Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 27

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 2019         12         27                                  2019/ШЦТ/27

 

                                                                                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Ү.Д, Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Д, Ж.О нарт холбогдох эрүүгийн 1906 05545 2776 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ү.Д.

Ж.О.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ү.Д, Ж.О нар нь бүлэглэн согтуурсан үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ монгол сургуулийн орчим хохирогч Т.Дэлгэрбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Д, Ж.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдгээрт холбогдох эрүүгийн 1906 05545 2776 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Т.Дэлгэрбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед найзын хамт “Шинэ монгол” сургуулийн хажуу талаар явган явж байтал хажуугаар саарал өнгийн приус-20 маркийн автомашин дайрах шахаад өнгөрч “Шинэ монгол” сургуулийн урд очоод зогсчихоор нь би найзын хамт хажуугаар нь өнгөрөхдөө би машин тэрэгтэй явж байгаа бол хурдаа хасаад яваач гэж хэлхэд, нэг залуу ирээд чи тэгээд яах гээд байгаан юм гэж хэлээд надруу томроод, цаанаас нь цагаан малгайтай цамцтай залуу миний хажуугаар гүйж гарахдаа толгойн хойд хэсэгт цохьчихоод гүйчихээр нь “та нар яаж байгаа юм” гэж хэлтэл миний ард явж байсан 2 залуугийн нэг нь миний нүүр хэсэгт цохиж, дахиж нэг залуу ирээд би тэр гуравтай ноцолдож байгаад газар уначихаад, босож чадахгүй байтал тоосго харагдахаар нь авч машины шилрүү нь шидчихээд найзын хамт зугтааж гэрийн үүдэнд иртэл орцны хаалга цоожтой байсан чинь араас зодоон хийсэн хэд ирээд надруу дайрах гэж байгаад манай найз руу 2-3 залуу очиж боож хананд шахчихсан зогсож байхад нь би орцны хаалгаа онгойлгож жижүүр ахыг дуудсан...

... миний уруул хавдсан, толгойн баруун болон зүүн хэсэгт хавдсан, бас зүүн нүд хавдсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэх мэдүүлэг /хх 11/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн:

... Ингээд би найз охиныхоо гэрт орчихоод буцаад гараад иртэл тэр хэд үл таних хоёр залуутай хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гээд очих гэтэл замд Аргабилэг, Пүрэвдорж гэх цахим тоглоом хамт тоглодог танилууд таарсан. Ингээд бид гурав тэр хэд дээр очтол Ү.Д, Ж.О хоёр тэр хоёртой зодолдож байсан. Тэгээд бид гурав ороод салгасан. Тэгээд салгах гэтэл нөгөө хоёр залуу Аргабилэг, Пүрэвдорж хоёртой зодолдож эхэлсэн. Тэр үед нь би ганцаараа хараад зогсож байсан. Бусад бүх хүүхдүүд зодолдсон. Гэхдээ тийм сүртэй зодолдоогүй, орилцгоогоод зууралдаад байсан. Ингээд байж байтал үл таних залуугийн нэг нь тоосго аваад машиных нь урд шил рүү нь шидчихээд зугтаачихсан. Тэгэхээр нь Ж.О бид хоёр араас нь хөөсөн бөгөөд орцных нь үүдэнд барьж авсан. Ингээд би тэр залууд яагаад машины шил хагалж байгаа юм бэ гэж хэлэхэд та нар олуулаа байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл хойноос нөгөө хэд машинтайгаа хүрээд ирсэн. Ингээд би шил хагалдаг залууд “чи машины шил төл яагаад хагалчихваа” гэтэл чадахгүй би хагалаагүй гэсэн. Тэгэхээр нь би хагалсан тоосгыг нь бариад “энэ тэгээд юу юм” гэж асуутал мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд 2-3 удаа мөргөсөн бөгөөд би бараг оноогүй. Тэр залуу хөлөндөө тээглээд би бас бүдрээд бид хоёр газар уначихсан. Ингээд газар байж байтал Аргабилэг, Пүрэвдорж хажуу талаас ирээд нэг нэг удаа хий өшиглөсөн. Тэгтэл орцны жижүүр нь гараад ирсэн бөгөөд бид хэд хэрүүл хийгээд байж байтал эгч нь гарч ирэн цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 23/,

 

Гэрч Э.Аргабилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад найз Пүрэвдоржийн хамт цахим тоглоомын газар хонохоор болсон. Ингээд Пүрэвдоржтой 23 цаг 30 минутын үед уулзаад хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байх цахим тоглоомын газар хонохоор явсан. Тэгээд юм яриад алхаж байтал Сүхбат гэх найзтайгаа 45 дугаар байрны хажуу талд таарсан. Тэгээд хажууханд хүмүүс хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан бөгөөд лавлаад сайн харвал Сүхбатын найз Ү.Д Ж.О хоёр байсан. Тэгтэл Ж.О гэнэт туранхай өндөр залуугийн толгойных нь ар хэсэгт буюу дагз руу нь гараараа нэг удаа цохьчихсон ба Ү.Д нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиж байгаа харагдсан. Ингээд тэр хэд бужигнаад үл таних өндөр залуу Ү.Д, Ж.О нар зодолдож эхэлсэн гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Д.Баянбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө 24 цагийн үед найз Дэлгэрбаяртай хамт ажил хийхээр явсан бөгөөд шөнө 02 цагийн орчим тараад Дэлгэрбаярын гэр рүү очиж хонохоор алхаад явсан. Ингээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ монгол сургуулийн орчим алхаж яваад зам гарах гэтэл приүс-20 машинтай хүүхдүүд дайрах шахаад хажуугаар гарсан. Ингээд бид хоёр тоохгүй алхаад явж байтал нөгөө машин зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь Дэлгэрбаяр эвтэйхэн яваач гэж хэлсэн бөгөөд Ү.Д гэх залуу машинаасаа буугаад ирсэн. Ингээд тэнд үл ойлголцол үүсээд байж байтал Ж.О гэх залуу Дэлгэрбаярын дагзруу цохичихсон. Ингээд Ж.О болон Ү.Д гэх нэртэй хоёр залуу Дэлгэрбаяртай зодолдоод би Сүхбаттай маргалдаад зогсож байсан. Тэгтэл хажуу талаас нь өөр нэг хоёр залуу Дэлгэрбаяр дээр очоод бужигнаад байсан. Тэгэхээр нь би тэр хэд дээр очиод салгасан ба Дэлгэрбаяр тоосго аваад приүс-20 автомашины салхины шил рүү шидээд хагалчихсан. Ингээд би хоёр зугтаачихсан гэх мэдүүлэг /хх 32/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Ингээд Сүхээтэй юм яриад алхаж байтал цаана хэдэн хүмүүс муудалцаад байсан. Ингээд сонирхоод хартал Сүхээтэй хамт явж байсан хүмүүс өөр хүмүүстэй муудалцаад байна гэж Сүхээ хэлсэн. Ингээд сайн хартал Сүхбатын найз болох зүс мэддэг хүүхдүүд байсан. Тэгтэл тэр хэд гэнэт зодолдоод эхэлсэн бөгөөд Аргабилэг салгах гээд очсон. Тэгтэл Аргабилэгийг нэг залуу нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гээд Аргабилэг дээр очтол миний хамар руу тохойгоороо цохичихсон ба миний уур хүрээд мөр хэсэг рүү нь хоёр удаа зөөлөн цохисон. Ингээд салгаад байж байтал нэг туранхай банди тоосго аван Сүхбатын найзын машины урд шил рүү шидээд хагалчихсан бөгөөд өөр нэг залуутай хамт зугтаагаад явчихсан. Тэгтэл араас нь Сүхбат болон түүний нэг найз нь хөөгөөд цаана нэг байрны гадаа бариад авсан ба тэр газар дахин хэрүүл болсон гэх мэдүүлэг /хх 35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11366 дугаартай:

Т.Дэлгэрбаярын биед хамарт хаван, цус хуралт, зүүн нүдний зовхи, дагзны хуйх, уруулд хаван хавдар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээийн дүгнэлт /хх 37/,

 

            Шүүгдэгч Ү.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 14 дүгээр байрны гадаа станцын хажууд өөрийн машиндаа өөрийн найз Сүхбат, Ж.О, Пүрэвдорж нарын хамт архи ууж байсан юм. Ингээд эгч Пүрэвдолгорыг машин бариулахаар дуудсан бөгөөд эгч ирээд миний машиныг бариад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан. “Шинэ монгол” сургуулийн ойролцоо явж байтал машин зам дээр 2 залуу алхаж байсан. Ингээд би зам чөлөөлөөч гэж орилсон. Гэтэл “юу гээд байгаа юм бэ” гэх мэтийн хэрүүл хийхээр нь би машинаасаа буугаад 2 залуу дээр очсон бөгөөд бид нар маргалдаж эхэлсэн. Гэтэл туранхай залуу нь намайг заамдсан ба маргалдаад байж байтал араас Ж.О гэх манай найз гүйж ирээд туранхай залуугийн толгойны ард тал руу цохичихсон. Ингээд туранхай залуу эргэж харахаар нь би нэг удаа цохьсон. ...

 ... Т.Дэлгэрбаярын биед би гэмтэл учруулсан. Ж.О бид хоёр Дэлгэрбаяраас уучлалт гуйж эвлэрсэн. Мөн Ж.О бид хоёроос Дэлгэрбаяр хохирол гэх зүйл нэхэмжлээгүй бөгөөд надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Мөн хуулийн хариуцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх 26, 72/,

 

Шүүгдэгч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө найз Ү.Д, Пүрэвдорж, Сүхбат, Ү.Дгийн эгч болох нэрийг нь үл мэдэх эмэгтэйн хамт Ү.Дгийн машинтай зугаалж байсан. Ингээд шөнийн 02 цагийн орчим Натурын голын замаар явж байтал замын голоор хоёр хүүхэд алхаад явж байсан. Тэр үед нь Ү.Дгийн эгч нь машин бариад явж байсан бөгөөд сигнал дарсан. Тэгтэл нөгөө хоёр нь эргэж хараад яагаад байгаа пизда вэ гэсэн. Тэгэхээр нь Ү.Д машин дотроосоо замаараа яв гэх мэтчилэн хэрүүл хийж эхэлсэн. Тэгтэл Ү.Д машинаасаа буугаад тус хоёр залуу дээр очин муудалцаж эхэлсэн бөгөөд нэг залуу нь Ү.Дг заамдаад авсан. Тэгтэл хажуу талаас нь нөгөө залуу нь тэврээд авсан. Тэгэхээр нь машинаасаа буун тэр хэд дээр очоод өндөр эрэгтэйг нь цохьчихсон. Тэгтэл надад цохиулсан эрэгтэй газарт байсан тоосго аваад Ү.Дгийн машинруу шидчихсэн. ...

... би хамгийн түрүүнд нь Дэлгэрбаярын дагз хэсэгт нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон бөгөөд эргээд хартал Ү.Д нөгөө хоёр залуутай зодолдож байсан гэх мэдүүлэг /хх 19, 78/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 5/,

Ү.Д, Ж.О нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50, 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49, 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 51, 59/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ү.Д, Ж.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Ү.Д, Ж.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Ү.Д, Ж.О нарыг иргэн Т.Дэлгэрбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д Ү.Д, Ж.О нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ү.Д, Ж.О нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д, Ж.О нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д, Ж.О нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

  

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Д, Ж.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Д, Ж.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ