Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 2020         02           14                                2020/ШЦТ/261

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

 улсын яллагч А.Ариунаа,

 хохирогч Н.Сүхтулга,       

 шүүгдэгч М.Ц,

 шүүгдэгч С.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Ж ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц. С нарт холбогдох эрүүгийн 1906 06440 0009 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц, Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, Сансарт “Мөнгөн” бааранд зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү  нарын хамт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 3 дугаар байр, 1-28 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял  шийтгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1750 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,

Х, Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн “Хэрлэн” суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, Хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Ариранг фүүдс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх  дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз-1 гудамжны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Снь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сейркил кей” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Золбоотой маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сейркил кей” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н.Сүхтулгатай маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Снь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сейркил кей” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Золбоотой маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан;

шүүгдэгч М.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сиркил кей” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н.Сүхтулгатай маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Х, М.Ц нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө би 6 найзтайгаа “Hennesey” гээд паб-д орж нэг нэг пиво уусан. Ингээд гарч караоке орж 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Дараа нь нэг газар руу орж кассан дээр юмаа бичүүлэх гэж байсан. Манай найз Хүслэнгийн найзын хажууд очиж суухад хажуунаас “бос” гэж хэлсэн гэсэн. Би касснаас очиж уучлал гуйгаад найзыгаа холдуулж суулгасан. Х манай найз Золбоог цохисон, мөн манай найз Батзоригийг цохих оролдлого хийсэн. Би Х найзыг бариад зогсож байсан. Би тухайн үед Х цээж рүү өшиглөж, нуруу руу нь цохисон. Ингээд байж байтал М.Ц, түүний найз гэнэт гарч ирсэн юм. Намайг зогсож байхад М.Ц ирээд шалтгаангүйгээр цохисон. ...Шүдний эмплант хийлгэсэн. Мөн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, рентген зураг авахуулсан. Би оюутан тул эмчилгээний зардлыг хувиасаа төлөх боломжгүй. Тиймээс эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[1],

2.Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ууганбаяр гэдэг ахтайгаа уулзсан. Ах маань тэр өдөр аав болсон юм. Бид хоёр “Бамбар” гэдэг бааранд нэг шил архи хувааж уусан. Баарнаас гараад нэлээн согтсон. Тухайн үед юу болсноо санахгүй байсан. Камерийн бичлэг үзээд хүн зодсон болохоо мэдсэн. Олон нийтийн газарт зодоон хийсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[2],

3.Шүүгдэгч С.Сшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би Алтангэрэл гэх найзтайгаа Сансрын тэнд дэлгүүрт үйлчлүүлж байхад Сүхтулга 5 найзтайгаа орж ирсэн. Ингээд маргалдаж манай найзыг Сүхтулгын найз цохихоор нь бид 2 гадаа гарсан. Гараад эд нарт зодуулсан. Дараа нь 2019 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгасан. ...Би буруугүй байхад нь тэр залуу цохисон. Харин хохирогчийн бусад найзууд нь бид 2-ыг зодсон. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд 290,000 төгрөг өгсөн. Дараа нь 350,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[3],

4. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[4],

5. Гэрч Х.Нямдаваагийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбар” бааранд Цогбаяр, Ууганбаяр нарын хамт үйлчлүүлж байсан. Бааранд ороод нэг шил архи аваад манай хоёр найз уугаад би уугаагүй сууж байсан. Баар хаахад бид гурав гараад би караокед байсан найзтайгаа уулзах гээд явсан. Би “Банана” караокед байж байгаад машинаасаа утсаа авах гээд гартал “Cirkle K” гэх газрын үүдэнд манай хоёр найз өөр үл таних хоёр залуутай барьцалдаад байж байхаар нь би очиж салгасан. Гэтэл Золбоо гэх залуу “миний нүд ийм болсон” гээд нүднээс нь цус гарсан байдалтай гарч ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд хэсэг рүү бид нарыг авч явсан. Цагдаагийн хэсэг дээр очиход бас нэг залуу нь миний шүдийг цөм цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг[5],

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №13016 дугаартай актын дүгнэлт хэсэгт: “...1. Б.Золбоогийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхины шарх, цус хуралт, хамрын нурууны цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[6],

            7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12982 дугаартай актын дүгнэлт хэсэгт: “...1.Н.Сүхтулгын биед түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний булгарал, дээд уруул язарсан шарх, хамарт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид тогтонги алданги 5 хувь аладагдуулна” гэх дүгнэлт[7], 8. Хохирогч Н.Сүхтулга, Б.Золбоо нараас гаргаж өгсаж өгсөн хохирлын баримтууд[8], 9. С.Хүслэн, М.Ц нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10. Хохирогч Б.Золбоогийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдол[10],

            11. Хохирогч Б.Золбоогийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүрэгт байрлах “Cirkle K” сүлжээ дэлгүүрт Сүхтулга, Батчулуун, Оюун-Эрдэнэ, Батзориг, Ууганбат нарын хамт үйлчлүүлэхээр орсон. Гэтэл Батчулуун,Сүхтулга нар тэнд байсан залуутай маргалдаад байхаар нь би нэг залуугийн араас нь зөөлөн гараараа хүрээд болиоч гэж хэлсэн чинь миний баруун талын нүд рүү цохисон. Тухайн үед би харааны нүдний шил зүүж байсан. Гэтэл шилтэй хамт цохиод шил хагараад, нүд хавдаж, хамар гэмтсэн. Тэр хоёр залуу гараад явах үед араас нь гарсан чинь дахин хоёр залуу дуудсан. Манай найз Сүхтулгыг цохиж шүдийг нь хугалсан байсан” гэх мэдүүлэг[11],

            12. Хохирогч Б.Золбоогийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би тархины зураг 120,000 төгрөгөөр, 20,000 төгрөгөнд эм худалдаж авсан. Нийт 200,000 төгрөг нэхэмжилж байна. Надад учирсан хохирлыг барагдуулвал надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[12],

            13. Хохирогч Н.Сүхтулгын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бид нар 6-уулаа хамт явж байсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний биед учирсан гэмтлийг дэлгүүрт маргалдсан залуучууд биш, гараад ирэхэд байсан залуучууд учруулсан байж магадгүй. Миний толгой чамархай хэсгээр өвдөж, үүдэн нэг ширхэг шүдний орчимд буйл хүндүүртэй байна. Тухайн үед миний цүнхэнд байсан “Найк” брэндийн пүүз алдсан. Тэр пүүзийг 2015 онд 259,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо пүүзээ 150,000 төгрөгөөр үнэлнэ. Нүдний шилээ 139,000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг[13],

            14. Хохирогч Н.Сүхтулгын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнө өөрийн 6 найзын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Cirkle K” дэлгүүрээр үйлчлүүлэх гэж ороод тэнд байсан хоёр хүнтэй маргалдсан. Батзориг эхлээд тэр хоёр хүний нэгийг цохисоноос болж тэнд бужигнаан болсон. Би найз Оюун-Эрдэнийг аваад гарсан. Гэтэл тэр хэд араас гарч ирэхдээ Батчулуун нэг залуугийн толгойг сугандаа хийж доошоо дарсан. Би тэр хүний бөгсөн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Золбоо цохиулсан байдалтай гарч ирсэн. Мөн Батзоригийг Хүслэн гэх залуу цохисон. Би Батзоригтой барьцалдаж байсан Хүслэн гэх залуугийн араас 2-3 удаа өшиглөөд доош харсан байхад нь дээрээс нь хоёр удаа цохисон. Бид нар зодолдохоо болиод би цаана очоод зогсож байхад хойноос хоёр залуу ирээд Батчулуун, нөгөө хүн хоёрыг жийж унагаагаад, буцаж ирээд нэг нь миний нүүрэн тус газарт цохичихоод явсан. Би цохиулаад газарт унаж босоод ирэхэд миний шүд унасан байсан. Би камерийн бичлэг үзэхэд миний цүнх онгорхой байсан бөгөөд ойр хавьд унасан зүйл байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад учирсан гэмтлийн Цогбаяр гэх хүн учруулсан. Би унасан шүдэндээ “Сонне” эмнэлэгт 3,000,000 төгрөгийн үнэ бүхий имплант шүд хийлгэсэн. “Эм жи жи” эмнэлэгт 30,000 төгрөгөөр үзүүлсэн, 39,000 төгрөгөөр хоёр удаа рентген зураг авахуулсан, зурагны хальсны мөнгө 7,000 төгрөг өгсөн. Нийт зардал 3,079,000 төгрөг болсон. Би өөрийн пүүз, нүдний шилээ хаана хаяснаа мэдэхгүй байгаа тул нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг[14],

            15. Шүүгдэгч М.Цын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд гарсан Н.Сүхтулгын биед учирсан гэмтлийг би учруулсан. Би хяналтын камерийн бичлэгийг үзээд хүн цохисноо мэдсэн. Тухайн үед согтуу байсан тул болсон зүйлийг санахгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[15],

            16. Шүүгдэгч С.Х  2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би “Ариранг фүүдс” гэдэг газар түгээгчээр ажилладаг. Сарын цалин 550,000 төгрөг. Тухайн үед Алтангэрэл бид хоёрыг Б.Золбоотой хамт байсан хүмүүс цохиж, зодоод байсан тул уурандаа зогсож байсан хэн нэгнийг цохисон. Тэр хүн нь Золбоо байсан байна” гэх мэдүүлэг[16] зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Х, М.Ц нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С.Снь хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн бөгөөд тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Харин  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цаас 3,079,000 /гурван сая далан есөн мянга/-н төгрөг гаргуулан хохирогч Н.Сүхтулга /Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар  баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 254 тоотод оршин суух, РД:ОА98010411/-д олгох нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Хүслэн, М.Ц нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Снь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Х шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч М.Цт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Х цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Х мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Цт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цаас 3,079,000 /гурван сая далан есөн мянга/-н төгрөг гаргуулан хохирогч Н.Сүхтулга /Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар  баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 254 тоотод оршин суух, РД:ОА98010411/-д олгосугай.

8.Ялтан С.Х, М.Ц нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

9.Ялтан М.Ц, С.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 28 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 54-56 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 39, 46 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 65 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал