Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

2020         02          14                                   2020/ШЦТ/154       

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Ганбагана,

Нарийн бичгийн дарга: Ц. Чулуунчимэг,

Шүүгдэгч: Н.Ш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Пүрэвдорж нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н Шд холбогдох эрүүгийн 1911030830048 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 45 дугаар гудамжны 145 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт НШат /РД: СТ 85101512/

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 01 сарын 30-ны өдрийн 76 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч Н.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Есөн-Эрдэнэ дэлгүүрийн үүдэнд хохирогч Л.Отгоны эзэмшлийн самсунг А50 маркийн гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан Ч.Дамбаноровын гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гздгийг мэдсээр байж авч эзэнд нь буцааж өгөх иргэний үүргээ биелүүлэлгүй, өөрийн дугааруудыг хийж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Л.Отгоны “...өнөөдөр өдөр 14 цаг 50 минутын үед би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Есөн-Эрдэнэ худалдааны төвийнхөө гадна машинтайгаа ирээд машинаасаа буугаад орох гэтэл хашаанаас төмөр сөрдийгөөд гараад ирсэн байхаар нь янзлах гээд тонгойгоод байж байсан чинь над дээр нэг согтуу хүн ирээд туслах уу гээд байсан тэгэхээр нь би чи согтуу байна согтуу хүн юм хийж чадахгүй цаашаа яв гээд явуулсан юм. Тэгээд би тухайн үед гар утсаа алдсанаа мэдээгүй буцаж яваад гар утсаа алдсанаа мэдсэн. Тэгээд эргээд утас алдсан газраа ирээд камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд над дээр ирээд “туслах уу” гээд байсан хүн миний халааснаас хулгайлан аваад өөр хүнд өгч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Үүнд: Шүүгдэгч Н.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би тэр дэлгүүрийн араар бие засах гээд гудамж руу ороод бие засчихаад эргээд явтал тэр хүний гар утсыг хулгайлж байгааг хараад явж очоод чи яагаад хулгай хийгээд байгаа юм вэ наад утсаа аваад ир гэсэн чинь тэр хүн надад утсыг өгөхөөр нь би утсыг аваад автобусанд суугаад явсан. Гэртээ ирээд уг утсанд өөрийн сим картаа хийж ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,  

Гэрч Ч.Дамбаноровын “...Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Есөн-Эрдэнэ төвийн хажууд талд нэг хөгшин настай эмэгтэй хүн өргөх гээд байж байхад нь цамцных нь кармаанаас гар утсыг нь хулгайлж авсан. Би тухайн үед согтуу байсан болохоор гар утсыг хэнд өгсөнөө санахгүй байна. би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-48-51 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-29 дүгээр хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30-34 дүгээр хуудас/

“Юнител” компаний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Есөн-Эрдэнэ дэлгүүрийн үүдэнд хохирогч Л.Отгоны эзэмшлийн самсунг А50 маркийн гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан Ч.Дамбаноровын гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гздгийг мэдсээр байж авч эзэнд нь буцааж өгөх иргэний үүргээ биелүүлэлгүй, өөрийн дугааруудыг хийж ашигласан болох нь шүүгдэгч Н.Шын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Отгоны мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэо  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Шын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.Шыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шыг гэм буруутайд тооцуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан болно. Шүүгдэгч Н.Шын хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих бололцоог олгох нь зүйтэй гэж үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгч Н.Шад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа. Хохирогч Л.Отгонд гар утсыг нь буцаан өгсөн учир бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн цаасан ууттай 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Н Штыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Н.Шад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН