Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1607

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00351 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Цогтуяад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 85 030 614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Буянхишиг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Лувсанцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ганхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Цогтуяа 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 63 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 Төгрөгийг сарын 3 сарын хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 12А байрны 21 тоот 57 м.кв, 3 өрөө орон сууц, тавилга эд хогшлын хамт барьцаалуулсан. Гэрээний хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч Р.Цогтуяа нь үндсэн зээл 1 021 732 төгрөг, зээлийн хүү 6 994 767 төгрөг, нийт 8 016 500 төгрөг төлсөн. Р.Цогтуяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа болно ... Иймд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн 48 978 267 төгрөг, зээлийн хүүд 36 052 347 төгрөг, нийт 85 030 614 төгрөгийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Р.Цогтуяа нь графикийн дагуу төлөлтийг хийж байсан ба зээлийн төлбөрт нийт 8 016 500 төгрөг төлсөн ... Капитал банк нь Р.Цогтуяад холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 63 696 907 төгрөг нэхэмжилж байсан. Анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2-3 удаа ихэсгэж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 71 572 82 төгрөг болгож шаардлагаа нэмэгдүүлж байсан. Шүүх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг товлож, зохигчдод товыг хүргүүлсэн боловч, Капитал банкны төлөөлөгч Ц.Энхбаяр ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан. Дээрх нэхэмжлэл буцаасан шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан ба шүүхийн тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээсэн. Капитал банк нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнгээ ихэсгэж 80 505 022 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 4 525 591 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 85 030 614 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэл буцаагдсан тул нэхэмжлэл нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-д тус тус зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж тус тус заасан. Иймд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, түүний буруутай үйлдлээс болж нэхэмжлэл буцаагдсан тул 71 072 282 төгрөгийн нэхэмжлэлээс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үндэслэлгүй болсон. Р.Цогтуяа нь зээлийн төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 500 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 8 016 500 төгрөг төлсөн. Гэвч 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 2 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг Капитал банк нь бүгдийг хүүд тооцож суутгасан байдаг нь хэрэгт авагдсан тооцооны баримтаас харагддаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д үүргийн гүйцэтгэлийг төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заасан байхад хариуцагчийн зээл төлөлт хийсэн 4 000 000 төгрөгийг үндсэн зээлд тооцолгүйгээр хүүд тооцож авсан нь хуулийг зөрчиж, тооцоог гаргахад нь сөргөөр нөлөөлсөн. Зээлийн гэрээний үүрэгт 61 196 536 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Цогтуяагаас 78 169 040 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс 6 861 574 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Цогтуяа үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Г-2202010803 дугаарт бичигдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12А байрны 21 тоотын 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668 634 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Цогтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 548 795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 861 547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, тоо тооцооллын илт алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаанд буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнөх хугацаанд үндсэн зээл 1 021 732 төгрөг, зээлийн хүүнд 6 994 767 төгрөг, нийт 8 016 500 төгрөг төлсөн ... Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар ... гэрээний хугацаанд төлсөн нийт төлбөр болох 8 016 500 төгрөгийг бүхэлд нь үндсэн зээлээс хасаж тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл болжээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаанд төлсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь буруу, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлүүлнэ гэж ойлгоно. Мөн түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх заалтыг дурдсан нь буруу болсон. Учир нь Улсын Дээд шүүхийн Иргэний хууль мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 197 тоот тогтоолын 13-т зааснаар “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн “...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө, бусад эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө буюу ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ” гэсэн заалт нь арилжааны банкууд, барьцаалан зээлдэх газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс бусадтай байгуулсан зээлийн гэрээнд хамаарна...” гэж тайлбарласан байна. Мөн түүнчлэн хариуцагч Р.Цогтуяагаас зээлийн үндсэн үүрэгт 59 983 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 15 154 617 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 030 923 төгрөг, нийт 78 169 040 төгрөг гаргуулж гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үндсэн үүрэг гэдэгт гэрээний үүргийн үнийн дүн буюу үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хамаарагдана гэж дүгнэсэнээс үзвэл анхан шатны шүүх зээлийн үндсэн үүрэг 59 983 500 төгрөг гэдэгт үндсэн зээл, гэрээт хугацааны зээлийн хүүг хамтад нь тооцсон гэж ойлгогдохоор байна. Тооцож үзвэл гэрээт хугацааны хүү 18 000 000 төгрөг гэж ойлгогдохоор байна. Хэрэв зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлсөн бол ингэж тооцогдох нь зөв. Зээлийн төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл дүнд хүү тооцогдох ёстой. Гэтэл зээлдэгч нь хуваарийн дагуу зээлээсээ төлөөгүй байхад зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 18 000 000 төгрөгийн хүү төлөх байсан гэдгээр шууд муйхарлаж тооцсон нь илт үндэслэл муутай, тоо тооцооллын алдаатай дүгнэлт болсон. Мөн түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг зөвхөн хэтэрсэн хугацааны хүүнд ногдуулж тооцсон нь буруу гэж үзэж байна. Учир нь зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу үндсэн зээлээс хэсэгчилэн төлөхөөр тохиролцсон бөгөөд банк зээлийн гэрээний хугацаанд хэсэгчилэн төлөх хуваарь зөрчсөн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан 6 861 574 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 85 030 614 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг давж заалдах гомдолдоо: “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41724 дугаар нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан ба 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дүгээр шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамж үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж хэвээр үлдээсэн. Уг захирамж, тогтоолыг бусад нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан ... нэхэмжлэгч тал өөрсдийн буруугаас шүүх хуралдааны товыг мэдсээр байж хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс шүүх 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэх байсан 71 572 282 төгрөгийн нэхэмжлэлийг буцаасан тул энэ мөнгөнөөс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хүү авах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар алдах байсан. Иргэний хуулийн 222, 223 дугаар зүйл зааснаар үүрэг гйүцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч Капитал банк нь хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэж байна.

Капитал банк нь анх 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа энэ өдрөөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан байдаг боловч гэрээг цуцалснаас хойш олон удаа нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байсан. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан нь ... хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлнө гэдэг нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээнд заасан хугацааны доторхи төлөөгүй үлдэгдэл зээлийн хүүг төлүүлэхийг ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүх ... гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр тооцож байгаа нь үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийдвэрийн 1 дүгээр заалтад хариуцагч Р.Цогтуяагаас 71 572 282 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс 13 458 332 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Р.Цогтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85 030 614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “зээлийн гэрээний үүрэгт 61 196 536 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж  маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 50 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12А дугаар байрны 21 тоот 57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, тавилга эд хогшлын хамт барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 63 тоот зээлийн болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь, мемориалын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 6-18/

 

Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 63 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 16-18/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

Талууд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 8 016 500 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 61 196 836 төгрөг төлөхийг зөвшөөрч, ...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, харин үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай байдлаас болсон тул нэхэмжлэлийн үнийн дүн буюу 85 030 614 төрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон, эргэн төлөлтийн дагуу хүү төлүүлөхөөр тохиролцсон байхад 8 016 500 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь буруу болжээ.

 

Иймд хариуцагч Р.Цогтуяагаас зээлийн үлдэгдэл төлбөр 48 978 267 төгрөг, зээлийн хүүд 30 043 622 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 008 724 төгрөг, нийт 85 030 614 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Г-2202010803 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 12А дугаар байр, 21 тоот 57 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...78 169 040 төгрөг...” гэснийг “...85 030 614 төгрөг...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 548 795 төгрөг...” гэснийг “...583 103 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Капитал банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 736 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Р.Цогтуяагийн төлсөн 549 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН