| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0158/э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 184
2020 02 21 2020/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Л.Мажигсүрэн,
Нарийн бичгийн дарга: Г.Энхжин,
Шүүгдэгч: Б.М/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой БаМөд холбогдох эрүүгийн 2009002050112 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, “Говь Принт” ХХК-нд оператороор ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороололын 24 дүгээр байрны 15 тоотод оршин суудаг гэх албан ёсны хаягтай, одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан Сондор хотхоны 716 дугаар байрны 803 тоотод оршин суудаг гэх , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Бйн Мн /РД: ТА97052011/,
Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 02 дугаар 07-ны өдрийн 108 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Б.Мнь 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити” гэх караокед бусадтай архи ууж согтуурсан байх үедээ хамт байсан А.Дөлгөөнтэй харилцан маргалдан улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009002050112 дугаартай хэргээс:
Хохирогч А.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 25-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити караокед өөрийн найз нарын хамт үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлж байхад Мөнхүүш гэж дууддаг залуу манай найз Элбэрэлийг цохиод авсан, тэгэхээр нь би болиоч гэсэн чинь намайг цохиод эхэлсэн энэ явдал тус караоке дотор коридоорт болсон бөгөөд Мөнхүүш / Мөнхнаран / тэгээд намайг зодчихоод яваад өгсөн. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлийн Мөнхүүш буюу Мөнхнаран гэх залуу миний нүүр хэсэг рүү мөргөж, цохиж мөн газарт унасан байх үед нүүр хэсэг рүү өшиглөж учруулсан. Би өөр хүнтэй маргалдаж муудалцсан асуудал байхгүй , Мөнхүүш миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, унасан байхад хөлөөрөө 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 25-ны орой гэртээ байж байтал манай найз Элбэрэлт Сити караокед дуудсан. Би 19 цагийн үед Сити караокед очсон чинь Элбэрэлт, Дөлгөөн, Мөөгий 3 байсан. Тэр 3 өмнөх өдөр нь архи ууж, энд хоносон гэж байсан. Тэгээд Мөөгий яваад өгсөн бөгөөд Элбэрэлт, Дөлгөөн бид 3 Соёрхол гэх нэртэй архи хувааж уугаад нилээн согтоод Дөлгөөнтэй маргалдаад би нүүр хэсэгрүү нь цохисон, тэр үед Дөлгөөн доошоо тонгойсон, тэгэхээр нь би нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Элбэрэлт ирээд салгасан, би тэгээд яваад өгсөн. Би Дөлгөөнд учирсан гэмтлийг учруулсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн №924 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. А.Дөлгөөний биед баруун, зүүн дээд, доод зовхи ба дотор булан хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, цээжний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэвтэр гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Мнь 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити” гэх караокед бусадтай архи ууж согтуурсан байх үедээ хамт байсан А.Дөлгөөнтэй харилцан маргалдан улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Дөлгөөний мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №924 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Мөнхнаранг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Манг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-37 дугаар хуудас/-аар, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд бүрэн төлсөн зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүх Б.Мнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мнь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч А.Дөлгөөнөөс гаргасан баримтын хүрээнд хохиролын мөнгө 460.000 / дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийг шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч А.Дөлгөөн нь хөнгөн гэмтэл учирсан эмчилгээтэй холбоотой зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогтой Бан Манг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхнаранд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Мнь хохирогч А.Дөлгөөнд эмчилгээний төлбөрт 460.000 / дөрвөн зуун жаран мянган / төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь цаашид эрүүл мэндэд учирсан хохиролоо шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН