| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0197/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 239
2020 02 11 2020/ШЦТ/239
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
хохирогч Э.Цэрэнлхам,
хохирогчийн өмгөөлөгч А.Ганзориг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар №2446/
шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн МС холбогдох эрүүгийн 1906 06784 0111 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
МС, Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн “Баянчандмань” суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-504 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.С нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед иргэн Э.Цэрэнлхамтай маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.С нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед иргэн Э.Цэрэнлхамтай маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Цэрэнлхам эхлээд намайг цохьсон. Би архи уусан байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ажилд орж байж хохирлын мөнгийг төлөх боломжтой. Одоо надад төлөх боломж байхгүй.” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цэрэнлхамын өгсөн: “Хохирлын 270,000 төгрөгийг өгчихвөл өөр гомдол, саналгүй” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Э.Ариунжаргал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байх үсчин дээр байж байтал гаднаас Алтансүх нэг найзын хамт орж ирээд М.С дээр хамт очъё гэж хэлсэн. Ингээд байж байхад Цэрэнлхам орж ирээд бид нар Алтансүхийнд архи, пиво аваад очсон. Гэрт нь очиход М.С гурван хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд бид хэд архи, пивоо хувааж уучихаад “Чингис” караокед хамт орсон. Тухайн караокед бид нар нэг шил архи авч, хувааж уусан бөгөөд нэг харахад Соёлмаа, Цэрэнлхам нар тамхи татах гээд гарсан байсан. Хэсэг хугацааны дараа Соёлмаа түрүүлж орж ирээд миний хажууд суухад Цэрэнлхам араас нь орж ирээд Соёлмааг хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Гэтэл Соёлмаа уурлаад Цэрэнлхамыг буйдан дээр түлхэж унагаагаад 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэр хоёр хэсэг зодолдож байгаад Соёлмаа Цэрэнлхамыг аргадаад эвлэрсэн” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч Э.Цэрэнлхамын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах үсчин орсон. Үсчинд Аагий эгч байсан ба намайг нэг айл руу хамт явъя гэж байтал нөгөө очих айлынх Аагий гэдэг залуу өөр нэг залуугийн хамт орж ирсэн. Бид 4 Аагий гэдэг хүний гэрт очиход түүний эхнэр М.С гэх эмэгтэй байсан. Бид нар тэр айлд пиво уугаад сууж байгаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Чингис” нэртэй караокед очин сууж, 0.75 литрийн архи авч, хувааж уусан. Хэсэг хугацааны дараа М.С гэдэг эгчтэй гарч тамхи татсан. Гэтэл М.С гээд эгч манай найз Соког муулаад байхаар нь би “та яагаад манай найзыг муулаад байгаа юм бэ?” гэхэд М.С гэдэг эгч “чи жаахан бацаан байж юу гээд байгаа юм бэ?” гэх зэрэг хэлж байгаад караоке руу орсон бөгөөд би араас нь ороод буйдан дээр сууж байтал М.С эгч гэнэт гараараа миний хамар руу нэг удаа цохичихсон ба маш хүчтэй цохиход миний хамарнаас цус гараад би караокенаас гараад цусаа гоожуулсан. Гэтэл М.С эгч, нөхөртэйгээ гарч ирээд такси бариад явах гэхээр нь би “байж бай. Цагдаа дуудна” гэж хэлэхэд М.С эгчийн нөхөр Аагий гэдэг хүн “чи цагдаа дуудаад яаж чадах юм бэ?” гэж хэлээд миний гарыг өчөөд байсан ”Намайг буйдан дээр сууж байхад М.С эгч цохиход миний толгой доргиж, 10 хоног толгойгоо 50,000 төгрөгөөр бариулсан. Мөн нүүрний хэсэг хавдсан. Би тархины зураг 120,000 төгрөгөөр авахуулж, жижиг эм тариа авсан. Нийт 200,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[4],
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №12879 дугаартай дүгнэлт: “...1.Э.Цэрэнлхамын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5] зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруугийн болон хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Сгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгаас 270,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цэрэнлхамд /Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2-45 тоотод оршин суух, РД:УК94100283/ олгож, өмгөөллийн зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч МСийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Сгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгаас 270,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цэрэнлхамд /Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2-45 тоотод оршин суух, РД:УК94100283/ олгож, өмгөөллийн зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Шүүгдэгч М.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 24 дүгээр тал