Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0076

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Н х О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Л.Ж, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу “Н х О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н х О” ХХК-аас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Л.Ж нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 8/3051 дугаартай албан бичгээр хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна гэсэн хариу өгсөн. Уг мэдэгдэлд дурдсанаар тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй ... гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан.

Мөн хуулийн 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан.

Харин 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа нь төлөвлөгөө Сум дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл, манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу төлөвлөгөөг Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн гэж үзнэ.

Гэтэл хариуцагч нь хууль /38.2/-д заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Ийнхүү татгалзсан гол үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талбай байрлах газар нутгийг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргасан тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байгаа, энэ шийдвэр хүчин төгөлдөр байх тул хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн хариуг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төлөвлөгөөг батлах эс батлах, хариу өгөх хуулийн хугацааг 10 хоног гэж заасныг зөрчсөн байна.

2. Энэхүү тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Архангай аймгийн Төвшрүүлэх болон Хотонт сумын нутаг дэвсгэрт хил дамнан оршдог бөгөөд ганцхан Төвшрүүлэх сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйгээс болж дуусгавар болсон нь үндэслэлгүй юм. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн талбайн нөгөө хэсэг нь Хотонт сумын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд тухайн суманд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлуулсан үйл баримт байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулж, дүгнэж үзээгүй.

3. Анхан шатны шүүх дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгтэй адилтган тайлбарлаж нэхэмжлэлийн үндэслэлийг няцаан хариуцагчийн тайлбарыг дэмжин дүгнэжээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан заалт нь бидний маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд хамааралтай байхад анх тусгай зөвшөөрлийг 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан этгээдийн хийх ёстой байсан үйл ажиллагааг 2018 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан манай компанийн хийх ёстой ажил байсан гэх үндэслэлээр татгалзах боломжгүй. Нөгөө талаар одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан буюу тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 жилийн дараа дагаж мөрдөж эхэлсэн байна. Үүнээс үзэхэд дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг хэрэглэн төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Хайгуулын лиценз эзэмшигч нь Байгаль орчны хяналтын алба болон тухайн нутгийн захиргаатай зөвшилцөн хайгуулын лиценз авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бэлтгэж боловсруулна” гэж заасан байдаг. Эндээс дүгнэж үзвэл тусгай зөвшөөрлийг анх авсан этгээд нь 30 хоногийн дотор бэлтгэж боловсруулсан байхыг шаардсан, анх тусгай зөвшөөрлийг авахад хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа байсан гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай ямар ч холбоогүй байна.

Хариуцагч төлөвлөгөө батлагдсанаар олборлолтын үйл ажиллагаа шууд явагдана гэж ойлгосон учраас хайгуулын үйл ажиллагаа явуулахаас эрс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь манай компанийн Засаг даргад хандсан гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрлөө хуульд заасан журмын дагуу сунгуулахад шаардлагатай баримт, бичгийг бүрдүүлэх байсан. Засаг дарга хуульд заасан хугацаанд батлан өгсөн тохиолдолд бид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой болох байсан. Гэвч анхан шатны шүүх хэрэг маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх, үүрэгт үндэслэлгүйгээр халдаж, хохирол учруулсан гэж үзэж байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дахь талд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан зөвшилцөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлт илт үндэслэлгүй болжээ. Учир нь “Н х О” ХХК-ийн зүгээс төлөвлөгөө гаргасан, түүнийгээ хүргүүлсэн, Хотонт сумын Засаг дарга баталсан үйл баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн дүгнэлт болсон байна.

5. Мөн шүүхийн шийдвэрийн 13 дахь талын 3 гэсэн хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын огт маргаагүй, нэхэмжлэл болон хариуцагчийн өгсөн хариу бичигт дурьдаагүй, хариуцагчийн зүгээс огт гаргаагүй тайлбар, татгалзлыг гаргасан мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагчийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан албан бичигт усан сан бүхий газар, ойн сан бүхий газрын талаар нэг ч үг өгүүлбэр тусгагдаагүй. Харин шийдвэрийн 14 дэх талд дүгнэгдсэн түүх соёлын дурсгалт газар, өрх, хүн амын дэлгэрэнгүй судалгаа, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй, хохирол учруулсан, хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэл байсан бөгөөд шүүх энэ үндэслэл тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Нэгэнт шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. /Гомдлын 8 дугаар зүйлд заасан үндэслэлтэй харьцуулан үзнэ үү/

6. Анхан шатны шүүх 2008 оны Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоолыг үндэслэн хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрсөн, хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь мөн адил үндэслэлгүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Алтандорнод Монгол" ХХК-ийн зүгээс хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох маргааныг хянан шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоолоор 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолуудтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүнээс үзвэл дээрх захиргааны актыг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилж хүчин төгөлдөр болсон байна.

Тусгай хэрэгцээнд авсан дээрх 2 тогтоол ийнхүү хууль ёсны болох нь тогтоогдсон гэж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаанд нөхөх олговор төлөх үр дагаврыг бий болгосон гэж үзнэ. Ийнхүү Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхөх олговрыг заасан хугацаанд олгоогүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үр дагаварт хүргэсэн гэж үзэж байна.

2006 болон 2007 онд гаргасан дээрх тогтоолтой холбоотой шүүхийн маргаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс оролцсон, давж заалдах гомдол гаргасан байгаа зэргээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэнийг мэдэж байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн хувьд 2008 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан бөгөөд тухайн цаг үе /2006, 2007, 2008 он/-д Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг биелүүлэхийг шаардсан байх боломжгүй юм.

7. XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгосон.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2006 онд тусгай хэрэгцээнд авсан, мөн 2007, 2008 он, 2014 онуудад тус тус тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүд гарч байжээ.

Энэ хугацаанд XV-009698 дугаартай тусгай зөвшөөрөл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан талаар шүүхийн шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын шийдвэр зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тэгэхээр 2014 онд гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Кадастрын хэлтэст хүргэх, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж байж бүрэн хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Ийнхүү 42, 03, 07, 06 дугаартай тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гаргаж байгаа эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу XV-009698 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг 2018 онд шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нотлох баримтаар шинжлэн судалж шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт дурьдсан байна. Тэгвэл тухайн шийдвэр, магадлалд тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан, нөхөн олговор олгоогүй болохыг, нэхэмжлэгч буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоосон үйл баримтыг яагаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар дүгнэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

9. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолд XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нэр батгаагүй байгааг огт үнэлээгүй гэж үзэхээр байна. Хэрэв тусгай зөвшөөрөл олгосон “Хөх сүмийн ам” гэх нэртэй газрыг тусгай хэрэгцээнд авсан гэж үзсэн тохиолдолд анхан шатны шүүх дээрх дүгнэлт шийдвэрийг гаргах учиртай. Гэвч шийдвэрт энэ талаар нэг ч үг өгүүлбэр алга байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хариуцагч нь нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь тус аймгийн Төвшрүүлэх сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбай болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн зааг, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж батлах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н х О” ХХК нь “... манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу төлөвлөгөөг ... хүргүүлсэн ... хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлсэн ... хариуцагч хуульд заасан үүргээ ... биелүүлэхээс татгалзсан нь ... эс үйлдэхүй гэж үзэж байна ... нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрх зөрчигдсөн ...” гэсэн үндэслэлээр “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг хариуцагч эс зөвшөөрч “... Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн компани боловсруулж батлуулах ёстой байдаг, зөвшилцсөн асуудал байхгүй ... уг газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... тогтоолоор ... тусгай хэрэгцээнд авсан ... мөн ... сумын ойн нөөцийн гол хэсэг, ан амьтан, булаг шанд ихтэй, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрын нэг ... тусгай хэрэгцээнд авсан уг газар нь олон малчид нүүдэллэж амьдардаг, ...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Н х О” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 119-ний өдрийн 787 дугаар шийдвэрийн дагуу “Алтан дорнод Монгол” ХХК-ийн 6549 гектар  талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9698Х дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, /тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээтэй талууд маргаагүй/ улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөө”-г хянуулж, батлуулахаар тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28[1], 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 32[2] дугаар албан бичгийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд тус сумын Засаг дарга “... газрыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан ... дээрх газарт хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөө”-г хянан баталж, баталгаажуулах боломжгүй тухай хариуг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/49, 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1/77 дугаар албан бичгүүдээр тус тус өгчээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж буй хэсэг нь ойн сан болон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаж байгаа эсэх эсхүл эдгээр нь өөр өөр талбайг хамарч байгаа эсэх, мөн эдгээр давхцалтай хэсэг нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын XV-009698 дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцаж байгаа эсэх, эсхүл хэсэгчлэн давхцаж байгаа эсэх буюу тус тусгай зөвшөөрлийн талбайд сумын тусгай хэрэгцээнд авсан талбай болон ойн сан, усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцаагүй талбай үлдэж байгаа эсэх нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад хариуцагч нь нэхэмжлэгч компанийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ. 

Иймд хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг даргад дээрх нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад хандаж бүрэн гүйцэд тодруулсны дараа нэхэмжлэгчийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлах эсэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал,

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж тус тус хуульчилсан.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42[3], 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03, 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолуудаар тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий 7 газрыг /Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор, Төмөртийн толгой, Хүйтний нуур/ тусгай хэрэгцээнд авч байсан байх бөгөөд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт орших Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг дахин сумын тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар авсан, уг тогтоол нь Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй буюу хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичиг түүний хавсралтаар тогтоогдсон байна.

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт орших Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг сумын тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатай авсан байх бөгөөд уг талбайтай нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-009698 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай хэсэгчлэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 526 дугаар “.... Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам 9698Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад тусгагдсан солбицлуудыг давхцуулан үзэхэд 2633.9 га талбай давхцаж байна ...” гэх албан бичиг, түүний хавсралт, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар “... Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол бүртгэлтэй байна ... Н х О ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-009698 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой нэртэй газартай хэсэгчлэн, ... давхцалтай байна ...” гэх албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн дээр дурдсан хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичигт “... Н х О ХХК-ийн эзэмшиж байсан ... ХВ-009896 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ... Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай байна” гэж, мөн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар албан бичигт “ тэдгээрийн хавсралтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-009698 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ... ойн сан бүхий газартай 1368.89 га, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 603.38 га давхцалтай” гэж, мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “... 9698 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд үзлэг хийсэн газрууд нь мод бүхий уулаар хүрээлэгдсэн, ойр орчимдоо малчдын өвөлжөө, хаваржаа бүхий уулархаг, уулын бэл хэсгээр мал бэлчсэн байв ...” гэж тэмдэглэгдсэн байна.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн эзэмшлийн ХV-009698 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан талбайтай хэсэгчлэн буюу 2633.9 га талбайгаар, ойн сан бүхий газартай 1368.89 га, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 603.38 га талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр давхцал тогтоосон баримтууд дахь давхцлын хэмжээний тухайд маргаагүй байна. Гэвч нэхэмжлэгчийн эзэмшлийн ХV-009698 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж буй хэсэг нь ойн болон усан сангийн энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэгтэй давхцалтай эсэх, эсхүл сумын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаагүй хэсэг нь ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх, нэхэмжлэгчийн уг тусгай зөвшөөрлийн 6549 гектар талбайгаас сумын тусгай хэрэгцээнд авсан талбай болон ой, усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаагүй талбай үлдэж байгаа эсэх нь тодорхой бус байна. 

Ийнхүү Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт орших Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг сумын тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар авсны дотор нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-009698 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэг хамаарсан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй зэргээс үзэхэд хариуцагч “... Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын тусгай хэрэгцээнд авсан ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөө”-г хянан батлах боломжгүй гэснийг буруутгах үндэслэлгүй хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24, 25 дугаар зүйлд тус тус заасны дагуу хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судалж тогтоон үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулиар хүлээлгэсэн үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлах эсэхийг тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-009698 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан талбай, мөн ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсны үндсэн дээр төлөвлөгөөг нь батлах эсэхийг дахин шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Харин хариуцагчийн тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандах эрх нь нээлттэй болохыг мөн  нэгэнт эрх бүхий этгээдээс тухайн талбайг хамруулан тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэр гаргасан, тэрхүү шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд тус тусгай хэрэгцээнд авсан талбайтай хүсэлт гаргагчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбай давхцаж буй тохиолдолд тухайн талбайд хийхээр төлөвлөсөн байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлах боломжтой гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “... төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор зөвхөн хянан батлах л үүрэгтэй ... “ гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг  бүхэлд хангах үндэслэлгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь тус аймгийн Төвшрүүлэх сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбай болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн зааг, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул эдгээр нөхцөл байдлыг эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандах замаар тодруулан тогтоосны үндсэн дээр XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж батлах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”,  40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “... бидний хүргүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө шууд хөдлөшгүй төлөвлөгөө биш ... байгаль орчны байцаагч Засаг даргаас ямар нэгэн нэмэх, хасах, өөрчлөх санал оруулбал нээлттэй ...” гэж тайлбарлан маргасан байх бөгөөд нэхэмжлэгч компани нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Хөх сүмийн ам” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-009698 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагч сумын Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28[4], 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 32[5] дугаар албан бичгүүдийг хүргүүлснээс өөрөөр буюу Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг боловсруулахаас өмнө тусгай зөвшөөрөл бүхий талбай байршиж буй Төвшрүүлэх сумын Засаг даргатай зөвшилцсөн талаарх тайлбар, нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүхийн “... “Н х О” ХХК-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргатай хэрхэн зөвшилцсөн, ... талаар ямар үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй ... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад ... менежментийн төлөвлөгөө батлуулахаар албан бичиг хүргүүлснийг зөвшилцсөн ... гэж үзэх боломжгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн сумын тусгай хэрэгцээнд авсан талбай болон ойн сан, усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаагүй хэсэгт байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлах боломжтой гэж үзэх тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргах, нэхэмжлэгчтэй зөвшилцөх боломжтой болохыг, мөн Хотонт сумын Засаг даргын баталсан байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө нь өөр тусгай зөвшөөрөлд хамааралтай, уг маргаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн “...Хотонт сумын Засаг дарга баталсан үйл баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн дүгнэлт болсон ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н х О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж, батлах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н х О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                              

                              ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

                              

                              ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ 

 

[1] 1-р хавтаст хэргийн 8 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 26 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 51 дэх тал

[4] 1-р хавтаст хэргийн 8 дахь тал

[5] 1-р хавтаст хэргийн 26 дахь тал