| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0194/Э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 262
2020 02 14 2020/ШЦТ/262
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Схолбогдох 1906 06845 0021 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн “Баянгол” суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ын 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Өвөрхангай аймаг, Баянгол сум, 5 дугаар баг, Цавын-Ихэр гэдэг газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Бага дарь эх 55-1378 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн орчим иргэн Б.Тодбилэгтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгч Ц.Сийн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.С нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн орчим иргэн Б.Тодбилэгтэй маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сийн өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Хохирогчийн эмчилгээний зардалд 2,540,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйж, түүнтэй эвлэрч найзууд болсон...” гэх мэдүүлэг[1],
2.Гэрч Э.Найдансүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Хишигдэмбэрэлийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биллъяардны газарт тоглож байгаад гарч яваад найз Содномпэл, Батдорж нартай таарсан. Бид 4 “Дарь Эх” рүү явж байхад хажуугаар хоёр залуу, нэг эмэгтэйн хамт зөрөхдөө “бацаан нар” гэж хэлсэн. Гэтэл Содномпэл тэр залууд хандан бид нар банди нар биш шүү гэж хэлээд маргалдаж нэгнийгээ заамдаад байхаар нь би салгаад Тодбилэг гэх залууг найз охинд нь өгөөд, “аваад яв” гэж хэлээд салаад явж байтал нөгөө хохирогч гэх залуу араас гүйж ирээд Содномпэлтэй барьцалдаад байсан. Тэр хоёр замын хажуу талын боржур дээр хальтирч хамтдаа унасан. Тодбилэгийг унасан байхад нь Батдорж очиж зууралдаад байхад нь Хишигдэмбэрэл очиж салгасан. Би Ц.С тэр залуугаас салгаж байхад цагдаа нар ирлээ гэхэд Содномпэл, Батдорж нар зугтсан. Бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад очиход Тодбилэг гэх залуу миний эгэм хугарсан гэж хэлсэн. Содномпэлтэй хамт газар унахдаа эгэм нь хугарсан байх...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч А.Хишигдэмбэрэлийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах биллъяардны газарт тоглож байгаад С, Батдорж нартай тааралдаад Сансарын колонкийн тэнд явж байхад автобусны буудлын тэнд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хажуугаар зөрсөн. Гэтэл тэр нэг эрэгтэй нь бид нарыг “шалдан бацаанууд явж байна” гэж хэлсэн. Тухайн үед С маргалдаж эхэлсэн. С тэр залуу хоёрыг салгаад хоёр тийш аваад явж байтал нөгөө Тодбилэг гэх залуу араас ирээд С тэр хоёр дахин барилцаж аваад, хамт газар унасан. Тэр үед Батдорж тэр залуугийн хэвлий хэсэг рүү нь нэг өшиглөхөд нь би салгасан. Тэр үед цагдаа нар ойрхон байсан тул ирсэн“ гэх мэдүүлэг[3],
4.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн №13889 дугаартай актын дүгнэлт хэсэгт: “...Б.Тодбилэгийн биед тархи доргилт, зүүн эгэмний ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт[4],
5. Хохирогч Б.Тодбилэгийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 01 цаг 30 минутын орчим Дарь эхэд байдаг пабаас пиво уугаад гарсан. Тэгээд Сансарын колонкийн хойд талд явж байгаад дөрвөн хүүхэд хажуугаар өнгөрөхөд мөрлөлцөөд гарсан. Гэтэл нөгөө зөрсөн залуучууд буцаж ирээд “чи ямар том юм” гэж хэлээд унагаагаад нүүр, эгэм рүү өшиглөсөн. Миний эгэмний яс хугарсан, баруун талын нүд рүү өшиглөсөн. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг[5],
6. Шүүгдэгч Ц.С 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Тодбилэг гэдэг хүнийг газар унасан байхад урд талаас нь эгэм хэсэг болон нүүрэн хэсэгт нэг нэг удаа өшиглөсөн. Цагдаа нар ирэхэд бид нар зугтаж байгаад баригдсан” гэх мэдүүлэг[6] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Сийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ц.С нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тодбилэгийн эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардалд 2,540,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ц.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Сд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Сд анхааруулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Сийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Ц.Сд мэдэгдсүгэй.
5. Ялтан Ц.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Сд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 5 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал