Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1626

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бүтэдийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00362 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Бүтэдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Өгөөж хишиг” ХХК-д холбогдох

Алданги 25 156 190 төгрөг, айл хооронд дуу намтгагч хийх зардал 6 768 000 төгрөг, дуу намтгагч хийсний улмаас ашигтай талбай багасч байгаа тул 4 070 655 төгрөг, түрээсийн орлого 7 500 000 төгрөг, охин Д.Мөнхтуяагийн шүүх хуралд оролцохоор ирсэн 2 талын онгоцны зардал, 5 900 196 төгрөг, охин Д.Мөнхтуяа халтирч унан зүүн өвдгөө гэмтээсний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авсны зардал 530 000 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал, ажлын хөлс 500 000 төгрөг, тагтны цонхны тавцанг хийлгэх, шал хулдааслах, таазны засварын зардалд 383 345 төгрөг, шал дахин хуулж засахад 330 000 төгрөг, нийт 51 138 386 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23 727 375 төгрөг, гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 3 051 087 төгрөг, нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг 2 291 623 төгрөг, валютын ханшны зөрүү 1 915 555 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698 641 төгрөг, нийт 31 683 281 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Дашзэвэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Соёл-Эрдэнэ

Хариуцагчийн төлөөлөгч: П.Амартүвшин

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Доржсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бүтэд нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр UA-040237 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хариуцагчийн гэрээний төслөөр тохиролцон 2014 оны 11 сарын 30-ны өдрийн дотор багтаан ашиглалтад өгөхөөр байгуулж, гэрээний дагуу орон сууцны үнэ 202 205 710 төгрөгийг гэрээнд тохирсон хугацаандаа бүрэн төлсөн. Гэтэл уг барилга гэрээний 1.1, 4.10-т заасан хугацаа хэтэрч, гэрээний 1.4, 1.3-ийн а, к, л, г, и заалтууд биелэгдээгүй, зарим ажлууд чанар муутай, дутуу хийгдсэн. Иймд дутуу хийсэн ванн онгорхойг гүйцээж дуусгах, тагтны тавцан шал дуусгах, аюулгүйн үүднээс гал тогоо, ванны өрөөний цахилгааны залгууруудыг халуун хүйтэн усны хаалтуудаас холдуулах; тагтны аюулгүйн хамгаалалт хийлгэх, паркетан шалыг ахин шахах, зайг замаскдах, айл хоорондын дуу тусгаарлагч нэмж хийх, туузан гэрлүүдийн унтраалга салгах, нэмэх зэрэг олон ажлуудыг 2015 оны 7 сарын 1 хүртэл хийлээ. Иймд 2015 оны 4 сарын 03-ны өдрийг хүртэлх 78 хоногийн торгууль алдангийг гэрээний дагуу төлсөн 95 хувийн төлбөр 202 205 710 төгрөгөөс хоногийн 0,08 хувийн алданги тооцож, нийт 12 617 592 төгрөгийг буцаан олгуулж, гарсан зардлыг гаргуулж өгнө үү.

Айл хоорондын 3 тал хананд нэмж дуу намтгагч хийх 6 768 000 төгрөг, нэмж дуу намтгагч хийснээр ашигтай талбай багасах тул 4 070 655 төгрөг, гадаад иргэнд орон сууц, авто зогсоол түрээслэн олох байсан орлого 7 500 000 төгрөг, охин Д.Мөнхтуяа 2014 оны 12 дугаар сард байр хүлээн авах, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор ирсэн 2 талын онгоцны зардал 5 900 196 төгрөг, Д.Мөнхтуяа нь шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ сэтгэл санааны тавгүй байдал нөлөөлж халтирч унан зүүн өвдгөө гэмтээсний анхан шатны тусламж авсны зардал 530 000 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал ажлын хөлс 500 000 төгрөг, тагтны цонхны тавцанг хийлгэх, шал хулдааслах, таазны засварт 383 345 төгрөг, шал дахин хуулж засахад 330 000 төгрөг, гэрээний 6.4-т зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талд төлөх алдангийн дээд хэмжээ үнийн дүнгийн 10 хувь тул /213 561 900 + 38 000 000 = 251 561 900/ х 10% = 25 156 190 төгрөг, нийт 51 138 386 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Өгөөж хишиг” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь батлагдсан зураг, гэрээнд тодорхойлон заасан материалаар барилгын ажлыг гүйцэтгэж, улсын комисс дээр “маш сайн” гэж үнэлэгдсэн. П.Бүтэдийн нөхөр Ё.Дашзэвэг нь зураг, төсөл, инженерийн тооцооноос давсан, гажууд зүйлийг анхнаасаа төлөвлөж, төсөвлөөгүй болон хийгдсэн ажлыг дахин шахаж шаарддаг. Үүнд: Дүүргэгч ханыг хөнгөн блокоор хийсэн байхад хийгээгүй гэх, үйлчилгээ хийх зориулалттай ванны хажуу онгорхойг биднээр бөглүүлэх гэх, инженерийн тооцоогоор тавигдсан радиаторыг том болгоно гэх, гал тогооны өрөөний тавилгаа захиалан авчирч суурилуулсан хойно нь тааруулж угсардаг сантехникийн холболт, цахилгааны унтраалга зэргийг өөрийнх нь тавилгаас хамааруулан хийж өгснийг, даацын рам бүхий аюулгүйн шилтэй тагтанд хаалт хийлгэнэ гэхэд бид хөрөнгө гарган хийсэн бөгөөд фасадны байдлаас бүх айлд жигд хийсэн, 2 ширхэг шал шажигнаад байна гэхээр нь засч 20 м.кв шалыг хуулж, засч янзалж өгсөн, мөн шалны ширхэгүүдийн хоорондох 1-2 мм нарийн зайтай байхад өөрөө замаскдуулна гэсээр замаскдуулсан байна. Гэрээний 3.1-т 2014 оны 4 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч, 4.10, 3.1 дээрх хугацаанд 45 хоногийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд гэрээний 5.3-т заасны дагуу манай талаас захиалагч нарт бичгээр хандаж 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/01 албан тоотыг хүргүүлсэн. Гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан, зөвшөөрсөн гэж үзээд манай компаниас нэмэлт ажлуудыг гүйцэтгэсний өртөг болон материалын үнэ өссөнтэй холбогдсон зөрүү зэрэг зардлыг хариуцаж, манай талаас захиалагч нарын гэрээний үнэд өөрчлөлт оруулж тооцоогүй болно. Уг орон сууцны барилга дээр 2015 оны 02 дугаар сарын 13-нь өдөр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисс” хуралдан санал нэгтэйгээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг...

Дуу намтгагч хийх шаардлага нь гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болоогүй гэж үзэж байгаа ба захиалагч өөрийн хүслээр хийх, хийх гэж байгаа зардлыг гүйцэтгэгчээс гаргуулах үндэслэлгүй. Захиалагч өөрийн хүслээр дуу намтгагч хийснээр талбай багасч байгаа тул талбайн зөрүүг гүйцэтгэгч хариуцахгүй. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа хэрхэн яаж ашиглах, гадаадын иргэнд түрээслэх эсэх нь өөрийнх нь асуудал. Д.Мөнхтуяагиин өөрийн хүслээр зорчсон тээврийн зардлыг барилгын гүйцэтгэгч компани хариуцан гаргах үндэслэлгүй. Д.Мөнхтуяа нь амарч, аялж, зугаалж яваад хөлөө гэмтээсэн гэдэг тул гүйцэтгэгч хариуцахгүй. Ванны ямар ажил дутуу байгаад тэрийг хэрхэн гүйцээсэн тухай асуудал тодорхойгүй байна. Тагтны тавцан, шал, тааз, шал хуулан зассан гэх зардал нь өөрийнх нь хүсэлтээр хийсэн ажил байна. Ямар шал яагаад хуулаад дахин зассан нь тодорхойгүй байна. Үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд П.Бүтэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Өгөөж хишиг” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээ хийх үед манай баримталж байсан нэгж талбайг тооцох хамгийн доод үнэ 3 450 000 төгрөг байсан. Өндөр настай хүмүүс гэж бодож уян хатан төлбөрийн нөхцөлтэйгээр гэрээ байгуулж 10 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Тус компани барилгын үнийг 2013 онд төсөвлөн гаргасан. 2013 оны 5 дугаар сард 1 ам.доллар 1 437,72 төгрөгтэй тэнцэж байсан бол бидний материалаа гадаадаас татаж байсан 2014 онд 1 ам.доллар 1 740,89 төгрөг болсон байдаг. Бид долларын ханшийн зөрүүнд 207 636 403 төгрөгийг илүү төлсөн. Мөн дотор заслын ажлын хөлсний үнийн зөрүүнд 79 388 730 төгрөгийг нэмж төлсөн, төсөвлөөгүй, зайлшгүй шаардлагаар нэмэлтээр 258 530 000 төгрөгийн ажлыг нэмж гүйцэтгэсэн. Иргэн П.Бүтэдийн нөхөр Ё.Дашзэвэг нь “UA0402237 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт” гэсэн нэр бүхий бичгийг гараар бичиж, манай менежерт авчирч өгсөн байдаг. Манай компани тус бичгийг зөвшөөрөхгүй, баталгаажуулаагүй юм. Захиалагч нь элдэв саар зүйлээр төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байдаг. Иймд хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23 727 375 төгрөг, гэрээний 6.2-т заасан гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 3 051 087 төгрөг, нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг 2 291 623 төгрөг /66 м.кв талбайд ногдох/, валютын ханшны зөрүү 1 914 555 төгрөг /66 м.кв талбайд ногдох/, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698 641 /66 м.кв талбайд ногдох/ төгрөг, нийт 31 683 281 төгрөгийг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өгөөж хишиг” ХХК нь хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23 727 375 төгрөг, валютын ханшны зөрүү 1 915 555 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698 641 төгрөг, нийт 26 341 571 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Дашзэвэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Гэрээний 1.4-т түлхүүр гардуулах нөхцөлийг тодорхой оруулсан хирнээ гэрээний дагуу гадна, дотно тохижилт, авто зогсоол, зам талбай дутуу, домофон аюулгүй хамгаалалтын иж бүрдэл хангагдаагүй, захиалсан байрандаа шууд нүүн орох, аж төрөх нөхцөл бүрдээгүй байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, борлуулалт муутай 2-4 давхрыг гүйцэтгэгч тал өөрөө хямдруулсан байдаг. Гэрээний хөнгөлөлтөөс татгалзах эрх одоо хариуцагчид байхгүй. Дутуу ажлаа болон биет байдлын чанарын доголдлыг арилгатал шаардлагатай хэмжээний 10 хувийн мөнгөн хөрөнгө захиалагч тал барьцаанд авч үлдэх эрхтэй. Хөлс төлөх хугацааг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэсэн байдаг. Ажлын үр дүн дуусаагүй, доголдолтой гэсэн гомдлын шаардлагаа бичгээр 3 удаа өгснийг зүй ёсоор хүлээн аваагүй татгалзсан байхад хөлс төлөхийг 10 хувиа хариуцагч шаардах эрхгүй. Иймд хуулийн дагуу авч үлдсэн 10 хувийн төлбөрөө удаасны алданги зэргийг хариуцагч шаардах эрхгүй. Нэгэнт үнээ өөрсдөө тогтоож, гэрээгээ хийж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хойно одоо нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг, валютын ханшны зөрүү, дотор заслын ханшны зөрүү нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, олох ёстой байсан түрээсийн орлого болон гэм хорын хохиролд нийт 51 138 386 төгрөг гаргуулах тухай П.Бүтэдийн үндсэн нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээний алданги болон нэмэлтээр хийгдсэн ажлын зардалд нийт 5 342 710 төгрөг гаргуулах тухай “Өгөөж хишиг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Өгөөж хишиг” ХХК нь 26 341 571 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 551 төгрөг болон 316 336 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 293 641 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгч П.Бүтэдэд буцаан олгож, нэхэмжлэгч болон хариуцагчаас шинжээчийн зардалд тус бүр 400 000 төгрөгийг гаргуулан “Бак ярд” ХХК /РД:5352258/-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Дашзэвэг давж заалдах гомдолдоо: “...Нотлох баримтаар “Барилгын норм ба дүрэм” БНБД-310110 23-05-10-д түүн дотор дээд зэрэглэлийн талаар заасан, үүнийг нотлох баримтаар шүүхэд өгсөн байтал үнэлээгүй. ... Айл хоорондын дүүргэгч ханыг гэрээний 1.3-ын дагуу мөн зохиогчийн зургийн тайлбар бичигт хамар ханыг 240 мм-ийн дүүргэгч хөнгөн блок, 120 мм-ийн гипсэн хавтангаар угсарч гүйцэтгэнэ гэж экспертизын хяналтаар MCSS компаниар баталгаажсан байдаг. Гэтэл 10-14 см-ын 3-4 дахин нимгэн полистрол бетонон хавтангаар дураараа сольсныг автораас үүрэг болгосон. технологийн дагуу угсрах, барилгын зураг төсөлд өөрчлөлтийн зураг ахин гаргаж хавсаргах, экспертизын хяналт ахин хийлгэх гэсэн үүргийг биелүүлээгүй. Улсын комисс буюу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/124 дүгээр тоотоор зөрчил арилгуулах тухай үүрэг биелэгдээгүй, гэрээ зөрчсөнөөс айл хоорондын дуу чимээ илт сонсогдож бусад олон айлууд гомдол гаргаж нэмж 22 000 000 гаруй төгрөгийг зарцуулж шийдвэрлэснээ “Өгөөж Хишиг” ХХК-ны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38/01 тоот албан бичигтээ дурджээ. Харин манай 37 тоотод огт хийгээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй хийх нэмэлт ажлын 4-т зааснаар батлагдаж байна ... шинжилгээний дүгнэлтийн б-ын 2-т айл хоорондын цахилгааны самбарыг зурагт зааснаас өөр газар байрлуулсан тул үүдний хэсэгт гадуур хувцасны шкаф тавих зайг хаасан байсан тул тавиур хувцасны өрөөг нэмэлтээр өөрсдөө хийсэн. а-ын 10-т айл хоорондын дуу тусгаарлах хананд нэмэлтээр дуу тусгаарлах материалаар хийсэн гэдэг нь нөгөө талын айлуудын гомдлын шаардлагаар хийсэн болохоос манай талын хананд огт хийгээгүйг шинжээч нотолсон. Иймд батлагдсан зураг төслийн дагуу хийсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй байна ... орон сууцны барилга доторх сууцны өрөө тасалгааны төлөвлөлт, зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад дээд зэрэглэлийн гэдэгт дээд зэргийн тав тухтай нөхцөл хангагдсан байх, дунд зэрэглэлийн гэдэгт тав тухтай нөхцөл хангасан байх, ердийн зэрэглэлийн гэдэгт боломжит нөхцөл хангасан байх гэж хуульчилсан байна. Иймд 2 дахин илүү үнээр худалдан авсан. Гэтэл боломжит нөхцөл ч хангаагүй учир өөрсдөө зардал гаргаж учирсан хохирлоо арилгасныг “Бак-Ярд” ХХК-ны шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байна. Иймд биднийг танилцуулга, гэрээний 1.3-т зааснаар худлаа рекламдаж хууран мэхэлж өндөр үнээр зарсан байна... Эцэст нь хариуцагч сөрөг нэхэмжлэлээ багасгасан тул нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаа багасгаж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлээ хэвээр үлдээж 12 617 592 төгрөг, айл хоорондын 3 тал хананд нэмж дуу намсгагч хийх зардлаа 50 хувь бууруулж 3 384 000 төгрөг, талбай багасгасан төлбөр 50 хувь бууруулах 2 035 327 төгрөг, ванны дутууг гүйцээх 500 000 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан дүн 18 536 919 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Амартүвшин давж заалдах гомдолдоо: “...Манай компанийн зүгээс барилга ашиглалтанд оруулах хугацааг хэтрүүлээгүй гэж үздэг бөгөөд харин захиалагч төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй болох нь нотлогддог. Ийм байтал төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсоор байтал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул нэмэлт, өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3 051 087 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч П.Бүтэд нь хариуцагч “Өгөөж хишиг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсний алданги 12 617 592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй алданги 25 156 190 төгрөг, айл хооронд дуу намсгагч хийх зардал 6 768 000 төгрөг, дуу намсгагч хийсний улмаас ашигтай талбай багасч байгаа тул зардалд 4 070 655 төгрөг, түрээсийн орлого 7 500 000 төгрөг, охин Д.Мөнхтуяагийн шүүх хуралд оролцохоор ирсэн 2 талын онгоцны зардал 5 900 196 төгрөг, охин Д.Мөнхтуяа хальтарч унан зүүн өвдгөө гэмтээсний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авсны зардал 530 000 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал, ажлын хөлс 500 000 төгрөг, тагтны цонхны тавцанг хийлгэх, шал хулдааслах, таазны засварын зардалд 3 832 345 төгрөг, шал ахин хуулж засахад 330 000 төгрөг, нийт 51 138 386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23 727 375 төгрөг, гэрээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 3 051 087 төгрөг, нэмэлтээр хийгдсэн ажлын өртөг 2 291 623 төгрөг, валютын ханшны зөрүү 1 915 55 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698 641 төгрөг, нийт 31 683 281 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хөнгөлөлт үзүүлсэн 10 хувьтай тэнцэх 23 727 375 төгрөг, валютын ханшны зөрүү 1 915 55 төгрөг, дотор заслын ажлын хөлсний зөрүү 698 641 төгрөг, нийт 26 341 571 төгрөгийн сөрөг шаардлагаасаа татгалзжээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр UA-040237 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 06 (UA-040237) дугаартай “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г тус тус байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Өгөөж хишиг” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнайтед апартмент цогцолбор Г блок, 4 давхар 37 тоот, 66 м.кв талбай бүхий орон сууц, 13 м.кв талбай бүхий автозогсоолыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах, захиалагч П.Бүтэд нь гэрээнд заасан орон сууцны ажлын хөлс 213 561 900 төгрөг, автозогсоолын ажлын хөлс 38 000 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, нэхэмжлэгч нь орон сууцны ажлын хөлсөнд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 8 удаа, нийт 213 546 375 төгрөг, автозогсоолын ажлын хөлсөнд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаа, нийт 38 000 000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн, хариуцагч “Өгөөж хишиг” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, түлхүүр хүлээлцэх акт, гэрээ дүгнэсэн акт, “Өгөөж хишиг” ХХК-ийн орон сууцны төлбөр төлөлт, алдангийн тооцоо, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2015/190 тоот акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /I-хх 5-9, 19, 20, 51, 52, 108, II-хх 99-101, III-хх 43-50/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

 

Шинжээч “Бак-Ярд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “зайлшгүй хийх нэмэлт ажил” гэдэгт ванны нэмэлт буюу засвар үйлчилгээний зайг хаалт хийж битүүлэх, айл хоорондын дуу тусгаарлах хананд нэмэлтээр дуу тусгаарлах материалаар хийх ажил тусгагдсан /II-хх 47/ болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь уг доголдлыг арилгахаар дуу намсгагч хийх зардлын хэмжээг 6 768 000 төгрөг гэдгийг нотлоогүй, мөн нэмж дуу намсгагч хийснээр ашигтай талбай багассан гэх байдал тогтоогдоогүй тул зардалд 4 070 655 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал, ажлын хөлс 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул дуу намсгагчтай холбоотой зардлын 50 хувь буюу 2 035 327 төгрөг, ванны дутууг гүйцээсэн материал, ажлын хөлс 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хангах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчид хэн аль нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасны дагуу алдангид 12 617 952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, алдангид 3 051 087 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах үндэслэлгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх гэрээний үүргийг хугацаа хэтрүүлэн биелүүлснээс алданги шаардсан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй, уг маргаанд хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг зөвтгөх нь зүйтэй байна.  

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ю.Отгонбаатар, Д.Батцэцэг нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан нь зөрчил боловч тэдгээрийн мэдүүлэг нь шийдвэрийн үндэслэл болоогүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00362 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...497 дугаар зүйлийн 497.1...” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Бүтэдийн төлсөн 250 635 төгрөгийг, хариуцагч “Өгөөж хишиг” ХХК-ийн төлсөн 85 350 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН