| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0078/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 108
2020 02 03 2020/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч Х.Еркебулан,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014601295 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Б нь "Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг, албан бланк, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвд "тус компанийн өмчлөлийн 62-76 БЧ, 62-75 БЧ, 62-54 БЧ улсын дугаартай 3 ширхэг чиргүүлийг "Хүннү Транс" ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ өгнө үү" гэсэн утга агуулга бүхий албан бичгийг хүргүүлж, "Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар "Хүннү Транс" ХХК-д шилжүүлж, хохирогч Г.Оюунбилэгт 49.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2015 онд мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсон. Уг өрөө төлж дуусгахын тулд энэхүү хэргийг үйлдсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшин харамсаж байна...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би "Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн итгэмжлэлийн өөр дээрээ хийлгэн аваад Авто тээврийн үндэсний төвд очин Хүннү Транс ХХК-ны нэр дээр шилжүүлэн өгсөн юм. Тухайн үед Авто тээврийн үндэсний төвийн ажилтан нэг эмэгтэй байсан бөгөөд итгэмжлэл нь үндэслэлтэй талаар шалгасан тэгээд чи өөр дээрээ итгэмжлэл хийлгэсэн юм чинь асуудалгүй байхгүй дээ гээд тэгээд ямар нэг асуудал гарах юм бол өөртэй чинь холбоотой шүү гэж хэлсэн. Учир нь миний бичиг баримт давхар бүрдүүлэгдэн өгч байсан тэгээд шилжүүлэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-52-53/,
Хохирогч Д.Нармандахын “...Юүйюань Монголиа Майнинг" ХХК-н нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улс хоорондын байнгын ачаа тээвэр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хятад Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл манай компани нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс таван толгой ХК-ийн нүүрсний уурхайгаас БНХАУлсын Ганц модны боомтын гаалийн хяналтын талбай хүртэлх зайнд өөрийн өмчлөлийн 26 ширхэг Норд бенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны 03 сарын 26-ны өдөр Авто тээврийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй тээврийн хяналтын нэгдсэн системд өөрийн компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг оруулах явцад манай компанийн өмчлөлд байгаа 62-76 БЧ, 62-75 БЧ, 62-54 БЧ улсын дугаартай 3 ширхэг чиргүүл нь "Хүннү Транс" ХХК-ийн эзэмшилд байгаа мэтээр бүртгэлд бүртгэгдсэн байсан. Энэ хугацаанд" ..."Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн дээрх 3 чиргүүлийг бусдад зарах, түрээслэх, бэлэглэх, эзэмшил, ашиглалтад түр шилжүүлэх зэрэг ямар ч үйлдэл хийгдээгүй байсан. Дээрх 3-н чиргүүлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.Б гэгч этгээд нь манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бланк, тэмдэг, захирлын гарын үсэг, итгэмжлэл зэргийг хуурамчаар үйлдэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинээр авч "Хүннү транс" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Л.Ууганбаярын “...Манай "Хүннү Транс" ХХК нь олон улсын тээврийн зөвшөөрөлтэй компани юм. Хувь хүмүүс хүсэлт гаргаад өөрсдийн тээврийн автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлээд манай зөвшөөрлийг ашиглаж тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Манай зөвшөөрлийг ашиглаж байгаа учраас тээвэрлэлт болгон дээрээс нь манай компани ашиг авахаар гэрээ байгуулан ажилладаг юм. Одоогийн байдлаар 70 гаруй автомашин тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд яг манай компанийн 6 машин байгаа. Бусад машинууд нь өөр хувь хүмүүсийнх юм. Энэ асуудлаар дээр бол яг дээрх байдлаар Хасаа гэж дууддаг Өвөрмонгол хүн над руу холбогдоод 3 чиргүүл танай компанийн нэр дээр шилжүүлж тээврийн үйл ажиллагаа эрхлэх гэсэн юм гэж хүсэлт тавьсан. Тэгээд би зөвшөөрч 1 тонн тээвэрлэлтээс 2 юань авахаар тохиролцсон юм. Тэгсэн чинь Хасаа нь "62-76 БЧ, 62-75 БЧ, 62-54 БЧ улсын дугаартай 3 ширхэг чиргүүлийг С.Б гэдэг хүн уулзаж шилжүүлнэ" гэж хэлээд Бямбадорж нь ирж уулзсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №5307 дугаартай дүгнэлт, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-85-86/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Б нь "Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг, албан бланк, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвд "тус компанийн өмчлөлийн 62-76 БЧ, 62-75 БЧ, 62-54 БЧ улсын дугаартай 3 ширхэг чиргүүлийг "Хүннү Транс" ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ өгнө үү" гэсэн утга агуулга бүхий албан бичгийг хүргүүлж, "Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар "Хүннү Транс" ХХК-д шилжүүлж, хохирогч Г.Оюунбилэгт 49.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Оюунбилэг, гэрч Л.Ууганбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №5307 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Бийн "Юүйюань Монголиа Майнинг" ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг, албан бланк, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаас харахад шүүгдэгч С.Б холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд шүүгдэгч С.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Оюунбилэгт учруулсан 49.500.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Бид холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР