Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00556

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03071 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2437 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.У-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 56 298 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.У-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Эко капитал ББСБ” ХХК нь иргэн Г.У-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15/143 тоот зээлийн гэрээ, 15/143А тоот барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол /13336/ хд36/б байр, 155 тоот (Ү-2204059918) 46.94 мкв бүхий иргэн Г.У-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Г.У-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Г.У- нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хүүнд 15 удаагийн төлөлтөөр нийт 15 369 290 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон хэдий ч зээлдэгч нь 2016 оны 05 дугаар сараас хойш зээл, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Г.У-аас 15/143 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 21 915 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 383 000 төгрөг, нийт 56 298 000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би “Эко Капитал ББСБ” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15-143 дугаартай зээлийн гэрээ, 15-143А дугаартай барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээ үйлчлэх хугацаанд хүүг зохих ёсоор төлж ирсэн. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Иймд миний бие зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн тул түүнээс хойш хугацаанд зээлийн үндсэн дүнд хүүгийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш миний бие нийт 7 764 290 төгрөгийг “Эко Капитал ББСБ” ХХК-д төлсөн бөгөөд одоо зээлийн үлдэгдэл 22 235 710 төгрөгийг 3 сарын хугацаанд тус байгууллагад төлөх болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03071 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Г.У-аас 35 436 521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 861 479 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У- шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын ХД 36/б байрны 155 тоотод орших, 46.94 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059918 дугаартай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК-иас 70 200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Г.У-аас 405 332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2437 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03071 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...35 436 521 төгрөг...” гэснийг “...47 730 439 төгрөг...” гэж, “...20 861 479 төгрөг...” гэснийг “...8 567 561 төгрөг...” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.У-аас 396 602 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 416 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...“Эко капитал ББСБ” ХХК-тай байгуулсан 15-143 дугаартай зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг сунгаж болно” гэж заасан байх бөгөөд бид бичгээр харилцан тохиролцсон үйлдэл хийгээгүй тул уг зээлийн гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэстэй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Миний бие зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн мөн 15-143 дугаартай Зээлийн гэрээг сунгаж “Эко Капитал ББСБ” ХХК-тай ямар нэгэн гэрээ бичгээр хийгээгүй тул үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд зээлийн үндсэн дүнд хүүгийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг хэрэглээгүй мөртлөө Иргэний хуулийн бусад холбогдох заалт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэн хуулийг ялгавартайгаар хэрэглэж, Иргэний хуулийн зохих заалтыг хэрэглээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн “Эко Капитал ББСБ” ХХК-тай байгуулсан 15-143 дугаартай Зээлийн гэрээний 4.8-д зээлийн нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх ба шүүх шийдвэртээ алдангийг 20 хувиар тооцож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байсан болно.

Иймд уг хэргийг анхан шатны шүүхэд буцаан, хуулийг бүрэн гүйцэд хэрэглэж дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Г.У-аас зээлийн гэрээний үүрэгт 56 298 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Г.У- нэхэмжлэлээс 22 235 710 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзсан байна.

Зохигч нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Г.У- нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 %-ийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороолол, ХД 36\б байрны 155 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хяналтын шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.У-ын зээлийн төлбөр хийсэн үйл баримт тус бүрийг тооцож, түүний хүлээх үүргийг үндсэн зээл 22 226 710 төгрөг, зээлийн хүү 21 253 108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 250 621, нийт 47 730 439 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан шаардлагад нийцжээ. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй тул алдангийн талаарх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2437 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН