| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0193/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 240
2020 02 11 2020/ШЦТ/240
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Аззаяа,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч А.Хадбаатар,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 1906 07279 0087 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Г, Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн “Сайншанд” суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5б байр, 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бамбар” баарны үүдэнд иргэн А.Хадбаатартай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бамбар” баарны үүдэнд иргэн А.Хадбаатартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. А.Хадбаатарын 2019 оны 12 дугаар сарын 06-нд Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл[1],
2. Гэрч Н.Билгүүний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Бамбар” бааранд найзуудтайгаа хамт үйлчлүүлж байсан. Бааранд байхад манай найзууд тамхилна гэж гарсан боловч буцаад ирэхдээ ариун цэврийн өрөөнд хүнтэй маргалдсан гэж хэлж байсан. Би хэсэг хугацааны дараа тамхи татах гээд баарнаас гарахад Г.Г нэг хүнтэй маргалдаж байхаар нь би салгасан. Намайг гарч ирэхэд асуудал болчихсон байсан бөгөөд цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг[2],
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №177 дугаартай дүгнэлтийн ДҮГНЭЛТ хэсэгт “...1. А.Хадбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3],
4. Хохирогч А.Хадбаатарын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны шөнө өөрийн хоёр найзын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбар” бааранд үйлчлүүлээд гарч яваад би нэг хүнтэй мөрөөрөө шүргэлцсэн. Би тэр хүнтэй маргалдаж байхад нэг нь миний нүүрэн тус газар цохисон. Би цохиулаад доошоо суусан бөгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирэхэд Г.Г гэх залуу би цохисон гэж цагдаад хэлсэн бөгөөд бид нарыг бүгдийг нь цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг[4],
-Хохирогч А.Хадбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хамрын зургаа 100,000 төгрөгөөр авахуулсан, шүүх эмнэлэгт 8,000 төгрөгөөр үзүүлсэн. Би цаашид хамрын хугаралаа эмчлүүлэх хүсэлтэй байна. Г.Г миний хамарт учирсан гэмтлийг эмчлүүлж өгнө гэж тохирсон” гэх мэдүүлэг[5],
5. Шүүгдэгч Г.Г 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. ...Дүгнэлтэнд гарсан А.Хадбаатарын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[6],
6.Яллагдагч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7] зэрэг нотлох баримт болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гэс 65,000 төгрөг гаргуулан хохирогч А.Хадбаатар / Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, 9 дүгээр байрны 6 тоотод оршин суух, РД: ПЮ85112370/-т олгож, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Г цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэс 65,000 төгрөг гаргуулан хохирогч А.Хадбаатар / Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, 9 дүгээр байрны 6 тоотод оршин суух, РД: ПЮ85112370/-т олгож, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар тал