Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дхолбогдох эрүүгийн 1938004930010  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Дзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Дзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938004930010 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд хохирогч Батхишигийн хажуугаар зөрөхдөө мөрлөөд гарчихаар нь уурандаа нүүрлүү нь гараараа цохиод, толгойгоороо нүүрлүү нь мөргөсөн. Тэгэхэд хохирогч Батхишиг газарт унасан бөгөөд унах үед нь түүнийг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архиныхаа халуунд ийм муухай үйлдэл, ааш авир гаргасан. Миний хувьд гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Батхишигийн эмчилгээнд 600 мянган төгрөг бэлнээр төлж барагдуулсан...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр Мөрөн сумын 9-06-09 тоот гэрээсээ гарч халуун усанд орчихоод гарч ирээд хуучин ажиллаж байсан “Дотно” гэсэн нэртэй дэлгүүрийн урд утсаар хүнтэй яриад сууж байтал гэнэт нэг үл таних эрэгтэй хүн гудамжны гэрэлд орж ирсэн. Тэгээд би хажуугаар өнгөрөхнүү гэж бодоод сууж байтал шууд ирээд найз юу хийж байгаа юм гээд ирсэн. Тэгэхээр нь би таныг танихгүй юм байна явж үз гэж хэлтэл босохдоо цохичихно шүү гээд гараа далайж байгаад хаана ч цохих юм гэж хэлээд орхиод яваад өгсөн. Тэгснээ 1, 2 алхаснаа эргэж ирээд ерөөсөө алчихая гээд харахын завдалгүй нүдний шилрүү гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд миний нүдний шил газар унаж хагарсан. Тэгсэнээ энд тэндгүй цохисон...Би нүдний шилээ 40 000 төгрөгөөр засуулсан. Эмчилгээнд 300 000 төгрөгний зардал гарсан. Эмчилгээнд гарсан мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11, 20-21-р хуудас/

Гэрч Ж.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Би Ч.Дтай утсаар ярьж байтал хүнтэй хэрэлдээд гэнэт утас нь тасалдаад хашгираад утас нь салаад холбогдох боломжгүй болчихлоо, халуун уснаас дөнгөж явж байна гэсэн. Намайг очоод үзээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би 9 дүгээр багийн 5 дугаар гудамжны үзүүрт очиход Ч.Д гудамжинд нүдний шил хагарсан, утас нь салаад газар уначихсан. Газраас утасныхаа зайг хайгаад байгаа бололтой нэлээн айсан, хамар ам цус болчихсон байсан. Халуун уснаас гарч ирээд гэрлүүгээ утсаар яриад явж байтал танихгүй согтуу хүн ирээд мөргөж газар унагааж дээрээс дэвссэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Р.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 07 сард л юм хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан улсын баяр болохоос хэд хоногийн өмнө юм. Оройхон дэлгүүр лүү орох гээд хашаанаас гарахад манай урд талын гудамжны Мөнхболд гэх хүний хашааг шар подволктой хүн даваад орсон. Тэр хүн хашаа даваад ороход хашааны хүрээ мод нь ханзраад газар унасан. Тэгээд байж байхад Ч.Д хүнд зодуулчихлаа, намайг зодсон хүн энэ гудамж руу гүйж орсон гэж асуухаар нь урд талын хашаа руу даваад орчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ өдөр 20 цагаас эргүүлийн үүрэг аваад 14 дүгээр багт эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Ж.Пүрэвдоржийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Жижүүрийн утаснаас залгаад дуудлага өгөхдөө 9 дүгээр баг 6 дугаар гудамжинд эмэгтэй хүнийг хүн зодоод танхайраад байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход иргэн Чинзориг эмэгтэй хүн зодсон гэх хүнийг барьчихсан зогсож байсан. Чинзоригийн хажууд зодуулсан гэх эмэгтэй намайг энэ хүн зодоод алчих дөхлөө миний хэвлий хэсэг газар луу хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсэж зодсон талаар хэлж ярьж байсан. Тэгээд зөрчил гаргагчийг машиндаа суулгаад цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөд уг иргэний нэрийг асуухад Г.Д гэж нэрээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 352 дугаартай:

1. Ч.Дгийн биед баруун талын 9-р хавирганы шугаман хугарал, баруун 7-р хавирганы цууралт, зүүн шанаа, баруун гуянд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.  

3. Ч.Дгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар /хх-ийн 59-68 дугаар хуудас/,

Эрүүгийн 1938004930010 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Дзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Д-гийн /хх-ийн 10-11, 20-21-р хуудас/, гэрч Ж.Чинзоригийн /хх-ийн 22-23-р хуудас/,  гэрч Р.Ичинхорлоогийн /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Д.Бямбабаярын /хх-ийн 33-34-р хуудас/  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Д нь хохирогч Ч.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ч.Д нь эмчилгээний зардал 340.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Доос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д нь урьд 2009 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаад Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар захирамжаар 10 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 61-68-р хуудас/-аар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Г.Дын 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938004930010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож уг 30 /гуч/ хоногийн хорих ял дээр өмнөх 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 06 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 /арван нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 11 /арван нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ын цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

      6. Эрүүгийн 1938004930010 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Д нь эмчилгээний зардал 340.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Доос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР