| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0057/э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 177
2020 02 20 2020/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Г.Ганбагана,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Д.Э/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Дашдоржийн Энхбаатарт холбогдох эрүүгийн 1909031110004 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 84 дүгээр гудамжны 1217 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Боржгон овогт Дн Энр /РД: ДМ 91052213/,
Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 02 дугаар 13-ны өдрийн 29А дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Д.Эн нь 2017 оны 3 дугаар сард өөрийгөө зохиомол байдлыг зориудаар бий болгон жудогийн дасгалжуулагч багш Анхбаяр гэж танилцуулан Б.Дагвадуламаас охиныг нь сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 130.000 төгрөг авсан, Ш.Дэлгэрмөрөнгөөс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нөүтбүүкийг семинарт явж хэрэглээд өгье гэж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, залилан 599.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1909031110004 дугаартай хэргээс:
Хохирогч Ш.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...явж байх замд тэр эрэгтэй надаас барилддаг юм уу гэж асуухаар нь тиймээ гэхэд юугаар хичээллэдэг вэ гэж асуусан. Би жудогоор хичээллэдэг гэж хэлэхэд тэр ах би барилддаг юм намайг Анхбаяр гэдэг чи Олимп, Шонхор сургууль дээр ирээд бэлтгэл хийгээрэй гэхээр нь би тэгье гэж хэлээд дугаарыг нь тэмдэглэж аваад гэрийнхээ гадаа буусан. Тэрнээс хойш хааяа Олимп, Шонхор сургууль дээр очиж бэлтгэл хийдэг болсон... 2017 оны эхээр манай ээжээс мөнгө авсан гэж ээж хэлж байсан. 2017 оны 03 дугаар сарын дундуур тэр эрэгтэй надаас хөдөө семинарт явах гэж байгаа зөөврийн компьютероо өгөөч гэхээр нь би өгөөд явуулсан. Маргааш нь дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан... тэр ахыг барьж аваад цагдаад хандсан. Цагдаад очоод шалгаад үзтэл Анхбаяр биш Энхбаатар гэж хүн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Хохирогч Б.Дагвадуламын мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 3 дугаар сард манай гэрт манай охинд Дэлгэрмөрөнгийн дасгалжуулагч багш гээд Дашдорж овогтой Энхбаатар гэх хүн өөрийгөө Анхбаяр гэдэг. Би Дэлгэрмөрөнгийн багш байгаа юм. Би Дэлгэрмөрөнг сургуульд оруулах асуудлыг шийдэж өгнө гээд надаас бэлэн 130.000 төгрөг аваад явсан. Тэрнээс хойш нээх удаагүй манай охин Дэлгэрмөрөнгөөс Энхбаатар багш семинарт суугаад өгье гэж хэлээд зөөврийн нөүтбүүкийг нь аваад явчихсан байсан. Тэгээд одоог хүртэл нөүтбүүк болон бэлэн мөнгөө өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Энь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би ах нь Шонхор биеийн тамирын сургууль дээр бэлтгэл хийдэг юм. Багш нарыг нь танина тэнд бол болох байх гэж хэлээд утасны дугаараа хоёр биендээ өгөлцөж аваад тэгээд салсан... тэгж байгаад охин Дэлгэрмөрөн нь утсаар яриад би ээждээ багшийгаа танилцуулна гээд хэлчихсэн та хүрээд ирээч гэж надад хэлсэн... Дарь-Эхэд байдаг гэрт нь очоод ээжтэй нь танилцаад охиных нь хэлснээр танай охин над дээр бэлтгэл хийж байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш ээжийг нь таньдаг болсон тэгээд нэг удаа мөнгөний хэрэг гараад ээж Даваадуламаас нь 130.000 төгрөг зээлж авсан. Түүнээс хойш сар гарны дараа ээж рүү нь утсаар яриад компьютерын хэрэг байна танд байхгүй юу гэж хэлтэл Даваадулам би охиндоо хэлээд өгье манай охины зөөврийн компьютер байгаа гэж хэлсэн. Уг өдрийн маргааш охин Дэлгэрмөрөн нь надад 100 айлын автобусны буудал дээр авчирч өгсөн. Тэгээд түүнээс хойш холбоотой байж байгаад би компьютерыг нь 120.000 төгрөгний барьцаанд тавьсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 29-30 дугаар хуудас /,
Хохирогч Ш.Дэлгэрмөрөн, Б.Дагвадулам нарт хохирол төлсөн баримт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2017 оны 3 дугаар сард өөрийгөө зохиомол байдлыг зориудаар бий болгон жудогийн дасгалжуулагч багш Анхбаяр гэж танилцуулан Б.Дагвадуламаас охиныг нь сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 130.000 төгрөг авсан, Ш.Дэлгэрмөрөнгөөс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нөүтбүүкийг семинарт явж хэрэглээд өгье гэж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, залилан 599.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Дэлгэрмөрөн, Б.Дагвадулам нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ, хохирогч нарт хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Энын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Эныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Энрт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүх Д.Энт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Энь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч нарт гаргасан баримтын хүрээнд хохиролын мөнгө 800.000 / найман зуун мянган/ төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Боржгон овогт Дйн Энйг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 729.400 / долоон зуун хорин есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ЭНыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Энь хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН