Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ДШм/56

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б-д холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Д.Дэлгэрбаяр,

            Хохирогч нарын өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2017/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч П.Бд холбогдох, эрүүгийн 201710000035 дугаартай, 3 хавтас, 503 хуудас бүхий хэргийг хохирогч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн туслах мэргэжилтэй, Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт өрмийн туслах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт П.Б /МТ84043010/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг 372/301 км-ын тэмдэгтийн орчимд Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 08-95 ДГО улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а,  2.7.а, 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж явган зорчигч А.Зулаа, М.Төгөлдөр нарыг мөргөж, А.Зулаагийн амь насыг хохироож, М.Төгөлдөрийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2017/ШЦТ/92 шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хотгойд овогт П.Б-ыг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч П.Б нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Төгөлдөр нь цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 08-95 ДГО приус-10 маркийн автомашиныг шүүгдэгч П.Б-д буцаан олгохоор,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Бд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасаг, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: ...Уг хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд уг хүндэвтэр гэмтлийн эцсийн хор уршиг бүрэн арилаагүй, өөрөөр хэлбэл гэмтлийн зэрэг эргэлзээтэй болох нөхцөл байдалд анхан шатны шүүхээс бодитой анхаарч бүрэн дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна.

Уг хэргийн хохирогч Төгөлдөрийн биед Дорноговь аймгийн ШШГА-ны 2017.03.13-ны өдрийн 105 тоот шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон боловч уг гэмтлийг зөвхөн түүний анхны үзлэг буюу Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 001093 дугаартай өвчний түүхээс үндэслэж гаргасан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хохирогч Төгөлдөрийн хөлийн зураг бусад нарийн шинжилгээ холбогдох бичгийн баримтуудыг үзэж уг гэмтэлд хамруулаагүйн улмаас эмчилгээний явцад уг хөлний гэмтлээс үүдэж гарсан хор уршиг үр дагавартай холбоотой яаралтай шаардагдах хагалгаа хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ зэргийг дахин харьцуулж дүгнэх нөхцөл байдлууд орхигдсон болохыг зүй ёсоор анхааран үзэх нь зүйтэй юм. Энэ нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хүчин зүйлийн үндэслэл болохгүй боловч гэм хорын хохирлын хир хэмжээ, хохирогчийн цаашдын эрүүл мэндийн байдалд онцолж нөлөөлөх нэг нөхцөл юм. Шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцсон шинжээч Анхбаяр ч энэ талаар тодорхой мэдүүлж зөвхөн өвчтөний түүхээр уг дүгнэлт гарсан болохыг хүлээн зөвшөөрсөн нь ч хохирогчийн эрхийн асуудал хэт өрөөсгөл байдлаар хохирсон болохыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдлыг илэрхийлж байна хэмээн үзэх боломжтой юм. Тиймээс ч шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбаатараас зөвхөн энэ шинжээчийн дүгнэлтэнд нөхцөл байдлыг хөндөж улмаар хохирогч Төгөлдөрийн яаралтай хагалгаанд орох шаардлага түүнтэй уялдаж хөндөгдөх эмчилгээний зардал зэргийг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй юм. Иймд дахин шинжээч томилж хохирогч Төгөлдөрийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох. Хохирогч Төгөлдөр нь уг гэмтлийн улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа ба уг хагалгааны төлбөр 2500000 төгрөгийг Баас нэхэмжилсэн боловч шүүхээс иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхийг нь заагаад орхигдуулсан нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл уг нэхэмжлэлийн талаарх зохих ёсны нотлох баримтаа тэрээр бүрдүүлсэн бөгөөд улмаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй атал энэхүү эрхийг нь шүүхээс хангаж шийдвэрлээгүй болохыг анхааран үзнэ үү. Иймд энэхүү 2 үндэслэлээр П.Бд холбогдох хэргийг дахин хянан өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхэд буюу хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хохирогч талаас баримт сэлт гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэн чухал гэсэн хохирогчийн хөлийн рентгэн зураг, баримтуудаа хэрэгт хавсаргаагүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар Шинжилгээний байгууллагад хохирогч өөрийн биеэр ирж үзлэг шинжилгээ өгөх боломж байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн 105 дугаар дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодит үнэлэлт, дүгнэлт өгсөн учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү эрх нь эмчилгээний зайлшгүй зардал гэдгийг хангахуйц хэмжээнд үнэлэх, нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Батлан хамгаалах, хууль сахиулагчдын алба хаагчдын эмнэлэгт нээсэн өвчтөний түүх болон эмнэлгээс гарах үеийн эпикриз /1 хх-97/ биеийн байдал дунд ирээд хэвийн гарсан. Амбулаториор эмчлүүлэгчдийн картанд хэвтэж эмийн эмчилгээ баруун хөлд гөлтөгнөн аравч хийх, цаашид амбулаториор хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн гэсэн шилбэний хавчаар ясыг бэхлэх гэсэн байгаа болохоос биш хагалгаа хийлгэх зардал гэж байхгүй. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2009 оны 144 дүгээр тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2 дугаар зүйлийн 2.17 ердийн өвчнөөр өвчлөхөд амбулаториор 50 хоног нийтдээ 91 хоног, ахуйн ослоор өвчилсөн даатгуулагч амбулаториор болон эмнэлэгт хэвтсэн хугацааг оролцуулан нийтдээ 91 хоног хүртэл эмнэлгийн хуудас олгоно гэж заажээ. Иймээс 90 хоногийн хугацаанд гэмтэл эдгэрээгүй бол Гэмтлийн эмнэлгийн магадлагааны комиссоор хувь тогтооно. Төгөлдөр 2017.02.01-ний өдрөөс 2017.03.29-ний өдөр эмч нарын зөвлөгөөнөөс сунгуулан эмчлүүлж 2017.04.02-ны өдөр ажилдаа орсон байгаа. Төгөлдөр төрийн тусгай албан хаагч учраас Засгийн газрын 2016 оны 197 дугаар тогтоолын дагуу 2017 онд сарын хөдөлмөрийн хөлсний 4 %-иар үүнээс өөрөө 2%-иар эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт зааснаар даатгуулагч Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн тусламж үзүүлэх байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл Мөнгөн гүүр эмнэлэг нь Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй эсэх нь эргэлзээтэй, гэрээний хуулбар, мэс засал хийх төлбөрийн нэхэмжлэл, уг Мөнгөн гүүр эмнэлэгт Төгөлдөрийг мэс засал хийлгэхээр шилжүүлсэн 13А маягт, баруун хөлний шилбэний хавчаар ясны рентгэн зураг гэх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Шаардлагатай нотлох баримтуудыг хохирогч болон түүний өмгөөлөгч гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж гэм хорыг арилгахыг заасан байгаа. Хуульд зааснаар Төгөлдөрт гэмт хэргийн улмаас учирсан бодит зайлшгүй шаардлагатай хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна. Дээрх тайлбаруудаа үндэслэн өмгөөлөгч Жаргалсайханы гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд дахин шинжилгээг ямар үед хийх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэг нь үндэслэлгүй, эсхүл шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх юм бол дахин шинжээчийн дүгнэлт  гаргуулна. Шинжээч эмч Анхбаярын гаргасан 105 дүгнэлт нь аль нэг хэсэг нь үндэслэлгүй юм уу, үнэн зөв нөхцөл байдал нь эргэлзээтэй болох нь тогтоогдоогүй. Нотлох баримтанд тулгуурлан шинжээч эмч дүгнэлтээ гаргасан байна гэж дүгнэж байна. Тийм учраас дахин шинжээч томилох үндэслэл алга байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч Анхбаярыг мөрдөн байцаалтанд 2 ч удаа байцаасан байдаг. 2017.04.17-ны өдөр өгсөн мэдүүлэгт 2017.03.09-ний өдөр Төгөлдөрийн биед гэмтлийн зэрэг тогтоохдоо 2017.01.21-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас болох 2017.01.21-ний өдрийн Батлан хамгаалах хууль сахилулагчдын албаны нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх зэргийг үндэслэн гаргасан. Бичиг баримтанд 4,5 дугаар хавчаар яс, баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал гэсэн онош тавигдсан. Эдгээр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, энэ нь хүнд гэмтэлд хамаарах боломжгүй гэсэн мэдүүлгээр шинжээчийнхээ дүгнэлтийг тайлбарлаж өгсөн байгаа. Мэргэжлийн эмч дүгнэлтээ тайлбарлаад хүнд гэмтэл гарах ямар ч боломжгүй, энэ нь хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тайлбарласан учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. 2500000 төгрөгийг иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй гэж орхисон нь ойлгомжгүй гэсэн гомдлын хувьд хохирогч хохирлын баримтаа бүрдүүлснийхээ дараа иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч П.Б нь жолооны эрхгүй байж согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Зулаа, М.Төгөлдөр нарыг мөргөж, А.Зулаагийн амь насыг хохироож, М.Төгөлдөрийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан тул Дорноговь аймаг дах Сум дундын шүүх түүнийг замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 9.1, 9.2-т тус тус заасан заалтуудыг зөрчиж,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сарын хорих ял шийтгэсэн 2017/ШЦТ/92 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзлээ.

Хэргийг хохирогч М.Төгөлдөрийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлын дагуу бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгчийн өөрийнх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд,  хохирогч М.Төгөлдөр,  хохирогч Ц.Цолмонтуяа, хохирогч Д.Дашдулам нарын мэдүүлгүүд, гэмт хэрэг гарах үед хөндлөнгөөс харсан гэрч Д.Баттөгс, Ц.Ариунтунсаг, Ц.Наран-очир, Г.Энхзориг, Б.Бумбаяр, Ч.Наранбат нарын мэдүүлгүүд,  хохирогч М.Төгөлдөрийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 105 тоот дүгнэлт, хохирогч А.Зулаагийн биед задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 09 тоот дүгнэлт, зам тээврийн ослын талаарх Замын цагдаагийн шинжээчийн 07 тоот болон 19 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ  хөнгөн зэргийн согтолттой байсан тухай шинжээчийн 1431 тоот дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан,  хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

Хохирогч М.Төгөлдөрийн биед баруун 4, 5-р шивнүүр, баруун шилбэний гадна хавчаар ясны зөрүүгүй хугарал, баруун шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан ба эдгээр гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 105 тоот дүгнэлт /1-р хх-ийн 89/ -ээр тогтоосон байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дахин шинжээчийн дүгнэлт  гаргуулах тухай хүсэлтийг прокурорын шатанд хүлээж авч хүсэлт хангах тухай прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/32 тоот тогтоол гаргаж байсан боловч шинжилгээ хийсэн шинжээч Э.Анхбаярыг байцаалтаар асууж хохирогч М.Төгөлдөрийн гэмтлийн талаар дахин байцаахад “... хохирогч М.Төгөлдөрийн биед учирсан энэ гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарах боломжгүй“ гэж мэдүүлсэнийг үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилох тухай хүсэлтийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын гуравдугаар бүлэг буюу гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжид хохирогч М.Төгөлдөрт учирсан гэмтлүүд хамаарахгүй байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9-д “шинжлүүлэгчийн тухайн үед авсан гэмтлээр зэргийг тогтоох“ зарчимтай ба шинжлүүлэгчийн эмнэлэгийн баримтанд тулгуурлаж дүгнэлт гаргасан шинжээч Э.Анхбаярыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж дүгнэлтийг нь өөрөөр нь тайлбарлуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Төгөлдөрийн амбулториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн “... баруун шагай үений хуурамч бороожилтыг салгаж ялтас шургаар бэхлэх мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн /2-р хх-ийн 147/ эмчийн зөвлөмж нь түүний биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2017.03.13 №105 /1-р хх-ийн 99/ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба уг шинжээчийн дүгнэлтэд “...Төгөлдөрийн биед баруун 4, 5 шивнүүр, баруун шилбэний гадна хавчаар ясны зөрүүгүй хугарал, баруун шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцралт ...” бүхий гэмтэл үүссэн талаар дүгнэж, шинжээч эмч Э.Анхбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “... баруун шагайн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь эмчилгээ хийгдсэн ч хийгдээгүй бороожилт үүснэ, ... далийж эдгэснийг хуурамч бороожилт, тэгшхэн эдгэснийг жинхэнэ бороожилт гэж үзнэ” гэснээс тус тус үзэхэд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч хохирогч М.Төгөлдөрийн нэхэмжилсэн баруун шагай үений хуурамч бороожилтыг салгаж ялтас шургаар бэхлэх мэс засал хийлгэхэд 2500000 төгрөгийн зардал гарах нь зайлшгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба түүний амбулториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн энэ тухай тэмдэглэл ойлгомжгүйн гадна дээрх хохирлын хэмжээг нотлоогүй тул анхан шатны шүүхээс тухайн шаардлагатай зардал төлбөрийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй болсон.

Хохирогчийн хувьд биеийн эрүүл мэндийн талаар дахин эмчилгээ хийлгэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосноос үүсэх үр дагаварын талаарх хохирол зардлаа шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон энэхүү магадлалаар  дээрх эрхийг хязгаарлаагүй болно.

Шүүгдэгч П.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-г 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасантай нийцүүлэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн зүйлчлэл нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэгдэх боломжтой, ашигтайгаар шийдвэрлэгдсэн тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлүүдээр хохирогч М.Төгөлдөрийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний 2017/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Төгөлдөрийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС