Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 2020       01         06                                   2020/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дид холбогдох эрүүгийн 1906 00941 2713 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино урлагийн дээд сургуулийн оюутан Б.Төгөлдөрөөс канон 5-ди маркийн зургийн аппаратыг нь 2 хоног хэрэглээд өгье гэж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус сургуулийн оюутан Б.Хишигсүрэнгээс канон 7-ди маркийн зургийн аппаратыг ах нь орой зураг авчихаад маргааш өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар тус аппаратуудыг барьцаат зээлийн газарт барьцаанд тавин залилж нийт 3.083.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                                                                /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/     

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00941 2713 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр нийт 2 хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Кино Урлагийн сургууль дээр байхад ангийн хүүхэд Д.Д миний канон 5ди загварын зургын аппаратыг 2 хоног хэрэглээд өгье гэж авсан. Хичээлдээ ирэхгүй хэд хоносон. Би түүнээс зургийн аппаратаа авъя гэж удаа дараа хэлэхэд удахгүй маргааш нөгөөдрөөс өгнө гэх хэлчихээд өгөхгүй яваад байсан. Тэгээд багшид хэлэхэд манай ангийн хүүхдийн зургын аппарат алга болоод цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа гэсэн. Цагдаагаас залгаад ирж аппаратаа ав гэхээр нь очиж уулзахад миний зургын аппарат биш байсан. 2-р курсын оюутан Б.Хишигсүрэнгийн канон 7 ди маркийн зургын аппарат байж таараад түүнд цагдаа аппаратыг өгч явуулсан. Би Д.Доос зургын аппаратаа аваагүй байгаа учир өргөдөлөө бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 22/,

 

Хохирогч Б.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сард манай дээд курсын Д.Д надаас зураг авах хэрэгтэй байна гээд миний канон 7 ди загварын зургын аппаратыг орой зураг авчихаад маргааш өгье гэж хэлээд авсан. Маргааш нь хичээлдээ ч ирээгүй, аппарат ч өгөөгүй. Тэгээд хэд хоногийн дараа сургууль дээр ирэхээр нь зургын аппаратаа авъя гэхэд худлаа хэлээд өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Тэр өмнө нь надтай хамт зураг авч миний аппаратыг хэрэглэж байсан. Надад одоо санал гомдол байхгүй, аппаратаа буцааж олж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 30 дугаар байрны 1 тоот хаягт байрлах Бест1 ломбарданд Д.Д /УК97121470/ нь хар өнгийн канон 7 ди маркын зургын аппаратыг 400.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан. 2019 оны 02 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч энэ зургын аппаратыг хэрэгт холбогдолтой зургийн аппарат байгаа юм гэхэд нь би байцаагчид гаргаж өгсөн. Одоо манай ломбарданд 400.000 төгрөгний хохирол учирсан. Үүнийг гаргуулж авмаар банйагэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БЗ1-19-667 дугаартай:

Canon 5D маркийн 2017 онд авч байсан зургийн аппарат 1.500.000 төгрөгийн, Canon 7D маркийн 2018 оны 01 сард авч байсан зургийн аппарат 1.583.120 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын цагдаагий байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6-8/,

-эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, Best1 ломбардны зээлийн гэрээ /хх-ийн 15-16/,

-Canon 7D-1855 маркийн хар өнгийн зургийн аппаратыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсөөс хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Хишигсүрэнд хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 42-43/,

-хохирогч Б.Хишигсүрэнгийн “миний бие зургийн аппаратаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 65/,

-шүүгдэгч Д.Доос шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Б.Төгөлдөрийн “хохиролд 1.500.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. Одоо ямар нэгэн санал гомдолгүй гэх хүсэлт,

 

Шүүгдэгч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Кино урлагийн дээд сургууль дээр ангийн хүүхэд Б.Төгөлдөрийн Канон 5Д маркын зургийн аппаратыг зураг авчихаад өгье гэж хэлээд авсан. Маргааш нь Кино урлагийн дээд сургуулийн графикийн 3 дугаар курсын оюутан Б.Хишигсүрэнгийн "Канон 7Д" маркын зургийн аппаратын зураг авчихаад өгье гэж хэлээд авсан. "Канон 7Д" маркын зургийн аппаратыг Баянзүрх дүүргийн сансарын тунелийн Best-1 ломбарданд 400,000 төгрөгөөр барыдаанд тавьсан. Канон 5Д маркийн зургийн аппаратыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мондны хоёрын тэр хавьд 500,000 төгрөгөөр тавьсан. Одоо ломбардных нь нэрийг санахгүй байна. Тухайн мөнгийг интернэт тоглоом тоглоод дууссан. Канон 7Д зургийн аппаратыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Бэст-1 ломбарднаас хурааж аваад Б.Хишигсүрэнд өгчихсөн. Би яллагдагчаар татсан болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч,  гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Д.Дийн хохирогч нарын эд хөрөнгийг хуурч, урьд харилцаж биесээ таньдаг байсан байдлыг ашиглаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Д.Дид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Д.Д нь хохирогч нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Д.Дийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Дид ял оногдуулахад тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас нэр бүхий 2 иргэн хохирсноос хохирогч Б.Төгөлдөрт учирсан хохиролыг хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлж тооцсон дүнгээр шүүгдэгч 1.500.000 төгрөг төлсөн талаар баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хохирогч Б.Хишигсүрэнгийн зургийн аппаратыг биед байдлаар нь мөрдөгч хураан авч хүлээлгэн өгч хохиролыг барагдуулсан боловч иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд 400.000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохиролыг шүүгдэгч Д.Д төлж барагдуулаагүй болох нь тэдний мэдүүлэг, тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тогтоогдож, хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохиролыг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учираад өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Дийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доос 400.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгст тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ