Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1608

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04614 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Баярсүрэнд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21 970 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Энхтайван,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Г.Баттогтох нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Баярсүрэнд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар 5 000 000 төгрөг болгож авахаар зээлдүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн дээрхи нөхцөлтэйгээр дахин 4 500 000 төгрөгийг өөрийн нөхөр болох Р.Зоригтбаатарын данснаас шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Я.Буянтогтохын данснаас 4 500 000 төгрөгийг мөн адил 30 хоногийн хугацаатай 5 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн юм. М.Баярсүрэн нь өнгөрсөн 2015 оны 10 сараас хойш зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй сар бүр хүү төлөх зарчмаар хугацааг сунгаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулах эцсийн хугацаа байсан боловч төлөөгүй. Иймд миний бие дахин хугацааг 10 хоног сунган төлбөрийг бүрэн барагдуулах хугацааг олгонсон гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан. Иймд М.Баярсүрэнгээс үндсэн зээл 16 900 000 төгрөг, 60 хоногийн алданги 5 070 000 төгрөг, нийт 21 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээл 16 900 000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Гэрээ гэх зүйлийг сүүлд гэрт ирж нөхөн бичүүлсэн. Гэрээний дагуу мөнгийг аваагүй. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч М.Баярсүрэнгээс 4 211 130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 758 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82 328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэж, хариуцагчаас 4 211 130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Уг гэрээ нь талууд гарын үсэг зурсан хэдий ч М.Баярсүрэнгийн хувьд тухайн өдөр 4 500 000 төгрөг аливаа хэлбэрээр хүлээн аваагүй бөгөөд урьд зээлж байсан мөнгөний үлдэгдэл 1 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр гарын үсэг зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг баримт дээрх үнийн дүнг засч, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн шүүхэд гарган өгсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ засвартай, эргэлзээтэй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь тус шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Энхтайван нь хариуцагч М.Баярсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16 900 000 төгрөг, алданги 5 070 000 төгрөг нийт 21 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “мөнгө зээлдүүлсэн тухай” баримт үйлдэж, 16 900 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон /хх-3/ гэх боловч тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч М.Баярсүрэнд 16 900 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Энхтайван нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, мөн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 500 000 төгрөгийг нөхөр Р.Зоригтбаатарын данснаас шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг найз Я.Буянтогтохын данснаас шилжүүлж дээрх нөхцөлтэйгээр зээлүүлснээ нэгтгэж 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “мөнгө зээлдүүлсэн тухай” баримт үйлдсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч М.Баярсүрэнд шилжүүлэн өгсөн гэх өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийн 26 дугаар талд авагдсан баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний баримтад хариуцагч М.Баярсүрэн гарын үсэг зурсан нь түүний тайлбартай нийцэж байна.

Мөн дээрх зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь үндсэн зээл болох 4 500 000 төгрөгийн 30 хоногийн хүүд 450 000 төгрөг төлөх байснаас 738 870 төгрөгийг төлсөн, зөрүү 288 870 төгрөгийг үндсэн зээлээс хасч 4 211 130 төгрөгийг хариуцагч М.Баярсүрэнгээс гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “засвартай, эргэлзээтэй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Энхтайваны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 758 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баярсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                      Д.ЦОГТСАЙХАН