Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

2020           02          13                                        2020/ШЦТ/149

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхжин,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909039511514 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 27-нд Өмнөговь аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.Н /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд хохирогч И.Номин-Эрдэнийн толгой руу пивоны шил шидэж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Лакс бааранд өөрийн найз Амарцэнгэл, Отгонсүрэн хоёртой үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай найз Отгонсүрэн намайг дуудахаар нь эргээд харсан чинь үстүүлээд цохиулаад газар хэвтэж байсан. Тэгээд би Отгонсүрэнг салгасан тэр үед хамгаалагч нар ирээд Отгонсүрэнтэй маргалдсан охидуудыг салгасан тэгээд маргалдсан охидуудын нэг нь пивоны шил Отгонсүрэн бид хоёр руу шидсэн тэгээд тухайн шил нь хамгаалагчийн толгойг оночихсон тэгээд би Отгонсүрэнтэй баарнаас гараад таксинд суух гэтэл Амарцэнгэл байхгүй байсан тэгээд эргээд баар руу очиход гадаа нь цагдаагийн машинд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-29-31/,

 

Хохирогч И.Номин-Эрдэнийн "...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Лакс” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байгаад дижэй-ний урд талд бүжиглэж байтал миний баруун гар талд Анужин гэх эмэгтэй хар цамцтай эмэгтэйтэй маргалдаад зууралдчихсан байсан. Тэгэхэд тэр 2 эмэгтэйг хамгаалагч нар салгасан бөгөөд би эргээд бүжгийн талбай руу явж байхад араас цохих шиг болсон. Тэгсэн хүмүүс "цус гараад байна" гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь үл таних эмэгтэйчүүд зогсож байсан бөгөөд миний толгойноос цус гарсан. Тэгээд гадаа гараад цагдаад дуудлага өгсөн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй ба ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Гэрч Н.Мөнхдаваагийн “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Лакс бааранд хамгаалагчийн ажил хийж байтал дижей-ний тэйкний урд хэсэгт хэдэн эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би тухайн эмэгтэйчүүд дээр очоод арай ахимаг настай гэмээр 2 эмэгтэйг холдуулаад байж байтал миний хажуугаар пивоны шил өнгөрсөн. Тэр пивоны шил нь бааранд байсан ягаан цамцтай эрэгтэй хүний толгойг оночихсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9491 тоот актын “…И.Номин-Эрдэнийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо эрмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй …” гэсэн дүгнэлт /хх-17/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-38-39/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд хохирогч И.Номин-Эрдэнийн толгой руу пивоны шил шидэж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч И.Номин-Эрдэнэ, гэрч Н.Мөнхдаваа нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №9491 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Нын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Нын хохирогч И.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Нын дээрх үйлдлийн улмаас хохирогч И.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Нын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

          5.Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР