнө үү гэсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг ард иргэдээс ирүүлсэн юм. Иймд нэхэмжлэгч Х.Цэдэнбалжирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль нь хууль зүйн дагуу явагдаагүй юм. Х.Цэдэнбалжир нь тус багийн Засаг даргад өрсөлдөн дийлэнхи олонхийн санал буюу 69.13 хувийн санал авсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Энэ нь үндэслэлгүй байна. Учир нь:

1.Багийн Засаг даргыг сонгох үйл явц иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хурал болсон. Тухайлбал хурал эхлэнгүүт Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Золбаяр микропон шүүрч авч Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг гарга, зайлуул гэж иргэдийн өмнө намайг гутааж үг хэлэх эрхгүйгээр цагдаагийн ажилтнуудаар баривчлуулан заалнаас гаргасан ба нэр дэвшигч Х.Цэдэнбалжир нь миний араас цүнх, гадуур хувцасыг бараг шидэх шахам өгөхөөр нь энэ хурал юу болж байнаа та надад хариулаад өгөөч гэсэн чинь харин ийм байдал үүсчихлээ гээд хээв нэг инээгээд доромжилсон. Сүхбаатар сумын 3 дугаар багаас сонгогдсон Б.Эрдэнэчимэгийг 4 дүгээр багийн даргаар ажиллаж байсан Ариунтуяа чи нэр дэвшигчээ аваад зайл бараг манай багийн хуралд 4 дүгээр багийн иргэд хэрэггүй гэж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Бадрах тэргүүтэй нөхөд микропоноор орилж хурлын зааланд эмх замбараагүй байдал үүсгэж нэр дэвшигч Б.Эрдэнэчимэгийг мөн адил үг хэлэхийг нь хорьж бас л цагдаагийн ажилтнаар баривчлуулан заалнаас гаргахыг оролдох үед иргэд энэ хууль бус үйлдлээ зогсоогооч гэж хэлж байсан. Тус хурал нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хуулийн дагуу явагдаагүй гэдэг нь нотлох баримт болон дүрс бичлэгийг шүүхэд гаргаж өгч байна.

2.Сүхбаатар сумын 6 дугаар багийн 54 иргэд Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Сүхбаатар сумын Засаг дарга нарт Хурал хууль бус болсон тул дахин хуралдуулах хүсэлт өргөдөл гаргасан. Эдгээр иргэдийн өргөдөлтэй танилцахад иргэдийн Нийтийн Хурал болон сонгууль болох талаар зар мэдээ олон нийтэд өгөөгүй зөвхөн ардчилсан намын хэдэн хүн цуглаж хурал хийсэн байх магадлалтай гэх зэргээр эрх зөрчигдсан гэж бичсэн байна. Тус өргөдлийг хавсарган хүргүүлж байна.

3.Багийн Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын хурлын саналын хуудасны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 05 минут, 2016101948565 тоот лацыг задлав гэсэн гарчигтай гар бичмэлийг судлан үзэхэд нийт 230, хүчинтэй гээд тоо бичээгүй, бүчингүй 12 саналын хуудас 258 ширхэг үлдэгдэл /устгалд оруулав/ гэсэн байгаа нь утга агуулгын хувьд ойлгомжгүй ямар учраас устгасан гэдэг нь тодорхойгүй, бичсэн хүний гарын үсэг байхгүй, хэн бичсэн нь тодорхойгүй нэг хуудас баримт байгаа нь нотлох баримт болж чадахгүй байна.

4.Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын коммисын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг уншиж үзэхэд багийн Засаг дарга сонгох санал хураалтанд оролцсон нийт 242 хүнд 242 саналын хуудас тараасан бөгөөд санал хураалтын хайрцаг нээхэд хүчинтэй хуудас 230 хүчингүй хуудас 12 гэсэн байна. Энэ дээр дурдсан гар бичмэлээр бичсэн лацыг задалсан гэх баримттай зөрүүтэй байна. Тухайлбал гар бичмэл бичихдээ саналын хуудсыг 258 ширхэг гэж бичсэн байхад 03 тоот тогтоолд 242 ширхэг гэж эрс багасгаж бичсэн байна.

5.Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн Б.Эрдэнэчимэг, А. Ганболд нар нь 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын үйл явц хууль бус болсон тул тогтоолыг хүчингүй болгож хуулийн дагуу шударгаар дахин хуралдаан явуулж өгөхийг хүссэн өргөдлийг Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж ирүүлсэн болно.

6.Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний 05 дугаартай Салхитын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлыг дахин хуралдуулах тогтоол гаргасан боловч одоог хүртэл хуралдаагүй байна. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнэн үзэж Х.Цэдэнбалжирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү   гэжээ.

 

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяа би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах тухай тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 31 тоот “Тогтоол хүчингүй болгох тухай” Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болгож байгаа тул Х.Цэдэнбалжирын нэхэмжлэлтэй тус захиргааны хэрэгт хариуцагчаар татах үндэслэлгүй болж байх тул Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир шүүхэд гаргасан Нэхэмжлэлийн зарим хэсгээс татгазах тухай хүсэлтдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяа нь иргэн миний төрийн албанд томилогдож ажиллах эрхэд маань хууль бусаар халдсан тул миний бие хариуцагчаар татсан байсан юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын дагуу Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 31 тоот тогтоол гарган өөрсдийн гаргасан хууль бус тогтоол болох 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаасаа татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ: Х.Цэдэнбалжирын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 31 тоот тогтоолоор хүчингүй болгосон учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир татгалзсан нь үнэн. Харин Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгатай дараахь нөхцөлтэйгөөр эвлэрэлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн Засаг даргаар Х.Цэдэнбалжирыг захирамжаар томилох,

2.Ажилгүй байсан хугацааны цалинг 1.300.000 /нэг сая гурван зуу/ төгрөгөөр харилцан тохиролцож Х.Цэдэнбалжирт олгохоор тохиролцож эвлэрэлийн гэрээг байгуулж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тухайн эвлэрэлийн гэрээг байгуулахад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож ямар нэгэн байдлаар хөндлөнгийн нөлөөгүйгээр байгуулсан нь үнэн болно гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт “Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ариунтуяад Салхит 3 дугаар багийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчинтэй болохыг даалгах, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад Салхит 3 дугаар багийн Засаг даргаар Х.Цэдэнбалжирийг захирамжаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардлыг хэн буруутай хүнээр гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай Сэлэнгэ аймгийн Сүбаатар сумын “Салхитын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах тухай” тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 31 тоот тогтоолоор хүчингүй болгосон тухайгаа мэдэгдэж, хариуцагчаас чөлөөлөх тухай хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай тогтоол хүчингүй болсон тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн.

              Мөн нэхэмжлэгч Х.Цэдэнбалжир, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга нар нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг байгуулсан байна.  

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Цэдэнбалжирын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох “Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад Салхит 3 дугаар багийн Засаг даргаар Х.Цэдэнбалжирийг захирамжаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардлыг хэн буруутай хүнээр гаргуулах”-ыг хүссэн шаардалага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цэдэнбалжираас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ОДБААТАР