Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

2020           02          11                                        2020/ШЦТ/138

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батсуурийн Нямбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909039670072 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6 эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, "Их тээвэр" ХХК-д жолооч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Н /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Н нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” төвийн зочид буудлын 2 номерын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас найз Ц.Хатанзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ныг согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” төвийн зочид буудлын 2 номерын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас найз Ц.Хатанзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёмбо төвийн зочид буудлын 2 номерын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас найз Ц.Хатанзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Ц.Хатанзоригийн "...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Нямка болон Батсүмбэрийн хамт орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Соёмбо" төвийн хажуу талын зочид буудал нэг өрөө авч бид хамт архи уусан юм. Тэгээд нэг шил архи уугаад сууж байтал Нямка гэнэт миний хажуу талаас нүүр лүү цохисон юм. Тэгээд нэг шил архи уугаад сууж байтал Нямка миний дээрээс өшиглөж цохиж зодчихоод буудлын өрөөнөөс тэр хоёр гараад явсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ¹12813 тоот актын “…Ц.Хатанзоригийн биед баруун нүдний зовхи, хамар, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна буланд шарх, баруун нүдний салст цус харвалт, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун эгэм, зүүн тохойд цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

яллагдагч Б.Нын "...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...манай найз Хатанзориг нь Сүмбэтэй маргалдаж хэрэлдээд эхэлсэн. Сүмбэ нь намайг гараад явъя гэж хэлээд сууж байсан газраасаа босоод ирэхээр нь би бас босож Сүмбэтэй хамт өрөөнөөс гарах гэтэл Хатанзориг нь босож ирээд Сүмбэ рүү дайрч барьж авахаар нь би Хатанзоригийг түлхэж газарт унагаагаад газраасаа босоод ирэхээр нь Хатанзоригийн нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж авчхаад нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөөд Сүмбэ намайг болиулаад Сүмбэгийн хамтаар буудлын өрөөнөөс гарч явсан юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Нт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Нт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР