Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2019/0722/Э |
Дугаар | 118 |
Огноо | 2020-02-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 118
2020 02 05 2020/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч М.Б, Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б, Э.Т нарт холбогдох эрүүгийн 1909014320577 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 9 дүгээр сарын 11-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, тогооч мэргэжилтэй, "Ай лофт" бааранд ахлах зөөгч ажилтай, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суудаг,
2014 оны 5 дугаар сарын 14-нд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Э.Т /регистрийн дугаар ,
2.Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 7 дугаар сарын 12-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Ай лофт" бааранд хамгаалагч ажилтай, ам бүл-2, эхийн хамт тоотод түр оршин суудаг,
2018 оны 6 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, М.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ай лофт бааранд А.Билгүүнтэй маргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь "Баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт. зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч М.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ай лофт бааранд Б.Доржбямбатай маргалдсаны зодож, эрүүл мэндэд нь "Тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хамар, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн даланд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би ажлаа хийж байсан. Нэг залуу 00-н өрөөнд эхнэрээ зодоод байсан тул хамгаалагчид хэлээд гаргасан юм. Гэтэл манай хамгаалалтын албаны даргын дүү гээд буцаж орж ирсэн байсан. Би тамхи татах өрөө рүү хог хаях гээд ортол намайг алнаа чамайг гээд байсан. Тэгээд хаасны дараа хогны уут асуухаар нь самарны уут болох уу гэтэл “өдөөд байгаарай п...а минь” гэсэн. Хамгаалагч залуу за өндөрлөе гэтэл ширээн дээр байсан архины шил барьж авсан. Ингээд манай хамгаалагчийг цохисон би салгатал намайг цохисон. Цагдаа ирэхэд тэд нар явчихсан байсан. Би цагдаа аруу цуг явсан...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…М.Б рүү дайрч байсан тэгээд би болиулах гэтэл намайг нэг залуу нь заамдаад авсан тэгэхээр нь би эргэж хараад тухайн залууг өшиглөсөн чинь буйдан дээр унасан. ...дээрээс нь удаа дараа цохисон бие хэсэг рүү нь тэгээд буйдан дээрээс татаж унагааж байгаад дээр нь 2 удаа дэвссэн тэгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/,
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед би ажлаа хийж байтал нэг залуу Э.Ттэй маргалдаад байхаар нь больё гэж хэлэхэд чи намайг мэдэх үү гээд өндөр залуу нь намайг барьж авсан. Би тэд нартай маргалдсан, муудалдсан зүйл байхгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…тухайн залуутай цуг явж байсан өндөр найз нь гараа хугалдаг залууг түлхээд намайг өшиглөсөн тэгсэн чинь гараа гэмтээсэн Доржбямба гэх залуу газар унаад өгсөн тэгээд би тухайн өндөр найзыг нь барьж авсан өөр асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,
Хохирогч А.Билгүүний “...тооцоогоо хийгээд гарахын алдад зөөгч гэх залуу намайг шууд цохиод авсан. Би газар унасан байх үед намайг дээрээс дэвсээд байсан. Тэр үед манай найз Доржбямбыг тухайн баарны нэг хамгаалагч бас зодож байсан. Эмнэлэг цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-7/,
Хохирогч Б.Доржбямбын “...2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо "Ай лофт" бааранд өөрийн найз нарын хамт үйлчлүүлсэн. Шөнийн 4 цагийн үед манай найз Билгүүнийг баарны хамгаалагч өндөр том биетэй залуу одоо гар гэсэн. Манай найз Билгүүн уух юмаа дуусгачхаад гаръя гэж хэлсэн. Би найз дээр очсон чинь тухайн баарны хамгаалагч дээр очоод юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь газар уначихсан байсан. Тэр үед би ухаан алдсан байсан. Миний зүүн гар хөдлөхгүй байсан. Тухайн хамгаалагч миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Манай эхнэр гүйж гарч ирээд миний урдуур орж ирээд та нар яаж байгаа юм бэ гэсэн. Би шууд цагдаа, эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-6/,
Гэрч Г.Ариунтуяагийн "...манай нөхрийг газар унасан байхад нь том биетэй хамгаалагч манай нөхрийн нүүр хэсэг рүү нь өшиглөж байсан. Би нөхрөөсөө тухайн хамгаалагчийг холдуулсан. Манай найз Дөлгөөн нь бас нэг хамгаалагч өчсөн байдалтай байхаар нь очиж салгачхаад буцаад нөхөр дээрээ ирсэн чинь манай нөхөр ухаан алдчихсан. Би нөхрийгөө сэрээчхээд босгож суулгачхаад цааш хартал манай найз Билгүүн газар уначихсан байсан. Билгүүнийг босгосон чинь нэг нүд нь хөхөрчихсөн цус гарчихсан байна. Тэгээд нөхөр дээр очсон чинь нүүр хэсэг нь шалбарсан хавдсан байсан. Хамгаалагч нарын өрөө рүү ороод камерт шүүтэл манай найз Билгүүнийг тухайн баарны зөөгч зодож байгаа бичлэг харагдсан. Манай нөхрийн зодуулж байгаа газар руу харсан камерын бичлэг байхгүй гэж хэлээд үзүүлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-9/,
Гэрч Ц.Пүрэвдоржийн "...манай хамгаалагч Бат-Эрдэнэ хэдэн залуучуудтай уулзаж байсан. Юу гэж ярьсныг мэдэхгүй байна. Тухайн үед залуучуудтай явж байсан жижиг биетэй залуу нь манай хамгаалагч Бат-Эрдэнийг өшиглөсөн. Тэр үед манай хамгаалагч холдсон чинь тухайн залуучуудын дунд байсан махлаг биетэй нь манай хамгаалагч Бат-Эрдэнийг түлхэж орж ирээд газар унаад өгсөн.." гэсэн мэдүүлэг /хх-12/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4271 тоот актын “…А.Билгүүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна …” гэсэн дүгнэлт /хх-16/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹4199 тоот актын “…Б.Доржбямбын биед тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хамар, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-17/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37, 207, 208/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35, 36, 209/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38, 41, 205/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-40, 42, 203-204, 206/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-210-212/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ай лофт бааранд А.Билгүүнтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь "Баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт. зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч М.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ай лофт бааранд Б.Доржбямбатай маргалдан зодож, эрүүл мэндэд нь "Тархи доргилт, зулай, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, хамар, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн даланд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Доржбямба, А.Билгүүн, гэрч Г.Ариунтуяа, Ц.Пүрэвдорж нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4271, №4199 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч М.Б, Э.Т нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Тийн хохирогч А.Билгүүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч М.Бат-Эрдэнийн хохирогч Б.Доржбямбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Т, М.Б нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч А.Билгүүн, Б.Доржбямба нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь тус эрүүгийн хэрэгт холбогдуулан ямар нэгэн иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нар нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т, М.Б нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, М.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Т, М.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Э.Т, М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч А.Билгүүн, Б.Доржбямба нар нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР