| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0016/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 46
2020 01 06 2020/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Хохирогч Ш.Гантөр,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чид холбогдох эрүүгийн 1906 07216 2796 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 2-512 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ш.Гантөртэй маргалдаж түүний нүүрэн хэсэгт нь варианы шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 07216 2796 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Ч нь иргэн Ш.Гантөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Ш.Гантөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 12 дугаар сарын 02-нд 18 цагийн үед такси бариад найз Б.Чийнд ирсэн. Манай эхнэр Ц.Уранчимэг, Б.Чийн эхнэр Гэрэлмаа нар мөнгө нийлүүлж Хараа нэртэй 0.75 граммын архи, Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво аваад Б.Чийн гэрт бид 4 хувааж ууцгаасан. Би эхнэрээ явах уу гэхэд Б.Ч намайг чи муу гэрт ирчихээд явах гэлээ гээд уурлаад орон дээрээ боогоод би наадахаа аваач ээ намайг алах гээд байна гэхэд эхнэр бид хоёрыг салгасан. Тэгээд би найз нь явлаа гэсэн чинь нүүр лүү нэг юмаар цохих шиг болсон. Тэгсэн нүүрнээс цус ихээр гарсан. Манай эхнэр Уранчимэг 103-д дуудлага өгсөн. Тэгээд дараа нь Уранчимэг цагдаа дуудсан. 103 ирээд гэмтэл рүү яв гэсэн. Бид 4 Гэмтэл дээр очоод хамарын хажуу талд 8 оёдол доод уруул дээр 2 оёдол тавиулаад гараад ирсэн чинь Б.Ч эхнэрийн хамт байхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийн хамт Дэнжийн 1000-д гэртээ очоод байж байтал манай төрсөн эгч Ш.Үүрийнтуяа, төрсөн дүү Ш.Ганцэцэг нар ирээд хэн зодсон тэр хүн чинь хаана байна гээд Б.Чийн гэрт хамт ирээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг, /хх-ийн 07-11/,
Гэрч С.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Ш.Гантөр эхнэртэйгээ маргалдаад цохих гээд байхаар нь манай нөхөр эхнэрийг нь өмөөрөөд маргаж байгаад Ш.Гантөрийг манай нөхөр доороо оруулж байгаад хоолойг нь гараар боож байгаад нэг удаа нүүрэн хэсэгт нь мөргөсөн. Ш.Гантөрийн эхнэр бид 2 салгаад удаагүй дахин маргалдаад үүдэнд байсан варианы шилээр цохих гэж далайсан бөгөөд цохиж байгааг нь хараагүй. Тэр шилэн дотор 10, 8-н төмөр түлхүүр байсан бөгөөд тэр шил нь хагарч унаад нүүр зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай нөхөр тэр үед над руу уурлаад миний цамцаар хоолой боогоод би арай гэж тавиулсан. Бид 2 тэдний гэрээс гарах гэж байхад Б.Ч манай нөхрийг түлхээд дээрээс нь варианы шилээр нүүрэн хэсэгт нэг удаа цохиж хагалсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14446 дугаартай:
Ш.Гантөрийн биед дух, баруун хацарт шарх, зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруул шарх, зүүн хацарт шарх, хамарын нуруунд зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,
Шүүгдэгч Б.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хараа нэртэй архи авчраад ууж байгаад Гантөртэй маргалдаад би түүний дээр нь гарч суугаад хоёр гараараа багалзуураад нэг удаа духаараа нүүрэн хэсэгт нь мөргөсөн. Ш.Гантөр надад одоо хөгшөөн болноо гэж хэлэхэд би болиод бид 2 үг хэлээ олж эвлэрээд үлдсэн архиа хувааж уусан. Тус архиа хувааж ууж байгаад дахин маргалдаад би Гантөртэй гэрийн үүд хэсэгт барилцаж аваад унасан. Газар унаад тэнд варианы шилэнд байсан түлхүүр багж хийсэн байсан бөгөөд тус багж хийсэн варианы шилээр цохих гэж айлгахад тус шилэнд байсан түлхүүр багж дотороо хавиралдаж хагараад Ш.Гантөрийн нүүрэн хэсэг дээр унаж зүсэгдсэн. Ш.Гантөрийн биед үүссэн дух, баруун хацарт шарх зулгаралт, дээд уруулд зөөлийн эдийн няцрал, доод уруул шарх, хамрын нуруунд зулгарал, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд миний учруулсан гэмтэл байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/,
-мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 5/,
-ГССҮТ-ийн КТГ-ын дүгнэлт /хх-ийн 22/,
-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Чийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 34-36/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Чийн иргэн Ш.Гантөрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 129.900 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж хохирол нэхэмжлэжээ. Шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 360.000 төгрөг болон хуучин автомашинаа өгч хохиролыг бүрэн төлж барагдуулан хохирогчийг гомдол саналгүй болгосон талаар хохирогч, шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн, энэ талаарх баримт хх-ийн 20 дугаар талд авагдсан болно.
Иймд шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Чид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай тул шүүгдэгчийн варианы шилээр хүний нүүрэн тус газарт цохиж хохирол учруулсаныг харгалзаж эрүүгийн хариуцлага оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ