Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/00965

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/0965

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: “Декоратор” ХХК-ийн ******* байшинд байрлах, улсын бүртгэлийн дугаар *******, ******* / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Их хөгжил констракшн” ХХК-д /******* байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011137150, РД:2832496/ холбогдох, 

Нийт 5.005.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

 Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.  

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Манай компани үүсгэн байгуулагдаад 24 жил болж байгаа. 2014 онд “Жи Би Си Зэт” ХХК нэртэй байсан, одоогийн нэрээр “Их хөгжил констракшн” ХХК-ийн менежер нь 2014 оны 9 сарын 19, 20, 22 өдрүүдэд нийт 3.850.000 төгрөгийн барилгын эмульс зээлээр авч 7 хоногийн дотор тооцоо хийхээр падаан дээр гарын үсэг зурж, иргэний үнэмлэхээ үлдээж явсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй, компаний захирал Гансүх, мөн гүйцэтгэх захирал нартай удаа дараа утсаар ярих, очиж үулзаж байхад өгнө хүлээж бай гэсэн хариу өгч байсан ба 2015 оны 11 сарын 15 дотор, 2016 оны 2 сарын 08 дотор төлнө гэсэн албан бичиг өгч байсан боловч танай мөнгийг өгөхгүй гэсэн хэрүүлийн үг яриа хэлдэг болсон. Удаа дараа очиж мөнгөө шаардаж байсан. Бид бүтэн хоёр жил хөөцөлдөөд мөнгөө олж авч чадахгүйд хүрч байна. Бид шүүхээр явъя гэхэд дахиад сарын хугацаа өгөөч гэсэн. 2016.02.15 өдөр болтол 3 сарын хугацаа өгсөн. Бид  тэрбум тэрбумын авлагатай, танай мөнгө юу ч биш гээд өгөөгүй. 2015 оны 6 сард мөнгөө өгөөч эвлэрье гэхээр эвлэрэхгүй байсаар байгаад өдий хүрсэн. Алданги тооцъё гэдэг асуудлыг хариуцагч өөрөө гаргасан. Иймээс үндсэн төлбөр 3.850.000 төгрөг, 30 %-ийн алданги буюу 1.155.000 төгрөг нийт 5.005.000 төгрөгийг гаргуулж өгнө үү .

 

Хариуцагчийн тайлбарыг сонслоо, 2016.09.25 өдөр үндсэн мөнгөө төлөөч гэсэн зүйлийг хэлж байсан ч мөнгөө төлөөгүй. Би төлбөрөө нэхэж нийт 77 удаа очсон Энэ компаний үүд хаалга түгжээтэй байдаг. Бид  Иргэний хуулийн 232-д зааснаар алданги тооцсон. Манай компаний захирал хариуцлага хүлээлгэх  үүднээс алдангийг тооцсон гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Манай компани 2014 оны 09 сард нийт 3.850.000 төгрөгийн барилгын эмульс зээлээр нэхэмжлэгчээс худалдан авсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай компани орон сууцны барилгын ажил хийж гүйцэтгэж байсан ба ихэнхи бараа материалаа зээлээр худалдан авч, төлбөрөө бартераар хийж гүйцэтгэдэг байсан. Бидний хувьд ч хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөө авч чадахгүйтэй холбогдон дараа дараагийн төлбөр тооцоо хойшлогдох асуудал их гардаг байсан. Улс эх орны эдийн засгийн хямрал ч нөлөөлсөн гэдгийг хэн ч ойлгож байгаа. Манай компани зээлээр худалдан авсан барилгын эмульсийн үндсэн төлбөр 3.850.000 төгрөгийг төлнө, энэ талаараа ч нэхэмжлэгчид хэлж байсан.

Хариуцагч талаас алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед бараа материал зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуульд зааснаар анзыг бичгээр байгуулна гэсэн байдаг. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй, хоёр байгууллага бичгээр гэрээ хийгээгүй учраас  алданги тооцохгүй гэв.

Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Декоратор” ХХК, хариуцагч “Их хөгжил констракшн” ХХК-д холбогдуулан нийт 5.005.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэргийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

“Декоратор” ХХК нь 2014 оны 9 сарын 19  өдөр 860.000 төгрөг,  2014 оны 9 сарын 20 өдөр 2.605.000 төгрөг, 2014 оны 9 сарын 22 өдөр 385.000 төгрөг нийт 3.850.000 төгрөгийн  барилгын эмульсийг хариуцагчид өгсөн болох нь зарлагын баримтаар болон талуудын тайлбараар нотлогдож байна. /х.х.5-7 тал/

Хариуцагч “ Их хөгжил констракшн” ХХК нь  нийт 3.850.000 төгрөгийг 2015.11.15 өдөр төлнө, үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцуулан хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна гэсэн утга бүхий албан бичгийг 2015.10.20, 2016.01.28 өдрүүдэд “Декоратор” ХХК-д хүргүүлсэнийг үндэслэн нэхэмжлэгч алданги нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн төлбөр 3.850.000 төгрөгийг төлнө, алданги 1.155.000 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “анзын гэрээг бичгээр хийнэ” хэмээн заасан, талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй тул алданги болох 1.155.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Хариуцагч “Их хөгжил констракшн” ХХК эмульс худалдан авсаны төлбөр болох 3.850.000 төгрөгийг, нэхэмжлэгч “Декоратор” ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч “Их хөгжил констракшн” ХХК-иас нийт 3.850.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Декоратор” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.155.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Их хөгжил констракшн” ХХК-иас нийт 3.850.000 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч  “Декоратор” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.155.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Декоратор” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их хөгжил констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 76.550 төгрөгийг  гаргуулж,  нэхэмжлэгч “Декоратор” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

             

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.СОЛОНГО