Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

  2020         02          05                                         2020/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхжин,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909046400064 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 28-нд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хэсгийн ахлагч ажилтай, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.З /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.З нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гучин хоёрын авто зам дээр хохирогч Б.Ариунзултай “дохио өгөлгүй замын эгнээ байр сольсон” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зууралдах явцдаа зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зүүн хацрын зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Зыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гучин хоёрын авто зам дээр хохирогч Б.Ариунзултай тохио өгөлгүй замын эгнээ байр сольсон гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зууралдах явцдаа зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зүүн хацрын зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.З нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гучин хоёрын авто зам дээр хохирогч Б.Ариунзултай тохио өгөлгүй замын эгнээ байр сольсон гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зууралцдах явцдаа зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зүүн хацрын зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Б.Ариунзулын "...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын авто зам өгсөж өөрийн эзэмшлийн 17-98 УНЗ улсын дугаартай тоёота марк-2 маркийн машинтай явж байгаад толиндоо харж байгаад дохио өгөлгүй эгнээнд орсон, тэгтэл нэг улаан өнгийн инсайт маркийн машинтай эмэгтэй хажуугаар сигналдаад урдуур дарж орсон, би тэгэхээр нь би машинаасаа буугаад машин дээр гараараа тогшоод та яаж байна гэж хэлэхэд бууж ирээд түрүүн чи дохио өгөлгүй эгнээ сольсон биз дээ би чамд мэдрүүлэх гэж урдуур чинь дарсан юм гэж хэлсэн тэгээд маргалдаад тэр эмэгтэй намайг түлхээд толгой руу цохисон, хамар руу алгадсан тэгээд миний хамраас цус гарсан бөгөөд нөгөө эмэгтэй шууд яваад өгсөн, эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ¹14508 тоот актын “…Б.Ариунзулын биед тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зүүн хацрын зулгарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

яллагдагч Б.Зын "...сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, миний буруу, Б.Ариунзул нь гарыг маань урсан байсан, гар хөхөрсөн, гуяа хөхөрсөн, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, тухайн үед машины гупер мултарсан байсан, гупер угаасаа сэвтэй, гупер болон цагны асуудал дээр гомдол санал байхгүй, хийсэн зүйлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Зд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Зд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Ганчимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Зд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.З нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР