Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0066

 

 

“Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын УБТЗ/2020/НТШ/1* дугаартай “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 760 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗ/2020/НТШ/17 дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын УБТЗ/2020/НТШ/17 дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан УБТЗ/2020/НТШ/17 дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтад А Ф ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан гаргасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З болон А Ф ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээг хууль бус байсан болохыг тогтоож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч тал Захиалагчийн мэдэгдлийг хүлээн аваагүй байж /мэдээгүй мэдэх боломжгүй байсан гэж маргадаг/ Сангийн яаманд 2020 оны 07 дугаар сарын хэдний өдөр гомдол гаргасан талаар баримт байдаггүй ... Сангийн яамнаас гомдлыг хянан үзэх боломжгүй талаар 6-1/4913 07 дугаар албан бичгээр 07 дугаар сарын 23-ны өдөр хариу өгсөн байдаг ба нэхэмжлэгч дахин 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч баримт байдаггүй ... Гэтэл Сангийн яамны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/5217 хариу албан бичигтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн байдаг ... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “...” гэсэн байх бөгөөд гомдол гаргагч уг хүсэлтээ Сангийн яаманд өгөх ёстой байсан ... “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.2-т зааснаар Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно гэсэн байх ба уг журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлүүлээгүй байна ... шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон байхад .. хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй ... “Б и” ХХК нь Сангийн яаманд “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” Тендер шалгаруулалттай холбоотой “ямар” асуудлаар гомдол гаргасан тухай нотлох баримт байдаггүй ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ... мөн хуулийн 56.1.3-д зааснаар: хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ... нотлох зарчмыг хэрэгжүүлдэг ... энэ үүргээ шүүх хэрэгжүүлээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т заасан Си Ди цахим баримтын цахим файлын 4.3 буюу 53-61 хуудсанд байх материалууд гадаад хэл дээр орчуулаагүй байна гэжээ ... Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулдаг ба үнэлэх шаардлагатай баримт бичгийн үндсэн жагсаалтыг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд (цаашид “ТШӨХ” гэх) тусгайлан зааж өгсөн ... “А Ф ” ХХК-ийн ирүүлсэн баримт материалд ТШӨХ-д шаардлагагүй, үнэлгээнд харгалзан үзэх шаардлагагүй нэмэлт баримтыг гадаад хэл дээр ирүүлсэн ... Өөрөөр хэлбэл, бид барааны сертификатыг тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан бөгөөд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зориулсан материалын сертификатыг шаардаагүй болно ... Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 11.2-т “аливаа тендерийн дагалдах баримт бичиг материал нь өөр хэл дээр байж болох бөгөөд энэ тохиолдолд тэдгээрийн тендерт холбогдох хэсгийг ТОӨЗ-ны 11.1-д заасан хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг тендерт оролцогч давхар бэлтгэж ирүүлэх бөгөөд уг орчуулгыг тендерийг хянан үзэх, үнэлэхэд харгалзана” гэсэн байдаг тул Үнэлгээний хороо зөвхөн ТШӨХ-д шаардсан баримтыг үнэлсэн ... Харин оролцогчдоос нэмэлтээр ирүүлсэн браимтыг үнэлэх эсвэл үнэлэхгүй байх талаар зохицуулалт байхгүй тул үнэлгээнд харгалзаагүй талаар шүүх хурлын явцад болон гэрчийн тайлбараар нотлогдсон ... Техникийн тодорхойлолтод байгаа үзүүлэлтийг санал болгож байгаа барааны үзүүлэлттэй харьцуулан ирүүлэх ... гэснийг зөрчсөн тухайд ТБОНӨБАҮХАТ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: гээд мөн хуулийн 16.1.6-д нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг; гэж заасан байдаг ... Үнэлгээний хороо Тендерийг үнэлэхээс өмнө буюу 07 дугаар сарын 01-ний өдөр оролцогч 2 компаниас 10 загвар тус бүрээс нэг нэг ширхгийг ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд талууд мөн хугацаанд загваруудыг авчирч өгсөн ... Харин үнэлгээг 07 дугаар сарын 03-ны өдөр хийхдээ дээрх техникийн үзүүлэлтэд заасан барааг бодитоор мэргэжлийн инженерүүд нь үзэж үнэлгээг хуульд нийцүүлэн хийсэн ... Тендерийн баримт бичгийн 31.3-д “... техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгүйгээр хангаж буй тендерийг хэлнэ ...” гэж заасан байх тул техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгүйгээр хангаж байна гэж үзэн ТБОНӨБАҮХАТ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд ... өмнө нь худалдан авч хэвшсэн “А Ф ” ХХК-ийн бүтээгдэхүүнийг хөнгөмсгөөр найдан үнэлсэн ... гэх шүүгчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна ... Үнэлгээний хорооны гишүүд нь өөрсдийн эрх, үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн үнэлгээг хийж, эцсийн дүгнэлтийг үнэлгээний хорооны шийдвэрээр гаргасан ба мэргэжлийн дөрвөн инженер оролцсон болно ... шүүх тендерийн материалын 36-39 хуудас дахь Санал болгож буй барааны гарал үүслийн тодорхойлолтод байх барааны нэрс гадаад хэл дээр бичигдсэн байна гэжээ. ТБОНӨБАҮХАТ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерийн оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх  явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ... гаргах ёстой байсан ... Гэтэл энэ талаар шүүхийн шатанд маргаж байгаа нь үндэслэлгүй байна ... УБТЗ ХНН нь тендер  сонгон шалгаруулалтын ялагч болсон “А Ф ” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ХХГ/20/1313 дугаар Худалдах-худалдан авах гэрээг байгуулан, худалдагч талаас гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж дууссан бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж байна ... Өнөөдрийн байдлаар энэхүү гэрээ бүрэн хэрэгжиж дууссан бөгөөд гэрээг хууль бусад тооцсоноор бид хэрэглэсэн агаар шүүх элементийг буцаан өгөх боломжгүй байна ... Учир нь нэг удаагийн засвар үйлчилгээнд нэр төрөл ангиллаас шалтгаалан 1-16 ширхгийг хэрэглэдэг болно ... Иймд ... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэс эхлэн гуравдагч этгээд болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг алдсан ... нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа алдсан учир шийдвэр гаргасан бүхий л үйл ажиллагааг хууль бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. Шүүхээс гадаад хэл дээр бичигдсэн баримт байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж болох байсан. Гэтэл хууль бус гэж дүгнэсэн. Аливаа үйл ажиллагааг хийх эрхгүй этгээд хийж гүйцэтгэсэн бол хууль зөрчих юм ... Шүүхээс “А Ф ” ХХК-ийн ирүүлсэн цахим баримтын 53-61 дүгээр хуудаст байх фильтрийн материалын сертификат гадаад хэл дээр орчуулгагүй гэж дүгнээд тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж тооцсон нь үндэслэлгүй ... хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Бид талуудын ирүүлсэн тендерийн бичиг баримттай бүрэн танилцсан. “А Ф ” ХХК-ийн хувьд бидний шаардаагүй баримт буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ордог бүхий л түүхий эдийн гэрчилгээг гадаад хэл дээр хавсарган ирүүлсэн байсан ... Манай худалдан авч байгаа бараануудыг үйлдвэрлэхэд дотоодын гаралтай түүхий эд ордоггүй ... Манайх ийм баримтыг хавсаргахыг ТОӨЗ-д шаардаагүй ... Шаардлагагүй баримт тул үнэлээгүй, оролцогчдын ирүүлсэн бүх бараа тендерийн шаардлага хангаж байсан тул хуульд заасны дагуу зөвхөн тендерийн үнээр “А Ф ” ХХК шалгарсан” гэж мэдүүлсэн. Тендерийн үнэлгээний хороонд орж ажилласан хөндлөнгийн хяналт тавьж байгаа этгээд шүүхэд гэрчээр асуугдахдаа “Би энэ чиглэлээр мэргэшсэн, англи, орос хэлтэй тул бүх баримт материалыг уншиж танилцсан. Харин бараа бүтээгдэхүүнийг бодит байдлаар хянаж шалгах үүргийг мэргэжлийн хүмүүс хийсэн” гэдгийг мэдүүлсэн. Энэ нь хариуцагч үндэслэлтэй тайлбар өгч байгааг нотолно.

Шүүхээс тендерийн материалын 36-39 дүгээр хуудас дахь Санал болгож буй барааны үүслийн тодорхойлолтод байх барааны нэрс гадаад хэл дээр бичигдсэн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Гэтэл Шүүхээс захиалагч тал “У Т З ХНН-ийн” тендерт оролцогчдод хүргүүлсэн ТОӨЗ-ны 48, 49, 50, 51 дүгээр хуудаснууд дээр техникийн тодорхойлолтод  худалдан авах барааны нэрийг гадаад хэл дээр бичсэн байгаад дүгнэлт хийгээгүйгээс үндэслэлгүй болсон.

Хариуцагч тал шүүхэд мэдүүлэхдээ “Манай байгууллага гадаадын этгээдтэй хамтарсан үйлдвэр бөгөөд байнга хэрэглэдэг, худалдан авах барааны нэрийг гадаад хэл дээр бичиж, нэрлэж хэрэглэж ирсэн. Зарим нэршил орчуулагдахгүй. Оролцогчид энэ нэрээр нь бичиг баримтаа бэлдсэн гэж хэлсэн. Тухайлбал  нэхэмжлэгч тал ч энэ нэрээр бичээд ард нь хэмжээ, загвар, шаардаж буй стандарт хэмжээ зэргийг бичсэн байх үүрэг хүлээж байгаа.

Шүүхээс нэхэмжлэгч талд илт үйлчилж тэдний хэлсэн үг өгүүлбэр бүрийг хүлээн авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс ..., санал болгож буй барааны стандарт зөрүүтэй буюу “Резин дугуй үйлдвэрлэлд хэрэглэдэг бүтээгдэхүүний нэр томьёоны жагсаалтыг тодорхойлсон” стандартыг бичжээ гэж дүгнэсэн.

Тендерийн тодорхойлолтод заасан захиалагчийн шаардсан стандарт тоо хэмжээг гуравдагч этгээд нэг бүрчлэн хуулж бичсэн. Эдгээрт нийцсэн бараа нийлүүлэх тул бичих ч үүрэгтэй юм. Харин шүүлтүүр бүрт резин жийрэг ордог тул өгөгдлийн хүснэгт дээр резиний MNS ISO 3877-2:20044 стандартыг нэмж бичсэн. Энэ хэдэн тоо үсэг бүхий стандартыг бичсэнээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн өөрчлөгдөхгүй бөгөөд резиний стандартыг л нэмж бичсэн.

Монгол улсад резин дугуй үйлдвэрлэдэггүй бөгөөд резин бүтээгдэхүүний стандарт л байгаа. Үүнийг нэмж бичсэнээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн өөрчлөгдөөгүй, дугуй нийлүүлэхгүй юм. Харин ч шүүлтүүрт хэрэглэдэг резин чанартайг илэрхийлнэ.

Хэрэгт байгаа барааны тодорхойлолтын /38, 39/ хуудасны хүснэгтийн 4, 7, 8, 9 дэх хүснэгтүүдэд резиний стандарт нэмж бичсэн ба захиалагч талын шаардсан стандартад ямар нэгэн нэмсэн, хассан зүйл байхгүй юм. Санал болгож байгаа барааны үзүүлэлтийг хүснэгтээр харьцуулан ирүүлэх үүргээ гуравдагч этгээд хангалттай биелүүлсэн. Энэ тодорхойлолтыг давж заалдах шатны шүүхэд харьцуулан үзлэг хийлгүүлнэ.

“Хариуцагч тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, ..., “А Ф ” ХХК-ийн бүтээгдэхүүнийг хөнгөмсгөөр найдаж үнэлсэн нь алдаа болжээ гэсэн байна .

Хангалттай хэрэгжүүлээгүй, хөнгөмсгөөр найдах нь хууль бус байх үндэслэл биш юм.

“А Ф ” ХХК, “Б и” ХХК-ийн тендерт ирүүлсэн 10 төрлийн бараа бүтээгдэхүүн бүрийг нэг бүрчлэн шалгаж танилцсан гэж хариуцагч тал мэдүүлсэн.

16 дугаар зүйлийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно. Хуулиар аль нэгийг үндэслэн тогтоох эрхийг захиалагчид олгосон байна.

Мөн 16 дугаар зүйлийн 16.1.6-д нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг гэж заасан байна. Барааны загвар  тодорхойлолт байж болно. Эсвэл гэрэл зураг гэж хуульд заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч /захиалагч/ талууд хуулиар олгосон сонголтын дагуу барааны загварыг ирүүлж, үзэж сонгосон байхад дүрс зурагт авсан хоёр хэмжээстэй адилхан нарийхан зураг байх ёстой гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.

Шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлт хууль бус байсан нь тогтоогдсон тул уг дүгнэлтийг үндэслэн байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээ өөрөө хууль бус байсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээдийн зүгээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 16.2-д Энэ хуулийн 16.1-д заасан шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана гэсэн заалтыг хангалттай биелүүлсэн байгаа.

Шүүхээс хариуцагч тендерийг үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт дэх мэдээллийг буруу хэрэгжүүлсэн гэж ямар ч үндэслэлгүй дүгнэсэн.

Гуравдагч этгээдийн зүгээс шаардлагатай бүхий л мэдээллийг өгөгдлийн хүснэгтэд нийцүүлэн өгсөн билээ. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлно.

11.1.3-д “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй”, 11.1.4-д “энэ хуулийн 11.1.3-д заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэх гэж заажээ.

Хэдийгээр хэмжээг тавьсан нь өгөгдлийн хүснэгттэй нийцэж байх боловч дүрсний хэмжээ нь нарийхан харагдах ёстой гэж шаардаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж байна.

Шүүхээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 16.1.6, 16.1.7, 16.2 дахь заалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Шүүхээс тендерийн хорооны дүгнэлт, үүнээс үүдсэн гэрээ байгуулах тухай мэдэгдэл, тендерт шалгарсан этгээд буюу “А Ф ” ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг хууль бус гэж дүгнэсэн хууль бус тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд болон хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэв.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/37 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зарласан “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” УБТЗ/2020/НТШ/17 дугаар нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Б и” ХХК болон гуравдагч этгээд “А Ф ” ХХК-аас ирүүлсэн тендерүүдийг аль алиныг нь шаардлагад нийцсэн гэж үзэж сонгон шалгаруулалтад оролцуулсан байна.

Улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасныг үндэслэн гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийг уг тендерт шалгарсан талаар дүгнэлт гаргаж, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2433 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид тендерт шалгараагүй талаар мэдэгдэж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З нь “А Ф ” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ.

Нэхэмжлэгч “Б и” ХХК уг тендер шалгаруулалтын үйл ажиллагааг эс зөвшөөрч “... “А Ф ” ХХК-ийн шаардлага хангаагүй баримт бичгийг үндэслэн тендерийн ялагчаар шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчсөн ... цахим тендер дээр өгсөн үнийн саналд 1,173,469 /нэг сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн нь ... тендерийн баримт бичигтэй зөрчилдөж байна ... хавсаргасан сертификатуудын хүчинтэй хугацаа дууссан ба баталгаат орчуулгагүй байгаа нь ТОӨЗ-ны 11.1 дэх заалтыг зөрчиж байна ... техникийн үзүүлэлтийн паспорт дээрх үзүүлэлт нь санал болгож буй бүтээгдэхүүний бодит байдалтай нийцэхгүй ... тендерийн баримт бичигтэй огт хамааралгүй стандартын үзүүлэлтийг дурдаж хавсаргасан ...” гэсэн үндэслэлээр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2433 дугаар мэдэгдэл, УБТЗ/2020/НТШ/17 дугаартай “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” тендер сонгон шалгаруулалтад “А Ф ” ХХК-ийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдэл, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З болон “А Ф ” ХХК-тай байгуулсан ХХГ/20/1313 дугаар Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, УБТЗ/2020/НТШ/17 дугаартай “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “А Ф ” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З болон “А Ф ” ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар худалдах, худалдан авах гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй зөв зөв дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг нээсний дараа тендерт оролцогч тус бүрийн тендер захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага болох ерөнхий болон санхүү, техникийн чадавхи, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичиг болон хуульд заасан үзүүлэлт тус бүрээр хангаж буй эсэхийг хянан үзэж, захиалагчийн тогтоосон шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах эрхтэй байх бөгөөд төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ил тод, тэгш боломжтой, хариуцлагатай, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмын хүрээнд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэхээр хуульчилсныг баримтлах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” УБТЗ/2020/НТШ/17 дугаар тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо тендерт ирүүлсэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын материалыг хянан үзэхдээ хууль болон Тендерийн баримт бичигт заасныг зөрчсөн, тендерийг хянан үзэж үнэлэлт дүгнэлт гаргах чиг үүргээ хангалтгүй  хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус тендер сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийг сонгон шалгаруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Илчит  тэрэгний шүүх элемент худалдан авах” УБТЗ/2020/НТШ/17 дугаар тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Б и” ХХК-аас 241,408,200 төгрөгийн, “А Ф ” ХХК-аас 234,693,800 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч “Б и“ ХХК болон гуравдагч этгээд “А Ф ” ХХК нараас ирүүлсэн тендерийн материалуудыг аль алиныг нь тус тендерийн баримт бичигт болон хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байх тул дээрх хуульд заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг буюу 234,693,800 төгрөгийн үнийг санал болгосон “А Ф ” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28 дугаар зүйлийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 11.1-д “Тендер, түүнчлэн тендертэй холбоотойгоор захиалагч тендерт оролцогчийн хооронд харилцаж буй албан бичиг, захидлууд болон бусад баримт материалыг тендерт оролцогчид өгсөн зааварчилгааны дагуу бэлтгэх ба холбогдох бүх баримт бичиг нь Монгол хэл дээр, гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол тэдгээр нь ТШӨХ-д заасан хэл дээр байна. Тендерийн баримт бичгийн монгол хэл дээрх хувь гадаад хэл дээрхтэй зөрчилдвөл монгол хэл дээр бэлтгэсэн ТББ-ийн заалтыг баримтална”, 11.2-т “Аливаа тендерийг дагалдах баримт бичиг, хэвлэмэл материал нь өөр хэл дээр байж болох бөгөөд энэ тохиолдолд тэдгээрийн тендерт холбогдох хэсгийг ТОӨЗ-ны 11.1-д заасан хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг тендерт оролцогч давхар бэлтгэж ирүүлэх бөгөөд уг орчуулгыг тендерийг хянан үзэх, үнэлэхэд харгалзана”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “В” Тендер бэлтгэх ТОӨЗ 11.1-д “Тендерийн хэл нь Монгол хэл байна. хэрэв тендерт гадаадын этгээд оролцох бол гадаад хэл дээр ирүүлсэн тендерийг Монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны баталгаат орчуулгын хамт ирүүлнэ ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан “А Ф ” ХХК-ийн цахим тендерийн баримт /CD/-аас үзэхэд “Фильтер материалын сертификат”[1]-ууд нь гадаад хэл дээр, орчуулгагүй байх боловч уг баримтуудыг Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардаагүй талаар хариуцагчаас тайлбарлан маргасан байхад шүүх тендерийн баримт бичгийн шаардлагатай тулган нягтлалгүйгээр “... цахим файлын 4.3 буюу тендерийн материалын 53-61 дэх хуудсанд байх филтер материалын сертификатууд гадаад хэл дээр орчуулгагүй ... 53-61 хуудсанд байх гадаад хэл дээрх бусад материал орчуулга байх болов хуудасны тоо, огноо зөрүүтэй ... санал болгож буй барааны гарал үүслийн тодорхойлолтод байх барааны нэрс гадаад хэл дээр бичигдсэн ... ” гэх зэрэг дүгнэлтийг хийж шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 11.2-т “... тэдгээрийн тендерт холбогдох хэсгийг ТОӨЗ-ны 11.1-д заасан хэл рүү хөрвүүлсэн орчуулгыг тендерт оролцогч давхар бэлтгэж ирүүлэх бөгөөд уг орчуулгыг тендерийг хянан үзэх, үнэлэхэд харгалзана” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1 (ё)-ийн 13-д “Бараа тус бүрийн үйлдвэрлэгч, гарал үүслийг тодорхойлж ирүүлэх” гэж заасан байх бөгөөд Тендерийн баримт бичгийн “Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь”[2] гэх хүснэгтэн баримтад захиалагч нийлүүлэх барааны нэр төрлийг “Воздушный фильтр”, ... Масляный фильтр” гэх зэргээр Орос хэл дээр, Техникийн тодорхойлолтын хураангуй[3] гэх хүснэгтэн баримтад “Воздушный фильтр”, ... “Масляный фильтр” зэргээр мөн Орос хэл дээр бичиж тухайн барааг нийлүүлэхийг шаардсан байх бөгөөд хэрэгт авагдсан гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийн цахим тендерийн баримт /CD/-ын 4.1 буюу 36-39 дэх талд байх “Техникийн тодорхойлолтын харьцуулалт”, “Санал болгож буй барааны гарал үүслийн тодорхойлолт” зэргээс үзэхэд барааны нэршлийг “Воздушный фильтр”, ... Масляный фильтр” гэх зэргээр, мөн нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн Тендерийн материалын 62 дахь талд байх “Барааны техникийн тодорхойлолт”[4]-д барааны нэршлийг мөн адил “Воздушный фильтр”, ... Масляный фильтр” гэх зэргээр Орос хэл дээр бичсэн байхад шүүх зөвхөн гуравдагч этгээдийн тендерийн баримтын холбогдох хэсгийг үнэлж “... цахим файлын 4.3 буюу тендерийн материалын 36-39 дэх талд “Санал болгож буй барааны гарал үүслийн тодорхойлолтод байх барааны нэрс гадаад хэл дээр бичигдсэн ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болгосон нь буруу, энэ үндэслэлээр хариуцагч Үнэлгээний хороо “А Ф ” ХХК-ийг сонгон шалгаруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс захиалагч тал ... тендерт оролцогчдод хүргүүлсэн ТОӨЗ-ны 48, 49, 50, 51 дүгээр хуудсууд дээр техникийн тодорхойлолтод худалдан авах барааны нэрийг гадаад хэлээр бичсэн байгаад дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр үндэслэлгүй болсон...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Б и” ХХК нь техникийн тодорхойлолт дахь барааны нэрс гадаад хэл дээр бичигдсэнтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны В. Тендер бэлтгэх 15.1-д “Тендерийн маягт болон үнийн хуваарь дахь тендерт оролцогчийн санал болгож буй үнэ болон, үнийн хөнгөлөлт нь дор тодорхойлсон шаардлагад нийцсэн байна”, 15.3-д “Тендерийн маягтад тусгасан үнэ нь аливаа үнийн хөнгөлөлтийг тооцоогүй тухайн тендерийн нийт үнэ байна”, 15.4-д “Тендерт оролцогч нь аливаа нөхцөлт бус үнийн хөнгөлөлт болон түүнийг хэрэглэх аргачлалыг тендерт ирүүлэх маягтад тусад нь тусгасан байна” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн тендерт хөнгөлөлттэй үнийн санал ирүүлэхгүй байх шаардлага тавиагүй байх бөгөөд тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б и” ХХК-аас 241,408,200 төгрөгийн, “А Ф ” ХХК-аас 234,693,800 төгрөгийн үнийн саналыг тус тус гаргасан байгаагаас үзэхэд гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийн санал болгосон 1,173,469 /нэг сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийн хөнгөлөлттэй үнийг оруулан тооцсон ч нэхэмжлэгчийн санал болгосон үнийн дүн гуравдагч этгээдийн санал болгосон үнийн дүнгээс өндөр буюу гуравдагч этгээд “А Ф ” ХХК нь “хамгийн бага” үнэтэй тендерийг санал болгосон байх тул нэхэмжлэгчийн “... цахим тендер дээр өгсөн үнийн саналд 1,173,469 /нэг сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн нь тухайн тендерийн маягтын 3-т хөнгөлөлт үзүүлэхгүй гэж баталсан тендерийн баримт бичигтэй зөрчилдөж байна ...” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1 (ё)-ийн 22-д “Техникийн тодорхойлолтод байгаа үзүүлэлтийг санал болгож байгаа барааны үзүүлэлттэй хүснэгтээр харьцуулан ирүүлэх” гэж заасны дагуу Тендер сонгон шалгаруулалтад оролцогч нэхэмжлэгч “Б и” ХХК болон гуравдагч этгээд “А Ф ” ХХК нь санал болгож буй техникийн үндсэн үзүүлэлтүүд, ашиглалтын талаарх зааварчилгаа зэргийг тусгаж, техникийн үзүүлэлтийн паспорт /нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн цахим тендерийн баримтын 46-55 дахь тал, гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийн цахим тендерийн баримт / CD/-ийн 4.2 40-52 дахь тал/-ыг хүргүүлжээ.

 Гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийн цахим тендерийн баримт / CD/-ын 4.2 40-52 дахь талд байх “Дотоод шаталтын хөдөлгүүрийн агаар шүүгч паспорт”-оос үзэхэд гуравдагч этгээд нь техникийн үзүүлэлт, ашиглалтын талаарх зааварчилгаа зэргийг тусгахдаа зурган мэдээллийн хамт оруулсан байх бөгөөд ийнхүү дүрс ашиглаж, зурган мэдээллийг оруулахдаа өөрийн компанийн санал болгох техникийн зургийг оруулаагүй гэдгийг анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... манай компанийн хувьд дүрс ашигласан болохоос манай компанийн бараа биш гэдгийг тайлбартаа дурдсан ...” гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нийт 10 төрлийн шүүх элементүүдийн загвар тус бүрийг оролцогч компаниудаас авсан байсан ... эдгээрийг харьцуулж үзсэний үндсэн дээр шалгаруулсан ...” гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээс тосны шүүрний тодорхойлолтод агаар шүүгчийн зураг оруулаагүй гэж маргаагүй, хариуцагч Үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхээс өмнө тус 2 компанийн санал болгосон бараануудаас загвар тус бүрийг авч, харьцуулан үзэж үнэлсэн байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тендер сонгон шалгаруулалтад санал болгосон бараа бүтээгдэхүүнийг харьцуулж, хянаж үзсэн эсэхтэй маргаагүй, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч “техникийн үзүүлэлтийн паспорт дээрх үзүүлэлт нь санал болгож буй бүтээгдэхүүний бодит байдалтай нийцэхгүй байна ... техникийн үзүүлэлт, зураг хоорондоо зөрүүтэй ... тосны шүүрний тодорхойлолтод агаар шүүгчийн зураг оруулсан байдал нь уг бүтээгдэхүүн нь санал болгож буй бүтээгдэхүүн мөн гэдгийг тодорхойлохгүй ...” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1 (ё)-ийн 22-д “Техникийн тодорхойлолтод байгаа үзүүлэлтийг санал болгож байгаа барааны үзүүлэлттэй хүснэгтээр харьцуулан ирүүлэх” гэж зааснаас үзэхэд Тендерийн баримт бичигт хүснэгтэн харьцуулалтыг шаардсан буюу зургаар ирүүлэхийг шаардаагүй байна.

Иймд гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийг Тендерийн баримт бичигт заагаагүй, бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүнд хамааралгүй стандарт, үзүүлэлт, зураг хавсаргасан, бүрдэл хангаагүй гэж  үзэх, тус тендерт гуравдагч этгээдийг шалгаруулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, ТОӨЗ-ны 31.3-д “Шаардлагад нийцсэн тендер гэж тендерийн баримт бичгийн бүх нөхцөл болзол, тендерт оролцогчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санал болгосон бараа нь ТОӨЗ-ны 19 дүгээр зүйлд заасан нөхцөл болон техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгүйгээр хангаж буй тендерийг хэлнэ ...” гэж заасны дагуу хариуцагч гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” УБТЗ/2020/НТШ/17 дугаартай тендерт сонгон шалгаруулсан нь хууль болон Тендерийн баримт бичигт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “... Тендерийн бичиг баримтад хавсаргасан /ТББ-ын 4.3 53-61/ сертификатуудын хүчинтэй хугацаа дууссан ба баталгаат орчуулгагүй ...” гэж маргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, Цахим тендер шалгаруулалтын журмын 3.2.7-д “Үнэлгээний хороо энэ хуулийн 29.1 дэх хэсэгт заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг бүрэн нийтэлнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч УБТЗ/2020/НТШ/17 дугаартай “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” тендер сонгон шалгаруулалтад “А Ф ” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь хууль болон тендерийн баримт бичигт нийцсэн, үндэслэлтэй байх тул дээрх хуульд заасны дагуу гуравдагч этгээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З нь “А Ф ” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэв төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд шалгарсан этгээд шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй тохиолдолд захиалагч хуульд заасан журмын дагуу нийлүүлэгчээс буюу тендерт шалгарсан этээдээс хариуцлага шаардах боломжтой бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З болон “А Ф ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ” нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй, тус гэрээний дагуу гуравдагч этгээд “А Ф ” ХХК нь барааг нийлүүлж дууссан талаар хариуцагч, гуравдагч этгээд нар тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн Монгол-Оросын хувь  нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлээр “А Ф ” ХХК-д тус компанийн “Илчит тэрэгний шүүх элемент” худалдан авах УБТЗ/2020/НТШ/17 дугаар тендерийн 1 дүгээр багцад ирүүлсэн тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагад нийцсэн тул мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ  “... Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг тухайн өдрөө “А Ф ” ХХК-д өгсөн атлаа “Б и” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2433 мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр өгсөн ... Үүний улмаас бид хуулийн хугацаанд Сангийн яамаар гомдлоо хянуулж чадаагүй ...” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй, уг мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. Хэрэв ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “УБТЗ/2020/НТШ/17 дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “УБТЗ/2020/НТШ/17 дугаартай Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” УБТЗ/2020/НТШ/17 тендерийн баримт бичгийн шаардлага тус бүрийг хангасан бөгөөд хамгийн бага харьцуулах үнэтэй тендер гэж үзсэн нь гуравдагч этгээд “А Ф ” ХХК-ийн тендерт шалгаруулалтад хүргүүлсэн баримт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон, үндэслэлтэй, хуульд нийцсэн байхад энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 760 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын УБТЗ/2020/НТШ/17 дугаартай “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” тендер сонгон шалгаруулалтад “А Ф ” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “А Ф ” ХХК-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХХГ/20/1313 дугаар “худалдах, худалдан авах гэрээ”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16/2432 дугаар мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “А Ф ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас илүү төлсөн 70,200 төгрөгийг  тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ