Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

2020        01         06                                   2020/ШЦТ/47   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан

нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06273 2586 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын энгэрт иргэн С.Түвшинзаяагийн биед хүч хэрэглэн хоолойг нь боож, түүний эзэмшлийн Самсунг Жи-2 маркийн гар утас, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдэн авч, бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                     

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Б.Э нь хохирогч С.Түвшинзаяагийн эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Түвшинзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай найз Анхбаярын төрсөн өдөр болоод 1000 оюутны байрны урд талд байх караокед ууж идсэн. Тэгээд би 00 цаг өнгөрөөж гараад эхнэрийн ажил болох "Жаргалзаяа" дэлгүүрийн 2 дугаар давхарт очход эхнэр байхгүй байхаар нь би дэлгүүрийн үүднээс такси барьсан. Тэндээс хойшоогоо ганцын задгайруу явсан. Тэгээд нэг мэдэхэд би унтсан байсан. Жолооч нь намайг сэрээгээд гэр чинь хаана вэ гэсэн. Би сэрээд гэрээ зааж өгсөн боловч би энэ замаар чинь явж чадахгүй гэсэн. Тэгээд гэрийн баруун талын жалгатай худгын хажууд очоод би хэд болсон бэ гэхэд 4500 төгрөг гарсан гэсэн. Тэгэхээр нь би 5000 төгрөг өгөөд хариулт яах юм бэ, хэрэггүй, жалга гараад хүнээ хүргэж өгдөг болоорой чи гэж хэлээд машинаас буугаад жалгаар гараад гэррүүгээ орох гээд яг жалга дотор явж байтал таксины жолооч араас гүйж ирээд намайг боож унагаад яадаг яадаг гэнээ чи гэж хэлээд хоолой боож байгаад халаас ухаж байсан. Би боолтонд ороод ухаан санаа манарч эхэлсэн. Таксины жолооч шууд машинруугаа явсан. Миний гар утсыг намайг нэгжиж байгаад авсан. Миний хаан банкны гарт, 40.000 төгрөг, Самсунг Галакси Жи-2 маркийн гар утас зэрэг эд зүйлс алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 6-10, 35/,

 

Гэрч Н.Дэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 сарын 22-ны өдөр хамт ажилладаг Дэлгэрцэцэгээс түр хэрэглүүлэх утас асуухад энэ гар утсыг барьж бай гээд дэлгэц нь хагарсан самсунг маркийн гар утас өгсөн. Тэгээд би найз залуу Цэрэнбатад өгч хэрэглүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Гэрч Б.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 сарын 19-ний өдөр ах Б.Этай хамт ажилдаа гарсан. Ахын 38-74 УБА улсын дугаартай саарал өнгийн приүс 20 маркийн машины голын хайрцаг дотор хар өнгийн самсунг маркийн дэлгэц нь хагархай гар утас байхаар нь учрыг асуухад урьд өдөр нь таксинд суугаад мөнгөө өгөхгүй, хэл амаар доромжилж, машиных нь улсын дугаарыг татсан хүнийх машины дугаар мэдэж байгаа, холбогдовол өгөөрэй гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Дамно ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн БЗД2-19-710 дугаартай:

2019 оны 04 сард авсан Самсунг жи-2 маркийн гар утас 170.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ний 2/,

-хар өнгийн самсунг гэсэн бичигтэй гар утсыг Ц.Цэрэнбатаас түр хурааж авсан болон хохирогч С.Түвшинзаяад хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 12, 38/,

-Хохиролд 170.000 төгрөг болон 40.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн тухай баримтууд /хх-ийн 42-43/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 сарын 17-ны өдөр 00 цагийн үед Монелд хүн хүргэж өгчихөөд буцаад явж байхад нэг хүн гар өргөхөөр нь авсан. Тэр хүн 30 гаран насны  согтуу хүн байсан. Ганц худаг руу явна гээд явсан. Засмал зам салаад шороон замаар нилээд дээшээ явсан. Буруу явсан гээд буцаж уруудаад ганц худагийн урдуур яваад нэг гудамж руу ороод болно гэсэн. Тэр залууд 5000 төгрөг гарсан гэхэд өгсөн. Тэгсэнээ тэр залуу тэгж их гарахгүй, 3000 гардаг хариултаа авна гэснээс болж бид 2 маргалдсан. Би суучих эндээс км ээ 00 болгоод анх суусан газар чинь очоод үзье гэхэд явахгүй байсан. Машинаас холдохоор нь хаалгаа хаагаад явах гэхэд машины улсын дугаар хуулаад авсан. Тэгэхээр нь би буугаад бид хоёр зууралдаж, ноцолдож байгаад би дээр нь гараад цамцных нь захаар хоолойг нь боосон. Өмдний халааснаас нь гар утасыг нь аваад газар шидсэн. Тэгээд зүгээр байгаа эсэхийг нь шалгаад шидсэн гар утсаа аваад машиндаа суугаад явсан. Гар утас нь асаалттай байсан. Би аваад удаагүй гар утсыг  унтраасан. Гэм буруутайгаа ойлгож байна. Бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Эын эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23-25/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хувийн байдлын талаарх 9 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн гэрч болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Эын хохирогч С.Түвшинзаяагийн эд зүйлийг хүч хэрэглэж авахаар довтолон дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь гар утасаа буцааж авсан. Шүүгдэгч Б.Э нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон гар утасны үнэлгээ 170.000 төгрөг, мөн бэлэн байсан 40.000 төгрөгийг  хохирогчийн данс руу шилжүүлж хохиролыг төлсөн талаарх баримт хавтаст хэргийн 42-43 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Б.Борхүү нар нь шүүх хуралдаанд хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг аваагүй, хохирогч явуулахгүй, цагдаа дуудна гээд утасаа гаргаж ирсэн байхад нь шүүрч аваад явсан гэж мэтгэлцэж оролцсон болно.

 

Шүүгдэгч Б.Эад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн байдал болон шүүх хуралдааны оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Эыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ