| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 258 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Б.Билгүүн,
Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.А холбогдох эрүүгийн 1906 07413 0041 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Сүхбаатар аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, З.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-
нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Смайл” нэртэй караокед иргэн Б.Билгүүнийг толгой тус газар нь өшиглөх,
гараараа цохих, боох зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Билгүүн мэдүүлэхдээ: “...Урьд яригдсан зүйл үнэн зөв. Хамар хугарсан гомдолтой байна. 1.200.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Билгүүний гаргасан өргөдөл, гомдол /хх-2/, хохирогч Б.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-5-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт /хх-13/, шүүгдэгч З.А гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-9/, шүүгдэгч З.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-33-35/, шүүгдэгч З.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-
нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Смайл” нэртэй караокед иргэн Б.Билгүүнийг толгой тус газар нь өшиглөх,
гараараа цохих, боох зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүнийн өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смайл” гэх караокед найз нарын хамт орж үйлчлүүлсэн. “Смайл” нэртэй караокег ажлуулдаг гэх махлаг биетэй 170 см орчим өндөр нуруутай надаас биерхүү залуу гаднаас орж ирээд тайлбар тавьж амжаагүй байхад үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж дээрх гэмтлийг ганцаараа учруулсан. Би үл таних залууд зодуулж байхад өмсөж байсан цамц тайлагдаад цамцаар миний хоолойг боосноос болоод хоолойн эргэн тойронд улаасан. Мөн намайг унасан байхад нүүр рүү нэмж өшиглөсөн." /хх-5-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч З.А яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн орчимд 4-5 залуу манай караокед орж ирж үйлчлүүлсэн. Уг хүмүүс караокены №5 тоот өрөө рүү орсон. Орж ирэхдээ бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгаас манай найз ирж байхаар нь түүнийг тосохоор чулуун овооны “Тэнгэр плаза” руу яваад найзтайгаа уулзаад байж байхад эхнэр араас залгаад “5 тоот өрөөний залуу тооцоогоо хийхгүй хэл амаар доромжлоод байна” гэхээр нь шөнө 03 цагийн орчимд очиход 5 тоот өрөөнд үйлчлүүлж байсан согтуу залуу үүдний буйдан дээр хэвтэж байхаар нь босоод “тооцоогоо хий” гэхэд “танайхыг өмнө нь солонгос хүмүүс ажлуулдаг байсан тэр хүүхүүдээ гаргаад ир” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “чи яагаад намайг овгордоод байгаа юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэхээр нь би түүний нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгэхэд “би тооцоондоо байгаа мөнгөө өгье” гээд 30.000 төгрөг машины түлхүүр гар утастайгаа үлдээгээд явсан. Тэгээд уг залуу гараад явсан. Түүнийг приус маркийн машинтай найзууд нь аваад явсан.” /хх-33-35/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.А 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Смайл” нэртэй караокед иргэн Б.Билгүүнийг толгой тус газар нь өшиглөх,
гараараа цохих, боох зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч З.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч З.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Билгүүн нь 136.000 төгрөгийн хохирол учир нь баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч Б.Билгүүн нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч З.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар З.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, З.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар З.Алтаншагайгаас 136.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Билгүүнд олгосугай.
7. Хохирогч Б.Билгүүн нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС