Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 32

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2036000000031 дугаартай, 178/2020/0035/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ард урианхай, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт амьдрах,аминдаа дундын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Буянт суманд байрлах хашааны газартай, сарын өрхийн орлого 1300000 төгрөг, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* / ******* хочтой/

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Балжиннямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* овогт ******* ******* /1991 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой би Б.*******тай нэг шил архи хамт хувааж уусан.Тэгээд урьд нь Б.*******д зээлсэн байсан 500000 төгрөгөө нэхээд бид хоёрын дунд маргаан үүссэн.Бид хоёр найз нөхдийн холбоотой.Б.******* миний нүүр толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон.  ... гэх мэдүүлэг / хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай нөхөр над руу утсаар “ би зодуулчихлаа” гэж ярьсан. Би Б.*******ын гэрт очиход манай нөхөр архи уусан байдалтай нүүрэн хэсэг нь цус болсон зүүн хөмсөг язарсан, зүүн нүд нь хавдсан, хөхөрсөн байдалтай байсан.Манайх өнгөрсөн хагас сайн өдөр Б.*******д 500000 төгрөг зээлсэн байсан. Тэрийгээ нэхсэнээс маргаан үүссэн гэсэн.Би Б.*******аас “ яагаад  манай нөхрийг зодож байгаа юм бэ” гэхэд үг дуугараагүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн ...Б.******* биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт,нүдний дээд доод зовхинд цус хуралт,зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт зулгаралт,  зүүн чихний хэсэгт зулгаралт, зүүн чихний урд хэсэгт зулгаралтууд  гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.******* биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн ...Б.*******ын духны баруун хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.*******ын биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 20-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...Би өөрийн найз Б.Балжиннямаас 500000 төгрөг зээлж авсан байсан.2020 оны 01 сарын 27-ны өдөр бид хоёр архи ууж байгаад Б.Балжинням надаас зээлсэн мөнгөө нэхээд байхаар нь “ цалин ороогүй байна. Маргааш цалин буухаар өгнө” гэж хэлэхэд “ Одоо өгчих” гээд шахамдуулаад байсан. Би “одоо архи уухаа больё, харьж амарцгаая” гээд Төрмөнхийн дэлгүүр лүү явах замд Т.Түвшинсайхан 2 хайрцагтай үнс бариад явж байхад Б.Балжинням намайг “ чи үнсийг нь бариад яв” гэсэн. Т.Түвшинсайхан бид хоёр үнсээ асгачихаад дэлгүүрт ороход Б.Балжинням намайг шалтгаангүйгээр цохисон.Тэгээд бид хоёр барилцаад зууралдахад Т.Түвшинсайхан салгасан. Бид хоёр дэлгүүрээс гараад гэрийнхээ ойролцоо ирээд дахиад зодолдсон.Би Б.******* толгой, нүүр хэсэгт цохисон. Б.Балжинням миний толгой руу цохисон.Би өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол болох  150000 төгрөгийг төлсөн.Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 сарын 27-ны өдөр  найз Б.Балжиннямтай архи ууж, Б.Балжинням нь  Б.*******аас зээлж авсан 500000 төгрөгөө нэхэхэд нь Б.******* “ цалин буугаагүй, цалин буухаар өгнө” гэж учирлаж хэлсэн боловч тэдний дунд үл ойлголцол үүссэнээс маргалдаж , Б.*******   Б.Балжинням нар нь харилцан зодолдсон, Б.******* нь Б.******* нүүр, толгой хэсэгт гараараа хоёр удаа цохисоны улмаас  Б.******* биед  ... тархи доргилт, хамрын таславчийн муруйлт,нүдний дээд доод зовхинд цус хуралт,зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт зулгаралт,  зүүн чихний хэсэгт зулгаралт, зүүн чихний урд хэсэгт зулгаралтууд ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Харин шүүгдэгч Б.*******ын эрүүл мэндэд ... духны баруун хэсэгт зулгаралтууд гэмтэл ..тогтоогдсон ч түүний биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт гарсан болно.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын   хохирогч Б.Балжиннямтай  маргалдаж,  нүүр толгой хэсэгт 2 удаа  гараараа цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Б.*******, Б.Балжинням нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч нь  зээлсэн мөнгөө нэхсэнээс үүдэн маргаан үүсэж, хоорондоо зүй бус харьцсанаас  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Б.*******ын хохирогч Б.******* биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул  шүүгдэгч Б.*******ыг хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хохирогчид учирсан 150000 төгрөгний хохирлыг төлсөн болох нь шүүгдэгчийн... хохирогчид учруулсан 150000 төгрөгний хохирлыг бэлнээр төлж барагдуулсан.... гэх, хохирогч Б.******* ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.. гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 31-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Олзжаргалын...Б.******* нь айлын бага хүүхэд, 2 ах, 1 эгчтэй.12 жилийн 3-р сургууль, ХОИС-ийг математикийн багш мэргэжлээр төгсөж, одоо Буянт сумын дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа.Хамт олон дотроо нэр хүндтэй, даруу төлөв зантай, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/

Гэрч О.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид хоёр 2013 онд  гэр бүл болсон. 2-9 насны 3 хүүхэдтэй. Б.******* нь архи уудаг, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг. Хамт олон дундаа нэр хүндтэй, даруу төлөв зантай, тусархуу, ажилч хичээнгүй хүн... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/

Ховд аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын... Б.******* нь тус сургуульд математикийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа... гэх тодорхойлолт / хэргийн 46-р хуудас/ гэх баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******ыг   дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун ерэн мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн  эзэмшлийн TCL загварын 32 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон  490 нэгжтэй тэнцэх хэмжээний  490000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун ерэн мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 490000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******д  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ялаар шийтгэсэн тул түүний эзэмшлийн TCL загварын 32 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун ерэн   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан  490000 төгрөгний  торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 490000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн 2036000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдаж,  шүүгдэгч Б.*******ын TCL загварын 32 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА