Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч.Баяржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нарт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг заргаар томилуулахаар уламжилсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоол,Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 тоот захирамжийн Г.Жамбалдоржийг томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Баяржаргал

Хариуцагч: Б.Эрдэнэ-Очир

Хариуцагчийн төлөөлөгч: Р.Батзаяа

Гуравдагч этгээд: Г.Жамбалдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч иргэн Ч.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Баяржаргал миний бие 2017 оны 02 дугаар  сарын 09-ны өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож багийн Засаг дарга сонгох сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцсон юм. Гэтэл хуралдааны үйл ажиллагаа сонгуулийн дүн илт хууль бус байсаар байтал шийдвэр гаргасан асуудлыг залруулах зорилгоор шүүхэд хандаж байна.

1.Багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын тогтоол байхгүй.

            2.Нэрсийн жагсаалтаар нийт 237 хүн санал өгсөн байтал 247 болгон зассан.

            3.Ямар ч үндэслэлгүй 10 хуудас нэмж хийсэн.

            4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоол нь ямар ч стандарт шаардлага хангаагүй ойлгомжгүй гэх мэт

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очирт энэ бүх алдаануудыг хэлж гаргасан шийдвэрээ эргэн харж зөвтгөж албан ёсоор хандсан боловч миний хүсэлтийг үл ойшоож өөрийнхөөрөө шийдвэрлэсэн юм.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хууль бус шийдвэр гаргасан иймд сумын Засаг дарга П.Батсайхан та эдгээр асуудлыг хянан үзэж эцсийн шийдвэр гаргахыг  хүссэн боловч мөн л хүлээж авалгүй шийдвэр гаргасан юм

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоол,Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 тоот захирамжийн Г.Жамбалдоржийг томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч иргэн Ч.Баяржаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 сарын 09-ны өдөр хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комиссоос гаргасан тооны зөрүүтэй асуудал, нэмж 10 хуудас гаргасан эдгээр асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь тооллогын комисс тогтоол гаргаж байж сонгуулийн дүн баталгаажих ёстой байтал зөвхөн нэр бичсэн цаасыг үзэж, иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргасан нь шаардлага хангахгүй байна. Тогтоол гарсантай холбогдуулж асуудлыг өөрт нь  танилцуулсан боловч багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга “надад өгсөн юм нь энэ тооллогын комисс тогтоол шийдвэр гаргаж өгөөгүй.” гэсэн. Энэ дагуу өөрийнх нь гаргасан тогтоолыг үзэхэд тогтоол нь ойлгомжгүй тэдэн хүний санал авсан гэсэн зүйл байгаагүй, иймэрхүү асуудал байгаа учраас “тогтоолыг хүчингүй болгож өгөөч” гэдэг асуудлыг өөрт нь  тавьсан. Энэ гарсан тогтоол хууль бус байна гэж сумын Засаг даргад хандсан боловч та  өргөдөл гаргаагүй гэсэн. Би өргөдлөө  сумын Засаг даргад өгсөн. Энэ мэтийн хууль зөрчсөн асуудал байгаа учир үүнийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Булгын 1-22 тоотод оршин суух Чойсүрэн овогтой Баяржаргалын нэхэмжлэлийн хариуд дор дурьдсан тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийг хууль эрх зүйн хүрээнд бүрэн эрх нь дуусгавар болоогүй өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын ажил албатай хамтран боловсруулан тус дэгийн дагуу хурал зохион байгуулагдсан болно. Тус дэгэнд тооллогын комиссын тогтоолыг дурьдаагүй бөгөөд багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтын дүнийг л тухайн хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан ба урьдчилан бэлтгэсэн тогтоолын төсөлд санал хураалтын биш багийн гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар баталсан болно. Тогтоолын төслийг батлах үед багийн хуралдаанд оролцогч гишүүд болон багийн Засаг даргад нэр дэвшигч нараас асуулт асуугаагүй болно. Нэхэмжлэлийн 2, 3-т заасан асуудлын тухайд тооллогын комиссын үйл ажиллагаанд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хөндлөнгөөс оролцох тухай эрх олгосон ямар ч заалт байхгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгаагүй болно. Санал хураалтын үр дүнг тооллогын комисс бүрэн хариуцна.

Нэхэмжлэлийн 4-т заагдсан асуудлын тухайд бүрэн эрх нь дуусгавар болоогүй хууль эрх зүйн чадамжтай үедээ  өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бэлтгэсэн хурлын тогтоолын төсөл нь найруулгын алдаатай байсныг үгүйсгэхгүй болно.

Эцэст нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг үндэслэн Цөх 3 дугаар багийн анхдугаар хуралдаанаар баталсан олонхийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг даргад уламжилсан бөгөөд хэн нэг иргэний санал хүсэлтээр тогтоолыг хянан өөрчлөх, өргөн барихгүй хугацааг нь сунгах эрх тус хуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад олгогдоогүй болохыг уламжлая.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 02 сарын 09-ний өдөр Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал болсон. Эхлээд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгосон. Дараа нь багийн Засаг даргаа сонгох сонгууль болсон. Эхлээд нэр бүхий 5 хүн нэр дэвшсэн боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй учраас хамгийн олон санал авсан нэр дэвшигч болох Ч.Баяржаргал, Г.Жамбалдорж хоёрын нэрийг дахин дэвшүүлж 2 дахь шатны санал хураалт болсон. Энэ санал хураалтаар 5 хүнтэй тооллогын комисс иргэдийн дундаас байгуулагдсан. Уг сонгуулийн дэг хуулийн дагуу өмнөх хүчин төгөлдөр байгаа иргэдийн Нийтийн Хурлын дэг, журмаар явсан. Тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан Пүрвээ ажлын хэсэгтэй хамтарч тухайн хурлын тогтоолын төсөл бэлдсэн байсан. 2 дахь шатны санал хураалтанд тооллогын комиссын тогтоол гараагүй. Хурлын тэмдэглэлийг үндэслээд иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргасан. Уг тогтоолд 122 иргэнээр 50-иас дээш хувийн санал гэж бичсэн. Тухайн тогтоолд үг, үсэг, найруулгын алдаа байсан байх, өмнө нь бэлдсэн төслийг засч, засварлах боломж байгаагүй. Тогтоол гарсаны маргааш нь Ч.Баяржаргал надтай ирж уулзаад нэхэмжлэлд дурдаад байгаа асуудлын талаар ярилцсан. Хуулиар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаад тогтоол батлагдсаны маргааш нь ирээд надтай уулзаад тогтоолыг хүчингүй болгох засварлах талаар ярьсан. Тухайн үед хурал нь ирц бүрэн бөгөөд асуудлыг хэлэлцэж тогтоолоороо баталсан байсан. Сонгуулийн хорооны тооллогын комисст би хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тооллогын комиссын тэмдэглэлийг үндэслэж гаргасан дүнг хурлын зааланд байсан иргэд, нэр дэвшигч нарт танилцуулсан. Тухайн үед хоёр нэр дэвшигч хоёулаа зааланд байсан. Дахиж материал үзье гэж санал хүсэлт гараагүй. Ингээд иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор олонхийн санал авсан Г.Жамбалдоржийн нэрийг сумын Засаг даргад өргөн барьсан гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр болсон. Уг өдрийн хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Бат-Очирын Эрдэнэ-Очир сонгогдсон 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очир шинээр сонгогдсон Г.Жамбалдоржийг Цөх 3 дугаар багийн Засаг даргаар батламжлуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоолыг танилуулсан. Уг тогтоол нь утга найруулга, баримт бичгийн стандартын шаардлага хангаагүй учир засаж ирэхийг шаардахад багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очир нэгэнт тогтоол гараад тэр хурал дээр уншаад батлагдсан тогтоолыг би өөрчлөх эрх байхгүй гэж хэлсэн. Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлтэй танилцаж уг тогтоолыг баталгаажуулан Авлигатай тэмцэх газарт багийн Засаг даргаар сонгогдсон Г.Жамбалдоржийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 100 дугаар тоотоор холбогдох материалуудын хамт хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05/2167 тоотыг тус тус үндэслэн батламжилсан.

Ч.Баяржаргал нь Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очирт хандсан хүсэлтийг хуулбарлан авчирч өгсөн сумын Засаг даргад албан ёсоор хандсан хүсэлт гаргаагүй.

Иймд иргэн Ч.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын төлөөлөгч Р.Батзаяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 02 сарын 09-ний өдөр Цөх 3 дугаар багийн Засаг даргын сонгууль болсон. Энэ өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Эрдэнэ-Очир сонгогдсон. 2017 оны 02 сарын 13-ны өдөр ажлын 3 хоногт багтаан, иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очир багийн Засаг даргад олонхийн санал авсан Готовын Жамбалдоржийг 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоолыг уламжилсан. 2017 оны  02 сарын 14-ний өдөр сумын Засаг даргад иргэн Ч.Баяржаргал нь Б.Эрдэнэ-Очир танаа гэсэн хүсэлт тавьсан байсан. Сумын Засаг дарга 2 сарын 14-ний өдөр танилцаад, иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэ-Очирт “2017 оны 02 сарын 09-ний өдрийн уг тогтоол нь утга найруулгын хувьд алдаатай байна. үүнийг зас” гэсэн хүсэлт тавьсан боловч “Үүнийг өөрчлөх эрх надад байхгүй” гэсэн хариу өгсөн. 2017 оны  02 сарын 14-ний өдөр сумын Засаг дарга Г. Жамбалдоржийн бичиг баримтыг Авлигатай тэмцэх газарт явуулж, 02 сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газраас бичиг ирж, 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 тоот захирамж гарсан юм  гэв.

             Гуравдагч этгээд Г.Жамбалдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын иргэн би Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 9-д заасны дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлж 2017 оны 02 дугаар сарын 09-нд болсон Цөх 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшихээр шийдэж өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж өрсөлдсөн. Энэ хурал хуулийн дагуу хурлын дэгээ батлаад  багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгоод дараа нь багийн Засаг даргаа сонгосон. 1 дүгээр шатны санал хураалтад 5 хүн оролцсоноос 89 хүний саналаар, 2 дугаар шатны санал хураалтаар 122 хүний санал авсан болохыг тооллогын комисс иргэдэд танилцуулж, багийн иргэдийн Нийтийн Хуралд өргөн барьсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга энэ сонгууль хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болж Г.Жамбалдорж багийн Засаг даргаар сонгогдлоо гэдгийг зарлаад тогтоолоо сумын Засаг даргад уламжлан холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт явуулж хариу ирсний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна.

         Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга сонгох сонгуулийн үйл ажиллагаанд сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичиг зэрэг хүмүүс байлцаж тухайн сонгууль хуулийн хүрээнд ил тод шударга нээлттэй явагдсан болно.

          Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.        

          Гуравдагч этгээд Г.Жамбалдорж  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2017 оны 02 сарын 09-ний өдөр Цөх 3 дугаар багийн Засаг даргын сонгууль болсон. Иргэн би хуульд заасан эрхийнхээ дагуу Цөх З дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн. Сонгуулийн үйл ажиллагаа өмнөх иргэдийн Нийтийн Хурлын даргын тогтоосон дэгийн дагуу явагдсан. Би 1 дүгээр багийн иргэн тул санал өгөөгүй. Нэр дэвшигчээр оролцсон. Сонгууль хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Эхлээд 5 хүн өрсөлдсөн. Тэгээд хэн нь ч 50 хувиас дээш санал аваагүй болохоор дахин Ч.Баяржаргал бид 2 өрсөлдсөн. Сонгуулийн санал хураалтыг тооллогын комисс уншиж танилцуулаад дүн гарсан. Нэрсийн жагсаалтаас харахад Шээрэвпарчин гэдэг хүнийг Шийрэв гээд биччихсэн байсан. Манай багт ганцхан  Шээрэвпарчин гэдэг хүн байгаа. Мөн Моломжамц гэдэг хүнийг Молом гэж бичсэн байгаа. Гадны 10 хүн оруулсан гэдэг дээр Шээрэвдарчин гуайг чи гадны хүн оруулж ирлээ гээд Ч.Баяржаргал маргалдаж байсан. Энэ хүн бол манай багийн иргэн, одоо ч манай баг дээр байгаа. Мөн Бямбасүрэн гээд хүн байгаа. Тэр хүн Чимэд гээд 76 настай хөгшин эмээтэйгээ цуг ирээд саналаа өгсөн. Моломжамцыг Молом гээд биччихсэн байгаа юм чинь Бямбасүрэнг Гомбоцэрэн гээд бичсэн байх магадлалтай гэж бодож байна. Тэрийг шүүх тогтоох байх. Манай багт Болдмаа гэж хүн байхгүй Болормаа гэдэг ганц хүн байдаг. Болормааг Захиргаан дээр ирэхэд нь “Та сонгууль өгсөн үү” гэж асуухад “би очоогүй” гэдэг. Бадамсүрэн, Дуламсүрэн гэдэг хүмүүс манай багт байхгүй. 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс Цөх 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байна. Сонгууль хууль ёсны дагуу явагдсан гэж бодож байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ажлаа хийж байхад шүүхэд дуудагдаж байгаа нь хүндрэлтэй байна гэв.                        

             

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Ч.Баяржаргалаас “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг заргаар томилуулахаар уламжилсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоол, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 тоот захирамжийн .Жамбалдоржийг томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  тухай  нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч,  хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.         

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар  багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга сонгох сонгууль тус тус явагджээ.

Тус хуралд багийн 261 өрхөөс 257 хүн оролцож санал өгсөн нь ирцийн хувьд тухайн хурал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д заасан шаардлагыг хангасан боловч  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасныг зөрчин дэг тогтоосон тогтоол гаргаагүй болох нь тогтоогдож байна. 

Энэ хуралдаанаар багийн Засаг даргад иргэн Ч.Баяржаргал, Булгаа, Намжилмаа, Г.Жамбалдорж, Нямаа нар нэрээ дэвшүүлсэн ба нийт 257 саналын хуудас тараагдаж санал хураахад Ч.Баяржаргал 77 санал, Булгаа 24 санал, Намжилмаа 34 санал, Г.Жамбалдоржи 89 санал, Нямаа 24 санал тус тус авсан байна. Дээрхи хүмүүс нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн өндөр санал авсан Ч.Баяржаргал, Г.Жамбалдорж нарын дунд дахин санал хураалт явуулахад 237 иргэн санал хураалтанд оролцож, Ч.Баяржаргал 117 буюу 49 хувийн санал, Г.Жамбалдорж 122 буюу 51,4 хувийн саналыг тус тус авчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох хурлын тэмдэглэлээс үзэхэд 2 дахь санал хураалтад 237 иргэн санал өгсөн байхад Ч.Баяржаргалд 117 санал, Г.Жамбалдоржид 122 санал авч / нийт 239 иргэн / 2 саналын зөрүү гарсан, тооллогын комиссын санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт / гараар бичсэн / дээр 247 / тоо нь засвартай/ иргэн санал өгсөн. Г.Жамбалдоржид 122 санал, Ч.Баяржаргалд 117  санал, хүчингүй 8 хуудас гэж бичигдсэн мөн тус шүүхээс Цөх  3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад хадгалагдаж байгаа 2 дахь санал хураалтын саналын хуудсанд үзлэг хийн тоолоход Г.Жамбалдоржид санал өгсөн 121 хуудас, Ч.Баяржаргалд санал өгсөн 117 хуудас тоологдож хүчингүй гэх 8 хуудас байхгүй байснаас гадна дээрхи бүгд тоонууд нь зөрүүтэй, багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын тогтоол гараагүй болох нь нотлогдож байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан байна. Гэтэл Цөх 3 дугаар багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тус багт харьяалагддаггүй 5 иргэн санал өгсөн болох нь тус шүүхээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг даргын компьютерт байрлах “Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан, тус сумын Хүн ам статистик судалгааны хэлтсээс гаргуулан авсан тус багийн иргэдийн нэрсийн жагсаалт зэргийг хавтаст хэрэгт авагдсан Тооллогын комиссоос багийн Засаг даргыг сонгох сонгуулийн иргэдийн ирцийн нэрсийг гараар бичсэн жагсаалттай тулгахад ирцийн бүртгэлийн 1 дүгээр хуудасны 44, 3 дугаар хуудасны 4, 64, 65, 5 дугаар хуудасны 82 дугаарт тус тус бүртгэгдсэн иргэн Бадамсүрэн, Гомбоцэрэн, Болдмаа, Ц.Молом, Б.Дуламсүрэн  нар нь Цөх багийн харьяалалгүй иргэд бөгөөд маргаан бүхий Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон болох нь тогтоогдож  байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Цөх 3 дугаар багийн харьяалалгүй  иргэн Бадамсүрэн, Гомбоцэрэн, Болдмаа, Ц.Молом, Б.Дуламсүрэн нар нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн нь нэр дэвшигч Ч.Баяржаргал, Г.Жамбалдорж нарын саналын дүнд нөлөөлөхүйц байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй юм.  

Иймд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар Г.Жамбалдоржийг олонхийн санал авсан гэж үзээд / 51,4 % санал / Цөх 3 дугаар багийн Засаг даргад сонгогдсоноор тооцож, сумын Засаг даргад уламжилсан “Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 тоот тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заасан хэдий ч Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол нь өөрөө хууль бус шийдвэр тул түүнийг үндэслэн / Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт / Цөх 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Чимэд-Очирыг үүрэгт ажлаас чөлөөлж, Г.Жамбалдоржийг томилсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн Б/08 тоот захирамж нь үндэслэлгүй юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн Б/08 тоот захирамжийн 1 дэх хэсгийн Цөх 3 дугаар багийн Засаг дарга Г.Жамбалдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Ч.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай тогтоол, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай захирамжийн Г.Жамбалдоржид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баяржаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 35.100 / гучин таван мянга нэг зуун / төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 / гучин таван мянга нэг зуун / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.БУРМАА