Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШЗ2016/1009

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: “Медиа боловсрол суваг” ХХК-ийн /Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 хорооолол кино үйлдвэрийн гудамж-78 өөрийн байранд байрлах/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ДДДДА” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 65А байр 45 тоотод байрлах/ холбогдох,

 

8.598.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хаш-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Манай компани 2014 оны 3 дугаар сарын 12 өдөр “Витамин студи” ХХК-тай 03/097 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр cap бүр 1.000.000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ харилцан солилцохоор тохиролцсон бөгөөд уг тохиролцоогоор манай зүгээс “Витамин студи” ХХК-иас ирүүлсэн реклам зар сурталчилгааг өөрийн телевизээр нэвтрүүлсний хариуд “Витамин студи” ХХК нь манай телевизээс захиалсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй хэвлэж өгөхөөр тохирсон.

Бид гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж 2014 оны 02 дугаар сарын 26 өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 04 өдрийг хүртэл нийт 10.728.000 төгрегийн реклам, зар сурталчилгааг үнэ төлбөргүй цацсан боловч “Витамин студи” ХХК нь манай компаний үзүүлсэн үйлчилгээний хариуд манай телевизээс бүтээсэн гурван найз киноны 1.500.000 төгрөгийн плакат, 700.000 төгрөгийн нэрийн хуудас тус тус хэвлэж 2.200.000 төгрөгийн үйлчилгээг хариу үзүүлсэн боловч үлдсэн 8.528.000 төгрөгийн үйлчилгээг одоог хүртэл үзүүлээгүй, үзүүлэхээс татгалзсан. Бид нэгэнт үзүүлсэн үйлчилгээний хариуд гэрээнд заасан зохих үйлчилгээгээ авахаар удаа дараа хандсан боловч захиалга ихтэй гэсэн шалтгаанаар манай гэрээнд заасан үйлчилгээгээ үзүүлэхгүй байсаар эцэст нь утсаа авахгүй болж бидэнтэй холбогдохоос зугтаж, зайлсхийж өдийг хүртэл гэрээний үүргээ зөрчиж байна.

Иймд 03/097 тоот Хамтран ажиллах гэрээний 6.1-т “Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бмелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд бодит хохирлыг буруутай тал нөхөн төлнө” гэснийг мөн Иргэний хуулийн 227, 228 дугаар зүйлд заасныг үндэслэн “Витамин студи” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүдэн бидэнд учирсан хохирол буюу реклам зар сурталчилгааг өөрийн телевизийн эфирээр үнэ төлбөргүй цацсаны хохирол болох 8.528.000 төгрөг, эрэн сурвалжлахтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасны зардал болох 70.200 төгрөгийн хохирол, нийт 8.598.000 төгрөгийг  “ДДДДА” ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Манайх тооцоо хийж үзээд хариуцагчтай дараах байдлаар эвлэрч байна. Нийт 8.528.000 төгрөг нэхэмжилсэнээс 2.018.000 төгрөгөөс татгалзаж, нийт 6.574.000 төгрөгийн төлбөрийг 2016.12.31 өдрийн дотор бартераар гэрээнд заасан хэлбэрээр төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд 6.574.000 төгрөгийн бартерийн үйлчилгээг бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар эвлэрэхэд татгалзахгүй гэв.

Хариуцагч “ДДДДА” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Манай компани нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа ч үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өөрсдийн төлбөл зохих төлбөрийг бартераар төлөх саналтай байгаа.

Нэхэмжлэгч тал 8.528.000 төгрөг нэхэмжилсэнээс 2.018.000 төгрөгөөс татгалзсан тул үлдэх 6.574.000 төгрөгийг 2016.12.31 өдрөөс өмнө бартераар гэрээнд заасан хэлбэрээр төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Витамин студи ХХК нь бартерын үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд багтааж төлөх ба хугацаандаа  төлөөгүй тохиолдолд 6.574.000  төгрөгийг бэлэн мөнгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            “Медиа боловсрол суваг” ХХК нь 8.598.000 төгрөгийг “ДДДДА” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

       “Медиа боловсрол суваг”, Витамин студи” буюу “ДДДДА” ХХК-ийн хооронд 2014.03.12 өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж  “Боловсрол суваг” телевиз нь өөрийн телевизэд ашиглагдах тайз, самбарын хулдаасан хэвлэл болон бусад шаардлагатай бүх төрлийн хэвлэмэл материалыг захиалах, “Витамин студи” ХХК-ийн реклам сурталчилгааг өөрийн эфирээр нэвтрүүлэх цаашид 100% бартерын журмаар хамтран ажиллахаар талууд тохирчээ. Энэхүү гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандсан байна.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: Нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК нь 8.598.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 2.018.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.574.000 төгрөгийг хариуцагч “ДДДДА” ХХК 2016 оны 12 дугаар сарын 31 өдрийн дотор  бартераар гэрээнд заасан хэлбэрээр төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд 6.574.000 төгрөгийн бартерын үйлчилгээг бэлэн мөнгөөр төлөхөөр эвлэрч байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123  дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ  нь: 

1. Хариуцагч “ДДДДА” ХХК нийт 6.574.000 төгрөгийг нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 31 өдрийн дотор бартераар гэрээнд заасан хэлбэрээр төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд 6.574.000 төгрөгийн бартерын үйлчилгээг бэлэн мөнгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152.518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДДДДА” ХХК-иас 120.134 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Медиа боловсрол суваг” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “ДДДДА” ХХК сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.СОЛОНГО