Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0065

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Н.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Ш.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Болдбаатарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 671 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасныг баримтлан иргэн Н.Б-аас гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Н.Б нь 2006 оноос эхлэн иргэдээс алт худалдан авч, худалдан авсан атлаа Монгол банк болон түүнээс эрх олгосон арилжааны банкнуудад “Биет алтны арилжааны хэлцэлд" үндэслэн тушаах ажлыг эрхэлж ирсэн ... Н.Б нь 2017 онд гэхэд 168 удаагийн биет алтны арилжаагаар 81,871,625,362.44 төгрөгийн үнийн дүн бүхий алтыг Монгол банк болон түүнээс эрх олгосон банкинд тушаасан байдаг ... Гэтэл уг мөнгөн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2,049,802,569.50 /хоёр тэрбум дөчин есөн сая найман зуун хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-т суутган авсан ... Банкны зүгээс биет алт арилжааны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2,049,802,569.50 төгрөгийг суутган авснаа тайлбарлахдаа “2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 220 дугаар тогтоолын 3.3-т Монгол банк болон арилжааны банк иргэд хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ”-гэж заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суутгаж байсан гэх байр суурийг илэрхийлдэг ... Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг баталсан ... уг аргачлал нь Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны бусад банкууд иргэдээс алт худалдан авахдаа нийтэд нь энэ журмыг баримтлан алт тушаасан иргэн бүрээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгасан нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, ашигт малтмал олборлодоггүй иргэдийн болон нэхэмжлэгч Н.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан ... Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлнэ”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд төлнө” гэж тус тус заасан ... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үеийн байдлаар/-ыг хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хуулийн этгээд эсхүл бичил уурхай эрхлэгч төлөхөөр заасан ... Н.Б нь өөрийн нэр дээр болон холбоотой хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, бичил уурхай эрхлэгч биш бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үеийн байдлаар/-аар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байтал Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-ын 3.3 дахь заалт нь нэхэмжлэгч Н.Б-ын арилжааны банкинд тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр суутгахад хүргэсэн ... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч нараас авах байтал алтны арилжаа эрхлэгч иргэн Н.Б-аас суутгаж авсан нь Засгийн газар хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах аргачлал батлахдаа "иргэд" банкинд алт тушаахдаа “АМНАТ” төлөх үүрэгтэй гэж ойлгогдохоор зохицуулснаас болж Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкнууд уг аргачлалыг хуульд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй, хавтгайруулан хэрэгжүүлснээс нэхэмжлэгч Н.Б их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр төлж хохирсон ... Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 17.1.3-д “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий байгалийн баялаг, ашигт малтмалын ашигласан, агаар ус, харс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно" гэж тус тус хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу АМНАТ-ыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх зохицуулалттай байсан байна ... Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” нь Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон бөгөөд тус захиргааны хэм хэмжээний акттай маргах боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр гаргах боломжгүй тул эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэсэн агуулгаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ... Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон гол үндэслэл нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсон, хэм хэмжээний актыг Засгийн газраас хүчингүй болгосон учраас хуульд зааcан журмын дагуу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолтой маргах боломжгүй болсон ... Н.Б-ын хувьд Засгийн газрын хууль бус шийдвэрийн улмаас их хэмжээний мөнгийг хууль бусаар суутгуулсан нь илэрхий байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандсан ... шүүх шийдвэртээ “Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн харилцаа байгааг тогтоолгон хулээн зөвшөөрүүлэх нь тухайн иргэнд зайлшгүй шаардлагатай болсон байх ёстой” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлснээр эдийн засгийн эрх ашиг буюу хууль бусаар суутгуулсан 2,049,802,569.50 төгрөгөө хууль бусаар суутгасан этгээдээс буцаан гаргуулах нөхцөл бүрдэх боломжтой ... шүүх шийдвэртээ “Н.Б нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутгуулсан 2,049,802,569.50 төгрөгийг гаргуулах хүсэл сонирхолтой байх тул нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа зөв тодорхойлж холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, ... хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой ... тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэжээ ... шүүхийн уг дүгнэлт нь хуульд нийцээгүй ... гол маргаж байгаа агуулга нь хуулиар иргэнд ногдуулаагүй  татварыг Засгийн газрын тогтоолоор суутгасан нь хууль бус, уг харилцаа хууль бус гэдгийг тогтоосноор нэхэмжлэгч өөрт учирсан эдийн засгийн хохирлоо төрийн байгууллагаар арилгуулах эрх зүйн үр дагавар үүсэх учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан ... Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасан харилцаа нь хууль бус байсан эсэхийг тогтоолгохгүйгээр өөрт учирсан хохирлоо холбогдох байгууллагаас гаргуулах боломжгүй тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0671 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Н.Б “... алт тушаасан иргэн бүрээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгасан нь ... хуулийг гуйвуулан буруугаар тайлбарлаж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, бичил уурхайгаар ашигт малтмал олборлодоггүй иргэн Н.Б миний эрх зүйн байдлыг дордуулсан ... миний бие нь өөрийн нэр дээр болон холбоотой хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, бичил уурхай эрхлэгч биш ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /татвар/ төлөх үүргийг хуулиар надад хүлээлгээгүй ...” гэсэн үндэслэлээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд (2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд) иргэн Н.Б миний арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх “... шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэлийг тодорхойлох боломжгүй ... 220 дугаар тогтоол нь ... зөвхөн нэхэмжлэгчид чиглэсэн захиргааны акт биш ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны ... 506 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Н.Б нь ... төлбөрт суутгуулсан 2,049,802,569.50 төгрөгийг гаргуулах хүсэл сонирхолтой байх тул ...”, ... нэхэмжлэгчийн “... их хэмжээний мөнгө үндэслэлгүйгээр төлсөн, үүнийгээ авах зорилготой Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ...” гэх тайлбараас үзвэл дээрх хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаанд хамаарал бүхий хуулийг оновчтой зөв баримтлаагүй нь учир дутагдалтай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж тус тус хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.3-д “Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд уг тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн “иргэдээс алт худалдан авч, худалдан авсан алтаа Монгол банк түүнээс эрх олгосон арилжааны банкнуудад тушааж байсан” гэсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд тушаасан алтнаас суутгагдсан мөнгийг гаргуулах хүсэл зорилготойгоор уг нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газар нь дээрх хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах төлөх журмыг батлах эрх бүхий этгээдийн хувьд 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг баталсан байна.

Нэгэнт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тус тогтоолын 3.3 /Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ/ дахь заалтын дагуу арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг тухай бүр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлсэн байх тул уг харилцааг хууль бус эрх зүйн харилцаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн гол маргаж байгаа агуулга нь хуулиар иргэнд ногдуулаагүй татварыг ... суутгасан нь хууль бус, уг харилцаа хууль бус гэдгийг тогтоосноор нэхэмжлэгч өөрт учирсан эдийн засгийн хохирлоо төрийн байгууллагаар арилгуулах эрх зүйн үр дагавар үүсэх учраас шүүхэд хандсан ...” гэх давж заалдах гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар буюу эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх учиртай. Гэтэл энэ тохиолдолд эрх бүхий этгээдийн баталсан хүчин төгөлдөр журмын зохицуулалтын дагуу арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгагдсан байх тул хууль бусаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгасан талаарх эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлснээр эдийн засгийн эрх ашиг буюу хууль бусаар суутгуулсан 2,049,802,569.50 төгрөгөө хууль бусаар суутгасан этгээдээс буцаан гаргуулах нөхцөл бүрдэх” ашиг сонирхол үүсэх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаанд хамаарах хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 671 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасныг баримтлан ...” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6” гэж өөрчилж,  шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ