| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Аварзэд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч А.Аварзэд,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Х холбогдох эрүүгийн 1906 06593 0044 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ монгол амралтын газрын кароакенд бусадтай маргалдаж байхдаа үнсний шилэн бөөрөнхий сав шидэж иргэн Ч.Болормаагийн хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Болормаагийн гаргасан өргөдөл, гомдол /хх-3/, хохирогч Ч.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1524 дугаартай дүгнэлт /хх-11-12/, гэрч Н.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгч А.Х гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-8-9/, шүүгдэгч А.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгч А.Х урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ монгол амралтын газрын кароакенд бусадтай маргалдаж байхдаа үнсний шилэн бөөрөнхий сав шидэж иргэн Ч.Болормаагийн хамран тус газар нь цохиж зрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Болормаагийн өгсөн: “...Караокендоо амралтаа тэмдэглээд сууж байхад Н.Тэмүүжин, А.Х нар хоорондоо маргалдаад А.Х , Н.Тэмүүжинг үсдээд байж байсан. Бүгдээрээ очоод салгахад Н.Тэмжүүжин ширээ авч шидээд цаана байсан 2 хүнийг очоод цохисон. Би “чи хүн аллаа ш дээ боль” гээд Н.Тэмүүжинг очиж араас нь тэвэрч татаж болиулсан. Тэгтэл текний цаанаас Н.Тэмүүжингийн эхнэр А.Х зузаан бөөрөнхий үсний сав аваад Н.Тэмүүжин рүү шидсэн. Үнсний сав миний хамрыг онож хамрын угалз хэсгээр нэвт зүсэгдээд уруул дээр унжаад ирсэн. Тэгээд миний хамарнаас их хэмжээгээр цус алдаад би хамраа буцааж наагаад “хурдан түргэн дуудаач өгөөч” гэсэн. А.Х “намайг уучлаарай, би шоронд сууя” гээд байсан...” /хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1524 дугаартай дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Тэмүүжингийн өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Монгол” амралтын газарт 2 менежер солигдоод амралтаа хаагаад сууцгаасан. Эхлээд менежер 1 шил архи аваад бүгдээрээ ууцгаасан. Тэгээд дотроосоо өөрсдөө юм авчраад сууцгаасан. Тухайн үед Гарьд миний бие рүү архи асгачихаар нь би Гарьдтай маргалдаад байж байсан. Тэгтэл эхнэр А.Х орж ирээд намайг салгасан. Тэгээд 2 тийшээ болоод зогсож байхад А.Х үнсний сав аваад миний өөдөөс шидсэн. Тогооч Болормаа эгч миний хажууд зогсож байгаад оногдсон. Тэгтэл Болормаа эгчийн хамар сэтрээд цус гарсан байсан. Даваасамбуу 1 хүний хамт аваад гэмтлийн эмнэлэг рүү аваад оёдулаад хүрч ирсэн." /хх-33-34/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Х гэрчээр өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ монгол” амралтын газар 2 менежер солигдоод танилцах үдэшлэг ажилчдын дунд зохион байгуулсан. Тухайн үед Нина, Болормаа, Даваасамбуу, Тэмүүжин, Энх-Отгон, Гэрэлээ, нөхөр болох Гарьд нарын хамт байсан. 0,75 граммтай Соёрхол нэртэй архи, 2 литртэй Сэнгүр пиво 4 ширхэгийг хувааж ууцгаасан. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан учир пивоноос бага зэрэг уусан. Болормаа эгчийг Гэрэлээ эгчийн нөхөр Гарьд оролдоод байсан. Даваасамбуу Тэмүүжин нар Болороо эгчийг өмөөрөөд Гарьдтай маргалдаж байгаад Гарьд нь Тэмүүжингийн хувцас дээр архи асгачихсан. Тэмүүжин уурлаад том ширээ аваад Гарьдыг цохих гэж байсан. Боль гэхэд үгэнд нь орохгүй байхаар нь би Тэмүүжинг үсдээд дарчихсан. Тэгтэл Тэмүүжин над руу дайраад тэнд байсан Болормаа, Гэрэлээ Энх-Отгон нар салгаж болиулж байсан. Тэмүүжин намайг гэдсэн дэх хүүхдээ аваад зайл гэж хэлэхээр нь би гарт тааралдсан шилэн үнсний сав аваад Тэмүүжингийн хөл орчим шидсэн. Тэгтэл Болормаа эгч Тэмүүжингийн хөл орчим сууж байгаад оногдсон байсан. Би уйлаад гараад гүйчихсэн. Сараа намайг дуудахаар нь буцаж ороход Болормаа эгч хамраа дараад доошоо суусан хамраас нь цус гарч байсан. Тэгээд түргэн дуудаад Даваасамбуу, Энх-Отгон нар эмнэлэг авч яваад оёулаад хүрч ирсэн. Маргааш нь би цагдаад мэдэгдэх үү гэхэд эмчилгээний зардлын мөнгө гаргаж өг гэсэн. Тэгээд би цалин авахгүй мөнгө өгч байсан. Одоо Болормаа эгчид 915.000 төгрөг өгсөн байгаа. ”/хх-8-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Х яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ монгол” амралтын газарт ажлын хүмүүс болох Нина, Болормаа, Энх-Отгон, Сараа, Гэрэлээ, Гарьд, Даваасамбуу, Тэмүүжин нарын хамт менежер солигдсон гээд караокед орсон. Тэгээд нөхөр Тэмүүжин, Гарьдтай үсдсэн. Тэгтэл нөхөр Тэмүүжин гэдсэн дэх хүүхдээ аваад зайл гэхээр нь гомдоод үнсний сав аваад шидсэн. Тэгтэл Болормаа эгчийг оносон. Гадаа уйлаад сууж байхад намайг дуудаад Болормаа эгчийг оносон байна гэж хэлсэн. Буцаж ороход Болормаа эгч хамраа дараад сууж байсан. Тэгээд бид нар түргэн дуудаад Гэмтлийн эмнэлэг явсан. Болормаа эгчийн хамар нь урд хэсгээрээ зүсэгдсэн байсан. Миний бурууу Тэмүүжин рүү шидэх гэж байгаад Болормаа эгчийг оносон.”/хх-30/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Х урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ монгол амралтын газрын кароакенд бусадтай маргалдаж байхдаа үнсний шилэн бөөрөнхий сав шидэж иргэн Ч.Болормаагийн хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч А.Х ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Болормаад 3.915.000 төгрөгийг төлсөн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ч.Болормаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Х хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Х ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, А.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Ч.Болормаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС