Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1625

 

 

 

 

 

 

 

 

 

“Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 183/ШШ2016/00343 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эн Си Жи Ти” ХХК-ийн холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэтөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эбердигм Монгол” ХХК нь “Эн Си Жи Ти” ХХК-тай 2014 онд 043/2014R дугаар “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх” гэрээг байгуулж, 535 аралын дугаартай ECP-50CS загварын бетон зуурмаг шахагч машиныг нэг сарын 33 000 000 төгрөгөөр түрээслэсэн.Түрээслэгч нь машиныг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10 өдрийг хүртэл нийт 112 өдөр түрээсээр ашигласан. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс нэг сарын түрээсийн төлбөрийг 10 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Мөн гэрээнд хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор заасан.Түрээслэгч нь 2014 оны 7 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 33 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 33 000 000 төгрөгнөөс 21 000 000 төгрөгийг нийт 54 000 000 төгрөгийг төлсөн.

“Эн Си Жи Ти” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12 000 000 төгрөг, түүнд ноогдох 499 хоногийн алдангид 6 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг, түүнд ноогдох 469 хоногийн алдангид 5 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг, түүнд ноогдох 448 хоногийн алданги 3 500 000 төгрөг төлөх ёстой байна. Алдангийн хэмжээ хуульд зааснаас хэтэрсэн тул хасч тооцсон.

Иргэний хуулийн дагуу гэрээний хугацаа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс эхлээд буцаан авах өдөр хүртэл үргэлжлэхээр заасан байдаг. Мөн энэ тухай гэрээний түрээсийн хугацаа ба түүнийг тоолох хэсгийн 2 дугаар заалтад тусгагдсан байгаа. Манай зүгээс түрээсийн төлбөрийг төлөхийг шаардан гэрээг цуцлах эрхтэй байсан ч “бетон зуурмагч машиныг ашиглах шаардлагатай байна” гэсэн хариуцагч талын хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй, гэрээг цуцлаагүй. Түрээслэсэн машиныг буцаан хүлээн авснаар буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн түрээслэсэн машиныг бүрэн ашиглаж чадаагүй, ашиг олоогүй гэх тайлбар нь түрээслэгчээс шалтгаалаагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иймд тус компаниас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 29 000 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг нийт 43 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эн Си Жи Ти” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид төлбөрөөс 2014 оны 08 сарын 21-нээс 09 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд ашигласан төлбөрийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээсийн гэрээг нэг сарын хугацаатай байхаар тусгаж, дараагийн төлбөр төлснөөр хугацаа сунгагдахаар, мөн түрээсийн төлбөр төлөх хугацааг 7 хоногоор хоцроосон тохиолдолд түрээслэгч тал гэрээг шууд цуцалж, тоног төхөөрөмжийг буцаан авахаар заасан байдаг. “Эн Си Жи Ти” ХХК нь санхүүгийн хүндрэлийн байдлаас шалтгаалаад төлбөрийг төлөөгүй тул “Эбердигм Монгол” ХХК нь гэрээг шууд цуцалж, тоног төхөөрөмжийг буцаан авах ёстой байсан. Гэтэл түрээсэлсэн төхөөрөмжийг буцааж авалгүй удаж, төлөх төлбөрийг нэмэгдүүлсэн.

Мөн энэ хугацаанд ашиг олж чадаагүй, ихэнх хугацаанд ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөгнөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эн Си Жи Ти” ХХК-иас 30 286 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13 214 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 309 380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж үзэж тухайн өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч гэрээ дуусгавар болсноор алданги шаардах эрхээ алдана гэж тайлбарласныг буруу гэж үзэж байна. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талууд гэрээг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг түрээслүүлэх үүрэг дуусгавар болсон ба гэрээ дуусгавар болсон өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөх хариуцагчийн үүрэг нь хэвээр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд төлөхөөр зохицуулж өгсөн, гэтэл анхан шатны шүүх түрээсийн төлбөр төлөгдөөгүй хоног тутамд алдангийг шаардах эрхгүй мэтээр Иргэний хуулийн эдгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчид олгох алдангийн хэмжээг анхан шатны шүүх 1 286 000 төгрөг гэж буруу бодсон бөгөөд алдангид 1 844 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлд дурдсан алдангийг бүхэлд нь гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ давж заалдах гомдолдоо: “...Түрээсийн гэрээний, түрээсийн хугацаа ба түүнийг тоолох хэсгийн нэг дэх заалт, мөн тоног Төхөөрөмжийг буцаан авах ба түүнийг эргүүлэн татах нөхцөл хэсгийн 4, 5.2-т заасны дагуу түрээслэгч нь дараа сарын түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч тоног төхөөрөмжийг эргүүлэн татахаар заасан байдаг. Нөгөө талаас хариуцагч компани нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ дуусгавар болгох тухай мөн тоног төхөөрөмжийг хүргэн өгөх тухай мэдэгдсэн боловч нэхэмжлэгч компани нөхцөл байдлыг ойлгож түрээсийн гэрээг зогсоож, ажил эхэлмэгц түрээсийн тооцоогоо бодохоор тохиролцон тоног төхөөрөмжөө татан аваагүй болно. Тиймээс "Эн Си Жи Ти" ХХК-аас 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 2014 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг сарын түрээс болон өмнөх сарын түрээсийн үлдэгдэл болох 12 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК нь “Эн Си Жи Ти” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “12 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 043/2014R дугаар “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ECP53CS-5 маркийн зуурмаг шахагч машиныг нэг сарын 33 000 000 төгрөгөөр түрээслэх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэг сарын түрээсийн төлбөрийг 10 000 000 төгрөг болгон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 9-13, 15-17/

 

Талууд түрээсийн зүйлийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлж /хх-21/, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авсан /хх-22/, энэ хугацаанд түрээсийн төлбөрт 54 000 000 төгрөг төлсөн талаар маргаангүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв боловч хариуцагчаас гаргуулах алдангийг буруу тооцсон байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа 2014 оны 11 дугаар сарын 10-ны өдөр цуцлагдсан бөгөөд үүнээс хойшхи хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хэвээр үлдэх тул нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж 14 500 000 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 29 000 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь “...12 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, түрээсийн төлбөр төлөх хугацааг 7 хоногоор хоцроосон тохиолдолд түрээслэгч тал гэрээг шууд цуцалж, тоног төхөөрөмжийг буцаан авахаар заасан, “Эбердигм Монгол” ХХК нь гэрээг шууд цуцалж, тоног төхөөрөмжийг буцаан авах ёстой байсан” гэж тайлбарлаж байгаа боловч талууд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байхаас гадна гэрээнийн хугацаа дууссанаас хойш хөлслөгч нь эд хөрөнгийг буцаан өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан түрээсийн төлбөр, алдангиас чөлөөлүүлэх тухай давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 183/ШШ2016/00343 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эн Си Жи Ти” ХХК-иас 43 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгосугай.” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...309 380 төгрөг...” гэснийг “...375 450 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 020 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн төлсөн 260 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН