Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 34

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******  овогт ******* *******өд холбогдох эрүүгийн 2036000000036 дугаартай, 178/2020/0036/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ард өөлд, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 19-13 тоотод оршин суух, аминдаа хашаа, хувийн 3 өрөө орон сууц, суудлын автомашин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2500000 төгрөг, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт иргэн Н.******* нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* ******* /1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө гэрээсээ гараад бие засаж байтал манай хашааны гадна хүмүүс зодолдоод байх шиг  болохоор нь нөхөртэйгөө хоёулаа гараад очиход манай нөхрийн хамаатны хоёр залуу байсан. Манай нөхөр “ та нар юу болж байгаа юм бэ, одоо тарцгаа” гээд нөгөө залуучуудыг салгаж байсан.Би тухайн үед нөхрийнхөө ар талд зогсож байтал цэргийн хувцастай залуу чулуу барьчихсан зогсож байхаар нь би “ эгчийн дүү чулуу шидэж болохгүй шүү” гэж хэлээд зогсож байтал манай нөхөр юм уу эсвэл тэнд байсан Хишгээ гэх залуу хоёрын нэгийг цохих гэж шидсэн чулуу нь намайг ирээд оносон юм шиг байна лээ.Шидсэн чулуу нь миний баруун нүд хамар хэсэгт оноод цус гарахаар нь гэртээ ороод цусаа тогтоож байтал цагдаа нар ирсэн.  ... гэх мэдүүлэг / хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Б.Наранцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Сүүлд цагдаагийн газарт ирээд хэн чулуу шидсэн талаар ярилцахад Амгалан “ Энхээ чулуу барьчихсан зогсож байхаар нь чи наад чулуугаараа яах гэж байгаа юм бэ, хүн алах гэж байгаа юмуу гээд чулууг нь хаяуулсан” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Гэрч Г.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Баагийг машинд оруулах гээд Б.Наранцогт, А.******* хоёр ноцолдож байтал нэг эрэгтэй хүн ирээд А.*******, Баагий хоёрыг татаж холдуулсан. А.******* нөгөө ах руу уурлаад дайрахад нь би барьж авахад нэг эгч “ та нар намайг чулуугаар цохичихлоо ш дээ” гэж хэлээд орилж байсан.Тэгтэл А.******* нэг чулуу гартаа барьчихсан байхаар нь би “ наад чулуугаа хая, хүн алах нь уу” гээд чулууг нь газарт хаяулсан.Бид нар 2 шил “Хараа” архи авч нэгийг нь уугаад нөгөөг нь талд нь оруулсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126 дугаартай ...Н.******* биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсэг, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамар хэсэгт зулгаралт,баруун хацар хэсэгт зулгаралтууд  гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Н.******* биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 23-р хуудас/

Шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой найз Б.Наранцогт, Хишгээ,Хатанбаатар бид нар уулзаад архи ууцгаасан.Тэгээд архи уугаад байж байтал Наранцогт Хишгээ хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн.Бид нар тэднийг салгаад машиндаа суугаад явах гэж байтал Баагий гэх залуу машинд суухгүй гээд ноцолдож байтал нэг ах ирээд намайг татаж холдуулахад нь уур хүрээд би нөгөө ах руу чулуу шидсэн чинь хажууд нь байсан эмэгтэйд оночихсон байсан.Тэр эмэгтэй “намайг чулуугаар цохичихлоо ш дээ” гээд орилсон.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирлыг төлсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 01 сарын 27-ны шөнө найз Б.Наранцогт, Хишгээ,Хатанбаатар нартай архи ууж байгаад Баагий гэх найзыгаа машинд суулгахаар ноцолдож байх хооронд ирж түүнийг хойш нь татаж болиулсан  залуу буюу Н.******* нөхөрт уурлаж түүнийг чулуугаар цохих гээд шидсэн чулуу нь Н.Алтантунгалагийг онож, Н.******* биед ... хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсэг, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамар хэсэгт зулгаралт,баруун хацар хэсэгт зулгаралтууд...  гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь өөрийнх нь үйлдлийг зогсоосон Н.******* нөхөрт уурлаж, чулуугаар цохих гээд чулуу шидсэн боловч хажууд нь зогсож байсан түүний эхнэр  буюу хохирогч Н.******* нүүрэнд чулуугаар цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулжээ.  

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ийн хохирогч Н.******* нүүрэнд чулуугаар цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Иймд шүүгдэгч А.*******ийн хохирогч Н.******* нүүрэнд чулуугаар цохиж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх гэмт хэргийн шинжийг  хангаж байх тул шүүгдэгч А.*******ийг хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.******* нь хохирогчид учирсан 385000 төгрөгний хохирлыг төлсөн болох нь Н.Алтантунгалагт дансаар 385000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-65/ хохирогч Н.******* ... А.*******өөс хохирлын 385000 төгрөгийг хүлээн авсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 32-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлын талаар гэрч А.Арслангийн...А.******* нь эцэг эхээс 4-үүлээ, нэг ах, нэг эгч, нэг дүүтэй,архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаггүй, зан ааш нь өөрчлөгддөг эсэхийг мэдэхгүй,урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зах дээр манай ээжтэй хамт мах зардаг.2014 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан....гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид хоёр найзууд.А.******* нь эелдэг даруу зантай, хүнтэй зөв боловсон харьцдаг. Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагаад тэндээ гэрээт цэргээр 2 жил ажиллаж байгаад дараа нь Таван толгойд том машин барьж байгаад ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/ гэх баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч А.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.*******ийг   долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн  эзэмшлийн 85-06ХОА улсын дугаартай Авента XD маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон  700 нэгжтэй тэнцэх хэмжээний  700000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү,  гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 700000 төгрөгний торгох ялыг  06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч А.*******өд  тайлбарлаж, хохирогч Н.Алтантунгалаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ялаар шийтгэсэн тул түүний эзэмшлийн 85-06 ХОА улсын дугаартай Авента XD маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  долоон зуун   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан  700000 төгрөгний  торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******өд тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн 2036000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 385000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч Н.Алтантунгалаг нь цаашид  гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдаж,  шүүгдэгч А.*******ийн эзэмшлийн  85-06 ХОА улсын дугаартай Авента XD маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******өд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА